Леви 26:1-13

Леви 26:1-13 АБ2013

Та нар бөхийн мөргөх гэж шүтээн ба сийлмэл хөрөг бүү хий, чулуун багана ч бүү босго, нутагтаа хэлбэрт чулуу ч бүү байрлуул. Учир нь Би ЭЗЭН, та нарын Бурхан. Та нар Миний Амралтын өдрүүдийг сахиж, ариун газрыг минь хүндэтгэ. Би ЭЗЭН. Хэрэв та нар зарлигуудаар минь явж, тушаалуудыг минь сахин эдгээрийг биелүүлэх аваас Би та нарт бороо хурыг цагт нь өгөх бөгөөд газар үр шимээ, талын модод жимсээ гаргана. Тариа цайруулалт чинь усан үзмийн хураалт хүртэл мөн усан үзмийн хураалт чинь тариалалтын цаг хүртэл үргэлжлэх болно. Та нар хүнсээ цадтал идэж, нутаг дээрээ аюулгүй амьдарна. Би нутагт чинь амар тайвныг соёрхож, та нар хэвтэх бөгөөд хэн ч та нарыг цочирдуулахгүй. Би мөн аюулт араатнуудыг нутгаас чинь хөөн зайлуулах бөгөөд нутгаар чинь илд дайран өнгөрөхгүй. Харин та нар дайснаа элдэн хөөж тэд та нарын өмнө илдэнд унан, таван хүн чинь зууг элдэн хөөх ба зуун хүн чинь арван мянгыг элдэн хөөх бөгөөд дайснууд чинь та нарын өмнө илдэнд унах болно. Учир нь Би та нарын зүг нүүрээ харуулж, та нарыг үржүүлж, олшруулна. Би та нартай байгуулсан гэрээгээ батжуулах болно. Та нар хуучин нөөцөө идэж, шинийг оруулахын тулд хуучныг зайчилна. Би та нарын дунд орших газраа барьж, Миний сэтгэл та нарыг үл жигшинэ. Би та нарын дунд алхаж, Би та нарын Бурхан болно. Та нар Миний ард түмэн болно. Та нарыг Египет нутагт боол байлгахгүйн тулд тэндээс та нарыг гарган авчирсан Би ЭЗЭН, та нарын Бурхан. Би буулгыг чинь эвдэж, та нарыг цэх алхуулсан юм.