Эхлэл 42

42
Иосефын ах нар Египет явав
1Энэ үед Египетэд үр тариа байгааг Иаков мэдээд, хөвгүүддээ хандаж
—Та нар яагаад бие биенээ хараад суугаад байгаа юм бэ? гэж хэлэв. 2Иаков бас
—Харагтун, Египетэд үр тариа байна гэж би сонслоо. Та нар тийшээ явж, тэндээс бидэнд үр тариа худалдаж ав! Тэгвэл бид үхэхгүй амьд үлдэнэ гэв.#Үйл 7:12 3Тэгээд Иосефын арван ах нь Египетээс үр тариа худалдаж авахаар явав. 4Харин Иосефын дүү Бениаминыг Иаков “Түүнд гай тохиолдох вий” гээд ах нартай нь хамт явуулсангүй. 5Канаан нутагт ган зуд болсон учир үр тариа худалдаж авахаар ирэгсдийн дунд Израилийн хөвгүүд ч байжээ.
6Иосеф тэр нутгийн эрх мэдэлтэн нь бөгөөд нутгийнхаа бүх ард түмэнд үр тариа худалдаж байлаа. Иосефын ах нар тэнд хүрч ирээд, түүний өмнө сөгдөн, нүүрээ газарт хүргэж мөргөцгөөв. 7Иосеф ах нараа хармагц тэднийг танив. Гэвч тэрээр таньдаггүй хүн шиг
—Та нар хаанаас ирэв? гэж ширүүн дуугаар хэлсэнд тэд
—Бид үр тариа худалдаж авахаар Канаан нутгаас ирцгээлээ гэв. 8Иосеф ах нараа таньсан боловч тэд түүнийг таньсангүй. 9Тэгтэл Иосеф тэдний тухай зүүдэлсэн зүүдээ санаж
—Та нар бол туршуулууд. Та нар манай эндээс дэл сул газар хайхаар ирсэн байна гэж тэдэнд хэлэв.#Эх 37:5–10 10Тэд харин түүнд
—Үгүй, эзэн минь! Таны зарц бид хоол хүнс худалдан авахаар л ирцгээлээ. 11Бид бүгд нэг хүний хөвгүүд. Бид үнэнч шударга улс. Таны зарц нар бид туршуул биш гэсэнд 12Иосеф харин тэдэнд
—Үгүй. Та нар дэл сул газар хайж ирсэн байна гэж хэлэв. 13Тэгтэл тэд
—Таны зарц бид бол Канаан нутгийн нэг хүний хөвгүүд бөгөөд ах дүү арван хоёулаа, үзэгтүн, отгон дүү маань аавтайгаа хамт байгаа. Нөгөө нэг нь алга болсон гэв. 14Иосеф харин тэдэнд
—Миний хэлснээр та нар туршуулууд мөн. 15Та нарыг ийм нэг зүйлээр шалгаж үзье. Фараон амьд! Та нарын отгон дүү энд ирэхгүй бол та нар эндээс явж чадахгүй! 16Та нар нэгийгээ илгээж, дүүгээ авчруул. Харин та нар энд хоригдох болно. Та нарын үгийг шалгаж, үнэнч эсэхийг чинь үзнэ. Фараон амьд! Хэрэв тийм биш байвал та нар туршуул мөн гэв. 17Тэгээд Иосеф тэднийг хамтад нь гурван хоног хорионд байлгав.
18Гурав дахь өдөр нь Иосеф тэдэнд
—Би Бурханаас эмээдэг тул та нар ийм нэг юм хийгээд амиа аварцгаа. 19Хэрэв та нар үнэнч шударга хүмүүс бол ах дүү нараасаа нэгийг хорионыхоо байранд үлдээгээд, бусад нь харин явж, өлсгөлөнд нэрвэгдсэн гэр орондоо үр тариа хүргэж өг! 20Тэгээд отгон дүүгээ над дээр аваад ир. Тэгвэл та нарын үг үнэн болж, та нар үхэхгүй болно гэв. Тэгээд тэд тэр ёсоор үйлджээ.
21Тэд
—Бид дүүгийнхээ явдлаас болж ялтан болцгоолоо. Биднээс энэрлийг гуйсан түүний сэтгэлийн зовлон шаналлыг нь бид харсан ч сонсоогүй тул тэр зовлон бидэнд ирж байна хэмээн өөр хоорондоо ярьцгаав. 22Реубен бусдадаа
—Тэр хөвгүүнд битгий нүгэл үйлд гэж би та нарт хэлээгүй юү? Гэвч та нар сонсоогүй. Харагтун, одоо түүний цус нэхэгдэж байна гэж хэлжээ.#Эх 37:21–22 23Тэд өөр хоорондоо хэлмэрчээр дамжуулан ярилцаж байсан учир Иосеф тэр үгийг нь ойлгосныг тэд мэдсэнгүй. 24Иосеф тэднийг орхин гарч, уйлав. Дараа нь тэрээр тэдэн дээр эргэж ирээд, тэдэнтэй ярилцав. Иосеф тэдний дундаас Симеоныг барьж, тэдний нүдний өмнө хүлж орхив. 25Иосеф тэдний шуудайд үр тариа дүүргэж, хүн бүрийн өгсөн мөнгийг уутанд нь буцааж хийлгэн, тэдэнд замын хүнс өгөхийг тушаажээ. Түүнийг нь ёсоор болгов.
Иосефын ах нар буцав
26Тэгээд тэд үр тариагаа илжгэндээ ачаад, тэндээс хөдөлцгөөв. 27Нэг нь буудалласан газартаа илжгэндээ тэжээл өгөхөөр уутныхаа амыг нээтэл уутных нь аман дээр өөрийнх нь мөнгө байхыг хараад 28ах дүү нартаа хандаж
—Миний мөнгийг буцааж өгсөн байна. Хараач! Миний уутанд байна гэв. Тэгтэл тэдний зүрх палхийн тэд бие биенээ дагжин харж
—Бурхан бидэнд юу хийх нь энэ вэ? гэцгээв.
29Тэд Канаан нутагт буцаж, эцэг Иаковындаа хүрч ирээд, өөрсдөдөө учирсан бүхнийг илтгэн
30Тэр нутгийн эзэн хүн бидэнд ширүүн хандаж, биднийг газар орны туршуул гэж хардсанд 31бид түүнд хандан “Бид бол үнэнч шударга хүмүүс. Бид туршуул биш. 32Бид эцгийнхээ хөвгүүд, ах дүүс арван хоёулаа. Нэг нь алга болсон, отгон дүү маань өнөөдөр Канаан нутагт аавтайгаа хамт байгаа” гэсэнд, 33харин тэр нутгийн эзэн хүн бидэнд “Та нарын үнэнч шударга гэдгийг би ингэж мэдье. Та нар ах дүү нараасаа нэгийг нь надтай орхиж, өлсгөлөнд нэрвэгдсэн гэр орондоо тариа аваад явцгаа. 34Харин отгон дүүгээ надад авчир. Тэгвэл би та нарыг туршуул биш, үнэнч шударга гэдгийг чинь мэдье! Ахыг чинь та нарт буцааж өгнө. Бас та нар энэ газар худалдаа наймаа хийж болно” гэж хэлэв.
35Тэгээд тэднийг уутуудаа суллахад, харагтун, хүн бүрийн боодолтой мөнгө нь уутан дотроо байлаа. Тэд бас эцэг нь ч боодолтой мөнгөө хараад, бүгд айцгаажээ. 36Харин эцэг Иаков нь тэдэнд
—Та нар намайг хүүхдүүдээс минь хагацуулж байна. Иосеф алга болсон, одоо Симеон ч алга боллоо. Одоо бас та нар Бениаминыг авах гэж байна. Энэ бүхэн чинь надад дэндэж байна! гэв. 37Тэгтэл Реубен эцэгтээ
—Хэрэв би түүнийг танд буцааж авчрахгүй бол та миний хоёр хүүг алаарай. Түүнийг миний гарт даатгачих, би түүнийг танд буцааж авчирна гэсэнд 38Иаков
—Миний хүү та нартай хамт явахгүй. Ах нь нэгэнт үхэж, тэр ганцаараа үлдсэн. Хэрэв та нартай хамт явах замд түүнд гай зовлон учирвал та нар буурал толгойг минь Үхэгсдийн орон уруу уй гашуудалтайгаар явуулах болно гэв.

Одоогоор Сонгогдсон:

Эхлэл 42: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү