Лук 3

3
Баптисч Иоханы тунхаглал
(Мт 3:1–12; Мк 1:1–8; Иох 1:19–28)
1Цезарь Тиберийн хаанчлалын арван тавдугаар онд, Понти Пилат Иудейг захирч, Херод нь Галилын захирагч, дүү Филип нь Итурае болон Трахонитын захирагч, Лусан нь Абилений захирагч, 2Аннас болон Каиаф нар тэргүүн тахилч байх үед цөлд буй Захариагийн хүү Иоханд Бурханы үг ирэв. 3Тэрээр нүгэл уучлагдах гэмшлийн баптисмыг тунхаглан Иордан хавийн бүх нутгаар явлаа. 4Энэ нь эш үзүүлэгч Исаиагийн үгстэй номд бичигдсэнчлэн#Иса 40:3–5 (LXX)
«Цөлд хашхирагч нэгний дуу
“Эзэний замыг бэлтгэцгээ,
Жимийг нь шулуун болгогтун.
5Гуу жалга бүр дүүрч,
Уул, толгод бүр намсаж,
Тахир нь шулуун болж,
Энхэл донхол зам тэгшрэх бөгөөд
6Махбодтой бүхэн
Бурханы авралыг үзнэ” гэнэ»
гэжээ. 7Тиймээс тэр өөрөөр нь баптисм хүртэх гэж байсан ард олонд
—Хорт могойн удам аа, ирэх уур хилэнгээс зугтахыг хэн та нарт сануулав?#Мт 12:34, 23:33 8Тийм бөгөөс гэмшилд зохистой үр жимснүүдийг гарга. “Абрахам бидний эцэг” гэж дотроо бүү хэл. Би та нарт хэлье. Бурхан энэ чулуунуудаас ч Абрахамд хүүхдүүд босгож чадна.#Иох 8:33 9Моддын үндсэнд сүх хэдийнээ зоогджээ. Иймээс сайн үр жимс ургуулдаггүй аливаа мод цавчигдан галд хаягдах болно гэв.#Мт 7:19 10Цугласан олон түүнээс
—Тэгвэл бид юу хийх ёстой юм бэ? гэж асууцгаав. 11Тэр тэдэнд
—Хоёр цамцтай нь цамцгүй нэгэндээ илүүчил. Хоолтой нэг нь үүний адил үйлдэгтүн гэлээ. 12Татвар хураагчдын зарим нь баптисм хүртэхээр бас ирж, түүнээс
—Багш аа, бид яах болж байна? гэхэд#Лк 7:29
13Та нар тогтоогдсоноос илүүг бүү авагтун гэв. 14Зарим цэргүүд
—Бид яах болж байна, бид яах ёстой юм бэ? гэсэнд тэр
—Хэнээс ч хүчээр мөнгө бүү ав. Хэнийг ч хилсээр бүү гүтгэ. Авдаг хөлсөндөө сэтгэл хангалуун бай гэлээ. 15Ард олон Христийг хүлээн, Иоханы тухай бүгд зүрхэндээ түүнийг Христ мөн болох эсэхийг эргэцүүлж байлаа. 16Иохан бүгдэд
—Би та нарт усаар баптисм хүртээдэг. Харин надаас илүү хүчирхэг Нэгэн ирж байна. Би Түүний шаахайн үдээсийг ч тайлах үнэ хүндгүй. Тэр та нарт Ариун Сүнс хийгээд галаар баптисм хүртээнэ. 17Үтрэмээ гүйцэд цэвэрлэн буудайгаа саравчинд овоолохын тулд Түүний гарт шигшигч байна. Харин хальсыг нь унтаршгүй галаар шатаана гэж хэлэв. 18Тийнхүү өөр олон зүйлийг хэлж сэнхрүүлэн, тэр ард олонд сайнмэдээг тунхаглаж байлаа. 19Харин захирагч Херод, дүүгийнхээ эхнэр Херодиагийн хэргийн төлөө Иоханд зэмлүүлсэн нь Херодын үйлдсэн бүх ёрын муугаас болсон байтал#Мт 14:3–4; Мк 6:17–18 20дээр нь нэмээд Иоханыг шоронд бас тэр хориулжээ.
Есүс баптисм хүртэв
(Мт 3:13–17; Мк 1:9–11)
21Ард олон бүгдээрээ баптисм хүртэж байх үед Есүс мөн баптисм хүртээд залбирч байв. Тэр зуур тэнгэр заагдан, 22Ариун Сүнс Түүн дээр тагтаа мэт биет хэлбэрээр буун иртэл, тэнгэрээс дуун гарч
—Хайрт Хүү минь чи билээ. Таалал минь Чамд оршдог гэв.#Эх 22:2; Дуу 2:7; Иса 42:1; Мт 3:17; Мк 1:11; Лк 9:35
Есүсийн гарваль
(Мт 1:1–17)
23Есүс гучаад настайдаа үйлчлэлээ эхэлсэн бөгөөд хүмүүсийн боддогоор Тэр бол Иосефын хүү, Иосеф нь Елигийн, 24Ели нь Маттатын, Маттат нь Левийн, Леви нь Мелхигийн, Мелхи нь Ианнайн, Ианнай нь Иосефын, 25Иосеф нь Маттатиагийн, Маттатиа нь Амосын, Амос нь Нахумын, Нахум нь Хеслийн, Хесли нь Наггайн, 26Наггай нь Маатын, Маат нь Маттатиагийн, Маттатиа нь Семейний, Семейн нь Иосехын, Иосех нь Иодагийн, 27Иода нь Иоананы, Иоанан нь Ресагийн, Реса нь Зеруббабелын, Зеруббабел нь Шеалтиелын, Шеалтиел нь Нерийн, 28Нери нь Мелхигийн, Мелхи нь Аддийн, Адди нь Косамын, Косам нь Елмадамын, Елмадам нь Ерийн, 29Ер нь Иошуагийн, Иошуа нь Елиезерийн, Елиезер нь Иоримын, Иорим нь Маттатын, Маттат нь Левийн, 30Леви нь Симеоны, Симеон нь Иудагийн, Иуда нь Иосефын, Иосеф нь Ионамын, Ионам нь Елиакимын, 31Елиаким нь Мелеагийн, Мелеа нь Меннагийн, Менна нь Маттатагийн, Маттата нь Натаны, Натан нь Давидын, 32Давид нь Иессийн, Иесси нь Обедын, Обед нь Боазын, Боаз нь Салмоны, Салмон нь Нахшоны, 33Нахшон нь Амминадабын, Амминадаб нь Админы, Админ нь Рамын, Рам нь Хезроны, Хезрон нь Перезийн, Перез нь Иудагийн, 34Иуда нь Иаковын, Иаков нь Исаакийн, Исаак нь Абрахамын, Абрахам нь Терагийн, Тера нь Нахорын, 35Нахор нь Серугийн, Серуг нь Реугийн, Реу нь Пелегийн, Пелег нь Хеберийн, Хебер нь Шелагийн, 36Шела нь Кайнаны, Кайнан нь Арфаксадын, Арфаксад нь Шемийн, Шем нь Ноагийн, Ноа нь Ламехын, 37Ламех нь Метуселагийн, Метусела нь Енохын, Енох нь Иаредын, Иаред нь Махалалеелын, Махалалеел нь Кайнаны, 38Кайнан нь Еношийн, Енош нь Сетийн, Сет нь Адамын, Адам нь Бурханы хүү болой.

Одоогоор Сонгогдсон:

Лук 3: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү