Шүүгчид 11

11
Иефта
1Гилеад хүн Иефта нь эрэлхэг хүчит дайчин боловч янхны хөвгүүн байв. Гилеад, Иефтагийн эцэг байжээ. 2Гилеадын эхнэр ч түүнд хөвгүүдийг төрүүлэв. Тэр эхнэрийн хөвгүүд өсөж өндийгөөд Иефтаг хөөж, түүнд
—Чи өөр эмийн хөвгүүн тул бидний эцгийн гэр чамд юу ч өвлүүлэхгүй гэв. 3Ийнхүү Иефта өөрийн ах дүүсээс дайжин зугтаж Тобын нутагт амьдрах болжээ. Үл бүтэх хүмүүс Иефта уруу цуглаж түүний хамт явав. 4Хэсэг хугацааны дараа Аммоны хөвгүүд Израилийн эсрэг дайтлаа. 5Аммоны хөвгүүд Израилийн эсрэг тулалдахад Гилеадын ахмадууд Иефтаг Тобын нутгаас авчрахаар явжээ. 6Тэд Иефтад
—Ирж, биднийг Аммоны хөвгүүдийн эсрэг тулалдахад бидний жанжин бологтун гэж ятган хэлсэнд 7Иефта Гилеадын ахмадуудад
—Намайг үзэн ядаж, эцгийн минь гэрээс хөөж гаргасан улс та нар биш бил үү? Одоо зовлонд орохоороо та нар яагаад над уруу ирэх болов? гэв. 8Гилеадын ахмадууд Иефтад
—Чи бидэнтэй явж Аммоны хөвгүүдтэй тулалдвал Гилеадын бүх оршин суугчдын тэргүүн болно шүү дээ. Иймээс л бид чам уруу ирлээ гэв. 9Тэр Гилеадын ахмадуудаас
—Хэрэв та нар намайг Аммоны хөвгүүдтэй тулалдуулахын тулд буцаан авч, ЭЗЭН тэднийг миний гарт өгвөл би үнэхээр та нарын тэргүүн болох уу? гэж асуусанд 10Гилеадын ахмадууд Иефтад
—Бид чиний хэлснийг эс үйлдвэл ЭЗЭН бидний хооронд гэрч болог гэв. 11Тэгээд Иефта Гилеадын ахмадуудын хамт явж, ард олон түүнийг өөрсдийн тэргүүн бөгөөд жанжин болгов. Иефта Мизпад өөрийн хамаг үгийг ЭЗЭНий өмнө хэлэв. 12Иефта Аммоны хөвгүүдийн хаанд элч нарыг илгээж
—Миний газар нутгийн эсрэг дайтахаар миний эсрэг ирэх юу чи бид хоёрын дунд болсон юм бэ? гэж хэлүүлсэнд 13Аммоны хөвгүүдийн хаан Иефтагийн элч нарт хариулж
—Израиль Египетээс гарч ирэхдээ Арнонаас Иаббок хүртэлх мөн Иорданыг хүртэлх миний нутгийг авсан билээ. Тиймээс одоо эдгээр газар нутгийг энх тайвнаар буцааж өг гэжээ. 14Иефта Аммоны хөвгүүдийн хаанд дахин элч нарыг илгээж, 15түүнд Иефта ийнхүү хэлүүлжээ. “Моабын газрыг ч, Аммоны хөвгүүдийн нутгийг ч Израиль аваагүй. 16Харин Израиль Египетээс гарч, Улаан тэнгис хүртэл цөлийг туулан явж Кадешт ирэхдээ 17Едомын хаанд элч нар илгээн «Биднийг өөрийнхөө газраар нэвтрүүлээч гэж гуйж байна» гэсэн боловч Едомын хаан сонсоогүй. Тэд түүнчлэн Моабын хаанд элч нарыг илгээсэн боловч тэр ч бас зөвшөөрөөгүй. Ингээд Израиль Кадешт үлдсэн юм.#Тоо 20:14–21 18Дараа нь тэд цөлийг туулан Едом болон Моабын газрыг тойрч Моабын нутгийн зүүн талаас нь ирж, Арноны цаана буудаллав. Гэвч Арнон нь Моабын хил тул тэд Моабын газар нутагт орсонгүй.#Тоо 21:4 19Израиль бээр Хешбоны хаан, аморичуудын хаан Сихонд элч нарыг илгээн «Биднийг газар нутгаараа дамжин өнгөрүүлнэ үү? Өөрсдийн газарт очих гэсэн юм» хэмээн хэлүүлсэн боловч,#Тоо 21:21–24 20Сихон Израильд үл итгэн өөрийн газар нутгаар өнгөрүүлэлгүй бүр бүх ард түмнээ цуглуулж Иахазад хуарагнан Израилийн эсрэг тулалдсан юм. 21Тэгэхэд Израилийн Бурхан ЭЗЭН, Сихон болон түүний бүх ард түмнийг Израилийн гарт тушаан өгсөнд Израиль тэднийг цохив. Ингэж л Израиль тэндхийн уугуул оршин суугчид болох аморичуудын бүх нутгийг эзэмшилдээ авсан билээ. 22Ийнхүү тэд Арнонаас Иаббокийг хүртэлх мөн цөлөөс Иорданыг хүртэлх аморичуудын бүх нутаг дэвсгэрийг эзэмшсэн юм. 23Израилийн Бурхан ЭЗЭН Өөрийн ард түмэн болох Израильд аморичуудыг хөөн зайлуулж өгсөн атал одоо чи биднийг зайлуулна гэж үү? 24Чиний бурхан Хемош чамд хэнийг зайлуулж өгнө түүнийг нь л чи эзэмшдэг бус уу? Тиймээс бидний Бурхан ЭЗЭН бидний өмнөөс хэнийг хөөн зайлуулна тэдний нутгийг бид эзэмших болно. 25Чи Зиппорын хөвгүүн Моабын хаан Балакаас илүү юү? Балак Израильтай тэмцсэн юмуу тэдэнтэй дайн өдөөсөн удаа байна уу?#Тоо 22:1–6 26Израилийг Хешбон ба түүний харьяа суурин, Ароер ба түүний харьяа гацаа болон Арнон голын эргийн дагуух бүх хотуудад гурван зуун жилийн турш оршин суух хугацаанд яагаад үүнийгээ та нар израильчуудаас буцааж аваагүй юм бэ? 27Би чиний эсрэг нүгэл үйлдээгүй. Миний эсрэг дайн өдөөснөөрөө чи надад буруу зүйл хийж байна. Шүүгч болох ЭЗЭН өнөөдөр Израилийн хөвгүүд болон Аммоны хөвгүүдийн хоорондохыг шүүх болтугай” гэж хэлүүлжээ.
28Харин өөрт нь илгээсэн Иефтагийн үгийг Аммоны хөвгүүдийн хаан сонссонгүй.
Иефтагийн андгай
29ЭЗЭНий Сүнс Иефта дээр байсанд тэрээр Гилеад болон Манассегаар өнгөрч гараад, Гилеадын Мизпагаар дайран Гилеадын Мизпагаас цааш Аммоны хөвгүүд уруу хөдлөв. 30Иефта, ЭЗЭНд андгайлан
—Хэрэв Та Аммоны хөвгүүдийг үнэхээр миний гарт өгвөл 31Аммоны хөвгүүдээс намайг амар мэнд буцаж ирэх үед гэрийн минь хаалгаар угтан гарч ирэх хэн ч бай тэр ЭЗЭНийх байг. Түүнийг би шатаалт тахил болгон өргөнө гэж хэлэв. 32Ингээд Иефта Аммоны хөвгүүдтэй тулалдахаар гол гатлав. ЭЗЭН тэднийг Иефтагийн гарт тушаалаа. 33Иефта тэднийг Ароераас Миннит хүртэл цохиж хорин хот бас Абел-керамимын чанадад хүртэл довтлон маш том ялагдал хүлээлгэв. Ийнхүү Аммоны хөвгүүд Израилийн хөвгүүдийн өмнө бөхийв.
Иефтагийн охин
34Иефта Мизпа дахь гэртээ ирэхэд, харагтун, охин нь хэнгэрэг дуугарган бүжиглэсээр түүнийг угтан гарч ирэх нь тэр. Иефтад түүнээс өөр хөвгүүн ч, охин ч байхгүй, тэр түүний цорын ганц охин нь байсан ажээ. 35Иефта охиноо хармагц хувцсаа урж тастан
—А-яа, охин минь! Надад чи асар их гаслан авчирлаа. Шаналлын минь учиг чи болов. Учир нь би ЭЗЭНд том ам өгсөн агаад буцах газар надад үгүй гэлээ.#Тоо 30:2 36Охин эцэгтээ
—Эцэг минь, та ЭЗЭНд том ам өгсөн. Таны дайсан Аммоны хөвгүүдээс таны өшөөг ЭЗЭН нэгэнт авч өгсөн тул амласныхаа дагуу надад үйлдэгтүн! гэжээ. 37Тэр эцэгтээ хандан
—Надад нэгэн зүйлийг зөвшөөрөөч. Би найз охидынхоо хамт уулаар хэрэн хэсэж охин онгоныхоо учир уйлан гашуудах хоёр сарын хугацааг надад өгнө үү? гэсэнд 38Иефта
—Явагтун гээд охиноо хоёр сар явуулсанд охин нь найз охидынхоо хамт уулаар өгсөн явж, охин онгоныхоо учир уйлан гашуудав. 39Хоёр сар болсны эцэст охин эцэгтээ буцаж ирэв. Эцэг нь өгсөн өчгийнхөө дагуу түүгээр ам өчгөө биелүүлэв. Тэр охин эр хүнтэй энгэр зөрүүлж үзээгүй байв. Үүнээс уламжлан Израильд нэгэн заншил бий болжээ. 40Израилийн охид гилеад хүн Иефтагийн охиныг дурсан жил бүр дөрвөн өдөр явж гашууддаг болсон юм.

Одоогоор Сонгогдсон:

Шүүгчид 11: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү