Исаиа 5

5
Үр жимсгүй усан үзмийн тариалан
1Би одоо хайртдаа зориулж,
Усан үзмийн талбайнх нь тухай
Хайртынхаа дууг дуулъя.
Хайрт минь маш үржил шимтэй гүвээн дээр
Усан үзмийн талбайтай байлаа.#Мт 21:33; Мк 12:1; Лк 20:9
2Тэр эргэн тойрныг нь малтаж, чулуунуудыг нь зайлуулаад,
Шилмэл усан үзмийг суулгаж,
Талбайн голд цамхаг босгоод,
Дотор нь дарс шахуурга суулгаж гэнэ.
Тэр тэгээд сайхан усан үзэм гарна гэж хүлээж байтал зэрлэг жимс ургажээ.
3“Одоо тэгэхээр Иерусалимын оршин суугчид,
Иудагийн эрчүүд ээ!
Усан үзмийн минь талбай бидэн хоёрын хоорондохыг шүүгтүн!
4Усан үзмийн талбайдаа миний хийгээгүй
Өөр юуг би хийх ёстой байсан юм бэ?
Сайн усан үзэм гарна гэж би хүлээж байхад
Яагаад зэрлэг жимс гарсан бэ?
5Одоо би усан үзмийнхээ талбайд юу хийх гэж байгаагаа
Та нарт өгүүлье.
Би хайс шивээг нь авч хаяад, шатаана.
Би ханыг нь нурааж талхлагдсан газар болгоно.
6Би талбайг эзгүйрүүлэн хаяад,
Тайрч арчлахгүй, зээтүүдэхгүй.
Харин сундуу бут, өргөст бут ургана.
Түүн дээр бороо бүү оруул гэж
Би үүлэнд тушаана”.
7Яагаад гэвэл түг түмдийн ЭЗЭНий усан үзмийн талбай нь
Израилийн гэр,
Таалан соёрхдог ургамал нь
Иудагийн эрчүүд юм.
Тэр шударга үнэнийг эрсэн боловч цус урсгахыг үзжээ.
Зөвийг эрсэн боловч зовлонт дууг сонсжээ.
Нийгмийн шударга бусыг буруутгах нь
8Ямар ч зайгүй болтол нь байшин дээр байшин нэмж,
Талбайг талбайтай нь нийлүүлэгчид хөөрхий еэ!
Та нар газрын дунд ганцаараа амьдрах гэж ингэжээ.
9Чихэнд минь түг түмдийн ЭЗЭН
“Үнэхээр, олон байшингууд хоосорч,
Том сайхан нь хүртэл эзэнгүй болно.
10Усан үзмийн арван акр газар нэг бат дарс гаргаж,
Нэг омер үр нь нэг ефа тариа ургуулна” гэж тангараглав.
11Сархдад согтуурахаар хойноос нь хөөцөлдөн өглөө эрт босож,
Дарсанд цохиултлаа үдэш орой болтол байгчид хөөрхий еэ!
12Тэдний найр нь лир, босоо ятга, хэнгэрэг, лимбэ, дарсаар хөгжинө.
Гэвч тэд ЭЗЭНий үйлсийг үл анхаарч,
Мутрынх нь ажлыг ч тунгааж эс бодно.
13Ард түмэнд минь мэдлэг дутсанаас болж тэд цөлөгдөн
Хүндэт хүмүүс нь өлсөж,
Олон түмэн нь цангаж зовно.
14Тиймээс Үхэгсдийн орон хоолойгоо өргөсгөн
Амаа хязгааргүй ангайлгав.
Иерусалимын сүр жавхлан, олон түмэн, дуу чимээ нь,
Хөгжил, баясал тийшээ бууна.
15Хүн номхтгогдож, хүн басамжлагдана.
Бардам хүний нүд ч басамжлагдана.
16Гэвч түг түмдийн ЭЗЭН шүүхээр өргөмжлөгдөж,
Ариун Бурхан үнэн зөв дор ариунаа үзүүлнэ.
17Хурганууд өөрийн бэлчээрт байгаа шиг идээшилж,
Баячуудын орхисон газарт харийнхан хооллоно.
18Худал хуурмагийн аргамжаар хилэнцийг авчирч,
Тэрэгний татлагаар нүглийг татагчид хөөрхий еэ.
19“Тэр түргэн хийж,
Ажил юугаа яаравчлаг.
Бид үзмээр байна.
Израилийн Ариун Нэгэний зорилго ойртон өнгөрөх болтугай.
Бид мэдмээр байна” гэж өгүүлэгчид
20Мууг сайн, сайныг муу гэж нэрлэгчид,
Харанхуйг гэрэл, гэрлийг харанхуйгаар солигчид,
Гашууныг амттай, амттайг гашуунаар орлуулагчид хөөрхий еэ!
21Өөрийнхөө нүдэнд мэргэн болж,
Бодолдоо ухаалаг байгчид хөөрхий еэ!
22Дарс уухдаа баатар,
Сархад найруулахдаа зоригтой байгчид хөөрхий еэ!
23Хахуулиас болж буруутыг зөвтгөж,
Шударга хүмүүсээс эрхийг нь хагацаагчид хөөрхий еэ!
Харийн түрэмгийлэл ирнэ
24Тиймээс галын хэл сүрлийг түймэрдэн
Галын дөлд хуурай өвс хуйхлагдахын адил,
Үндэс нь өмхөрсөн мэт болж,
Цэцэг нь тоос шиг хийснэ.
Учир нь тэд түг түмдийн ЭЗЭНий хуулийг үл тоомсорлон,
Израилийн Ариун Нэгэний үгийг үл тоомсорлосон.
25Үүний улмаас ЭЗЭНий уур хилэн ард түмнийхээ эсрэг шатаж,
Тэдний эсрэг мутраа сунгаж,
Тэднийг цохиж унагав.
Уулс доргиж, гудамжнуудын голд тэдний цогцос
Хог мэт хөглөрнө.
Ингэлээ гээд уур хилэн нь эс эргэв
Мутар юугаа Тэр сунгасан хэвээр байна.
26Тэр бас алс холын үндэстэн уруу туг өргөж,
Газрын мухраас тэдэн уруу исгэрнэ.
Харагтун, тэд үтэр түргэн ирнэ.
27Дотроос нь хэн ч ядарч бүдрэхгүй,
Нэг ч хүн дугхийхгүй, унтахгүй.
Бүсэлхий дэх бүснүүд нь ч тайлагдахгүй.
Нэг ч хүний гутлын үдээс тасрахгүй.
28Сум нь хурц,
Нум нь хөвчилсөн,
Морьдын туурай нь цахиур мэт,
Тэрэгний мөөр нь хуй салхи мэт ажээ.
29Тэдний хүрхрэх нь эрслэн мэт ажээ.
Тэд залуу арслангууд шиг архирч,
Олзоо шүүрэн авахдаа архирнам.
Тэд олзоо аваад явахад,
Түүнийг нь хэн ч чөлөөлөхгүй.
30Тэр өдөр далайн түрхрэлт мэт
Тэд ард түмэн уруу хүрхэрнэ.
Хэрэв нэгэн хүн газар уруу харвал
Тэнд харанхуй, уй гашуу ба гэрэл нь хүртэл
Үүлээр харанхуйлагдсан нь үзэгдэнэ.

Одоогоор Сонгогдсон:

Исаиа 5: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү