Лук 20:1-47
Лук 20:1-47 АБ2013
Тэрхүү өдрүүдийн нэгэнд Есүс сүм дотор хүмүүст сургаалаа зааж сайнмэдээ дэлгэрүүлж байхад нь ахлах тахилч нар, хуулийн багш нар ахлагчдын хамт Түүн дээр ирж, Түүнд —Та ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэж байгаагаа бидэнд хэл. Хэн Танд энэ эрх мэдлийг өгөв? гэсэнд Тэр хариуд нь —Би мөн та нараас нэг зүйл асууя. Надад хэл. Иоханы баптисм тэнгэрээс үү, эсвэл хүмүүсээс үү? гэв. Тэд өөр хоорондоо хэлэлцэн —Хэрэв бид “Тэнгэрээс” гэчихвэл, Тэр “Тэгвэл та нар яагаад түүнд итгээгүй юм бэ?” гэнэ. Харин бид “Хүмүүсээс” гэвэл, ард олон бүгд Иоханыг эш үзүүлэгч байсан гэж үздэг тул биднийг чулуугаар шиднэ шүү дээ гээд, тэд —Хаанаас ирснийг нь мэдэхгүй гэв. Тэгэхэд нь Есүс —Би ч гэсэн ямар эрх мэдлээр эдгээрийг үйлддэгээ та нарт хэлэхгүй гэжээ. Есүс олон түмэнд ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдсан нь —Нэгэн хүн усан үзмийн талбай байгуулж, усан үзмийн тариаланчдад түрээслээд, удаан хугацаагаар явав гэнэ. Ургац хураах цаг болоход тэр усан үзэм авчруулахаар тариаланчид уруу боолоо явуулжээ. Гэтэл тариаланчид түүнийг зодоод, хоосон буцаав. Тэр өөр боолоо явуулсанд тэд бас л түүнийг зодож доромжлоод, хоосон буцаажээ. Тэр гурав дахийг нь явуулахад тэд боолыг нь зодож шархдуулаад хөөн явуулжээ. Тэгээд усан үзмийн талбайн эзэн “Би яах вэ? Би өөрийн хайртай хүүг явуулъя. Тэд түүнийг минь хүндлэх байх” гэв. Харин тариаланчид хүүг хараад, “Энэ чинь өв залгамжлагч нь байна. Түүнийг алчихвал өв хөрөнгө нь биднийх болно шүү дээ” гэж өөр хоорондоо эргэцүүлэн ярилцаад, тэд түүнийг усан үзмийн талбайгаас гарган хаяж, түүнийг алжээ. Тэгвэл усан үзмийн талбайн эзэн тэднийг яах вэ? Тэр ирж, тариаланчдыг хөнөөгөөд, усан үзмийн талбайгаа өөр хүмүүст өгөх болно гэжээ. Үүнийг сонссон хүмүүс —Тийм юм хэзээ ч бүү болог гэцгээхэд Есүс тэднийг хараад —Тэгвэл “Барилгачдын голсон чулуу Булангийн чулуу болов” гэж бичигдсэн нь ямар учиртай вэ? Тэр чулуун дээр унах хүн бүр бутрах бөгөөд хэний дээр энэ чулуу унана, тэр няцарна гэж айлдав. Тэр цагт Есүс өөрсдийнх нь тухай сургаалт зүйрлэл айлдсаныг ойлгосон хуулийн багш нар хийгээд ахлах тахилч нар Түүнд гар хүрэхийг санаархсан ч ард олноос айв. Тэд Түүнийг ажиглан, Түүнийг үгэн дээр нь урхидан барьж, захирагчийн эрх мэдэлд тушаах зорилготой, зөвт мэт дүр эсгэгч туршуулуудыг Түүн уруу явуулав. Тэд Түүнээс —Багш аа, Таныг зөв ярьж сургадаг агаад хэнийг ч үл ялгаварлан, харин Бурханы замыг үнэнээр заадгийг чинь бид мэднэ. Цезарьт албан татвар төлөх нь бидний хувьд хуульд нийцэх үү, үгүй юу? гэж асуув. Гэвч Тэр тэдний заль мэхийг мэдэж, тэдэнд — Надад денар үзүүл. Хэний дүрс, бичээс энд байна? гэхэд тэд —Цезарийнх гэлээ. Есүс тэдэнд —Цезарийн юмыг Цезарьт нь, Бурханы юмыг Бурханд өг гэж айлдав. Ийнхүү тэд Түүнийг ард олны өмнө айлдсан үгэн дээр нь барьж чадсангүй. Харин ч Түүний хариултад гайхацгаан дуугүй болов. (Амилал гэж байхгүй хэмээн ярьдаг) садукайчуудын зарим нь Түүн дээр ирж асуун —Багш аа, Мосе “Хэрэв хэн нэгний чинь ах нас барж, эхнэр нь үр хүүхэдгүй үлдвэл дүү нь эхнэртэй нь гэрлэж ахынхаа үр удмыг залгуулах ёстой” гэж бидэнд бичсэн. Ах дүү долоо байсан юм. Ууган нь эхнэр авч, үр хүүхэдгүй үхсэн. Хоёр дахь нь, гурав дахь нь ч мөн түүнийг авчээ. Ингэсээр ах дүү долуулаа үр хүүхэдгүй үхжээ. Эцэст нь мөнөөх эмэгтэй ч мөн үхэв. Иймд амилалд тэр эмэгтэй хэнийх нь эхнэр болох вэ? Учир нь тэр долоо бүгдээрээ түүнтэй гэрлэсэн шүү дээ гэхэд Есүс тэдэнд —Энэ үеийн хөвгүүд гэрлэдэг бас гэрлүүлдэг. Харин тэрхүү үе хийгээд үхэгсдээс амилалд хүрэх зохистой гэж тооцогдсон хүмүүс гэрлэхгүй бас гэрлүүлэхгүй. Тэд тэнгэрэлч нартай адил тул цаашид үхэх боломжгүй бөгөөд амиллын хөвгүүд тул Бурханы хөвгүүд юм. Харин Мосе шатаж буй бутны тухай хүүрнэлдээ Эзэнийг Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан гэснээрээ үхэгсэд амилахыг харуулсан юм. Тиймээс Тэр үхэгсдийн бус, харин амьдын Бурхан мөн. Түүний хувьд бүгд амьд байдаг гэж айлдав. Хуулийн багш нарын зарим нь —Багш аа, Та сайхан хэллээ гэв. Тэд Түүнээс юуны ч тухай дахин асууж зүрхэлсэнгүй. Тэр тэдэнд —Христ бол Давидын хүү гэж тэд яагаад ярина вэ? Давид өөрөө Дуулал номд “ЭЗЭН миний Эзэнд «Баруун талд минь залрагтун. Би дайснуудыг чинь Чиний хөлийн гишгүүр болгох хүртэл залрагтун» гэж айлдав” гэсэн. Давид Түүнийг “Эзэн” хэмээн дууддаг бол, Тэр яаж түүний хүү байх билээ? гэв. Ард олныг бүгдээр ийн сонсож байх зуурт Тэр шавь нартаа — Хуулийн багш нараас сэрэмжлэгтүн. Тэд урт дээлтэй явж, гудамж зээл дээр хүндлүүлэн мэндлүүлэх дуртай. Мөн тэд синагогуудад тэргүүн суудалд, найран дээр хойморт залрах дуртай бөгөөд бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэр орныг цөлмөж, удаан залбирч буй дүр үзүүлдэг. Эдгээр нь үлэмжийн ял хүртэнэ гэв.