Иеремиа 42:1-12

Иеремиа 42:1-12 АБ2013

Дараа нь цэргийн бүх дарга нар, Кареагийн хүү Иоханан, Хошаиагийн хүү Азариа ба их, бага бүх хүн ойртон ирээд, эш үзүүлэгч Иеремиад —Бидний гуйлтыг өмнөө авч, бидний төлөө буюу энэ бүх үлдэгсдийн төлөө Бурхан ЭЗЭНдээ залбираач. Таны нүд биднийг харж байгаачлан бид олон хүмүүнээс цөөхүүлээ үлдлээ. Таны Бурхан ЭЗЭН алхах замыг маань болон хийх зүйлийг маань бидэнд мэдүүлж өгөх болтугай гэж хэлэв. Тэгэхэд эш үзүүлэгч Иеремиа тэдэнд —Би сонслоо. Үзэгтүн, би та нарын хэлсний дагуу Бурхан ЭЗЭНд чинь залбирах гэж байна. Та нарт ЭЗЭНий хариулах бүхий л үгсийг би та нарт хэлнэ. Би та нараас нэг ч үг нуухгүй гэв. Тэд Иеремиад —Таны Бурхан ЭЗЭНээс танаар дамжин бидэнд илгээх бүхий л үгсийн дагуу бид үйлдэхгүй бол бидний эсрэг ЭЗЭН үнэн итгэлтэй гэрч байг. Таныг Түүнд илгээж буй бид бүхэн Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг сайн ч бай муу ч бай дагах болно. Энэ нь Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг дагаж, сайн сайхан нь бидэнд байхын тулд юм гэжээ. Арван өдрийн эцэст ЭЗЭНий үг Иеремиад ирэв. Тэгээд тэрээр Кареагийн хүү Иоханан, түүнтэй хамт буй цэргийн бүх дарга нарыг их, бага бүх хүний хамт дуудаж, тэдэнд —Гуйлтаа өмнө нь тавихын тулд та нарын намайг илгээсэн Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нар энэ нутагт эргээд амьдрах аваас, Би та нарыг нураах бус босгох бөгөөд та нарыг тастаж сугалах биш, тарьж суулгах болно. Та нарт учруулсан гай гамшгийн талаар Би харамсаж байна. Өөрсдийн айж байгаа Вавилоны хаанаас бүү ай. Түүнээс бүү ай” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Та нарыг түүний гараас аварч, чөлөөлөхийн тулд Би та нартай хамт байна. Тэр та нарт өршөөл үзүүлж, та нарыг хөрсөнд чинь сэргээхийн тулд Би та нарт өршөөл үзүүлнэ.