Шүүгчид 2

2
Дуулгаваргүй израильчууд
1ЭЗЭНий тэнгэрэлч Гилгалаас Бохимд ирж
—Би та нарыг Египетээс гарган, өвөг дээдэст чинь тангарагласан тэр газарт дагуулж ирээд хэлэхдээ “Би та нартай байгуулсан гэрээгээ үүрд үл цуцална. 2Харин та нар энэ нутгийн оршин суугчидтай гэрээ байгуулж болохгүй. Та нар тэдний тахилын ширээг эвдэн нураа” гэсэн боловч та нар Намайг дагасангүй. Та нар юу хийчих нь энэ вэ?#Гэт 34:12–13; Дх 7:2–5 3Тиймээс Би “Би тэднийг та нарын өмнөөс хөөхгүй, харин тэд сундуу#2:3 сундуу: Зүү мэт өргөстэй нэгэн зүйл мод. мэт#2:3 ЭЗО-д дайсан мэт хажуугаас чинь хатгаж, тэдний бурхад та нарт урхи болно” гэж айлдлаа гэв. 4ЭЗЭНий тэнгэрэлч эдгээр үгсийг Израилийн бүх хөвгүүдэд хэлэхэд ард олон дуугаа өндөрсгөн уйлалдав. 5Тиймээс тэд тэр газарт Бохим#2:5 Бохим: евр. “уйлагсад” гэсэн утгатай. гэдэг нэр өгөөд тэнд ЭЗЭНд тахил өргөжээ.
Иошуа өөд болсон нь
6Иошуа ард олныг тараахад Израилийн хөвгүүд тус тусын өвлөн авах газраа эзэмшихээр явцгаав. 7Иошуаг амьд сэрүүн байхад ард олон ЭЗЭНд үйлчлэв. Мөн Израильд үйлдсэн ЭЗЭНий бүх аугаа үйлсийг харсан ба Иошуагаас урт насалсан ахмадуудыг амьд сэрүүн үед ч гэсэн ард олон ЭЗЭНд үйлчлэв. 8ЭЗЭНий зарц, Нуны хүү Иошуа зуун арван насандаа өөд болов. 9Хүмүүс түүнийг Гааш уулын хойно байдаг Ефраимын уулархаг нутаг дахь түүний өвлөн авсан хот Тимнат-хересд оршуулав.#Иош 19:49–50 10Тэр үеийн хүмүүс бүгд эцэг өвгөдтэйгөө нэгдэхэд, ЭЗЭНийг ч мэдэхгүй, Израилийн төлөө үйлдсэн Түүний үйлсийг ч мэдэхгүй өөр залуу үеийнхэн төрөн гарчээ.
Израильчууд итгэл эвдэв
11Израилийн хөвгүүд Баалд үйлчлэн ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэв. 12Египетийн нутгаас өөрсдийг нь гарган авчирсан эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг тэд орхиж, тэдний эргэн тойронд байгаа ард түмний бурхдыг даган тэдэнд мөргөж ЭЗЭНийг хилэгнүүлэв. 13Ийнхүү тэд ЭЗЭНийг орхиж, Баал болон Ашторэтэд үйлчилжээ. 14ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг тонох тонуулчдын гарт өгөв. Тэднийг дайснуудынхаа өмнө зогсож чадахаа больтол нь тойронд байгаа дайснуудынх нь гарт тэднийг тушаав. 15ЭЗЭНий айлдаж, тэдэнд тангарагласны дагуу тэд хаашаа ч явсан ЭЗЭНий мутар тэдэнд гамшгийг авчирсан бөгөөд тэд маш ихээр дарлагдав. 16Тэгээд ЭЗЭН шүүгчдийг босгосноор тэднийг тонуулчдын гараас аврав. 17Гэсэн ч тэд шүүгчдээ бас л сонсолгүй, өөр бурхдын араас даган завхайрлыг үйлдэж тэдэнд мөргөв. ЭЗЭНий тушаалыг дагаж явсан эцэг өвгөдийнхөө замаас тэд даруй гажиж эргэв. Тэд эцэг өвгөдийнхөө адил үйлдсэнгүй. 18ЭЗЭН тэдэнд шүүгчдийг босгохдоо тэр шүүгчтэй Өөрөө хамт байж, шүүгчийн амьд байх өдрүүдэд дайснуудынх нь гараас тэднийг аврав. Учир нь тэднийг дарангуйлан зовоогчдоос болж ёолоход нь ЭЗЭН тэднийг өрөвджээ. 19Гэвч шүүгчийг нас эцэслэсний хойно тэд эргэн буцаж, өөр бурхдыг даган тэдэнд мөргөснөөрөө эцэг өвгөдөөсөө улам илүү бузрыг үйлддэг байв. Тэд өөрсдийн бузар үйлс, зөрүүд явдлаа орхисонгүй. 20Тиймээс ЭЗЭНий хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр айлдахдаа
—Энэ үндэстэн тэдний өвөг эцгүүдэд Миний тушаасан Миний гэрээг зөрчиж, Миний дуу хоолойд дуулгаваргүй хандлаа. 21Тиймд Иошуа өөд болохдоо үлдээсэн улс үндэстний нэгийг нь ч Би цаашид тэдний өмнөөс хөөж зайлуулахгүй. 22Эцэг өвгөдийнхөө адил ЭЗЭНий замаар замнах нь уу, үгүй юү хэмээн Израилийн ард түмнийг шалган сорихын тулд Би ингэх болно гэв. 23Иймд ЭЗЭН тэдгээр үндэстнийг дав дээр хөөлгүй үлдээсэн ба Тэр тэднийг Иошуагийн гарт тушаагаагүй билээ.

Одоогоор Сонгогдсон:

Шүүгчид 2: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү