Матай 16:21-28
Матай 16:21-28 АБ2013
Есүс тэр цагаас эхлэн Иерусалим явахаа, ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нарын зүгээс их зовлон амсах, алуулах ба гурав дахь хоног дээрээ амилах ёстойгоо шавь нартаа илэрхийлж эхлэв. Петр Түүнийг хажуу тийш аваачаад —Эзэн минь, Таныг Бурхан энэрэг. Ийм юм Танд хэзээ ч бүү тохиолдог гэж зэмлэж эхэлсэнд Тэр эргэж, Петрт —Миний араас зайл, Сатан аа! Чи Надад бүдрүүлэл болж байна. Учир нь чи Бурханы юмсыг бус, харин хүмүүний юмсыг л бодож байна гэлээ. Тэгээд Есүс шавь нартаа —Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага. Хэн амиа аврахыг хүснэ, тэр түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө амиа алдана, тэр түүнийгээ олно. Учир нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Эсвэл амийнхаа оронд тэр юугаа өгөх билээ? Хүний Хүү тэнгэрэлч нарынхаа хамт Эцэгийнх шигээ алдраар ирж, хүн бүрд үйлийнх нь дагуу хариу өгөх бус уу? Үнэнээр Би та нарт хэлье. Энд зогсогсдын зарим нь Хүний Хүүг хаанчлалдаа ирэхийг харах хүртэлээ үхлийг амсахгүй гэж айлдав.