Илчлэл 7
7
Тамгалуулсан израильчууд
1Үүний дараа би дэлхийн дөрвөн өнцөгт зогсон, газар дээр ч, тэнгис дээр ч, ямар ч модон дээр салхи салхилуулахгүйн тулд дэлхийн дөрвөн салхийг барих дөрвөн тэнгэрэлчийг харав.#Иер 49:36; Дан 7:2; Зех 6:5 2Би мөн амьд Бурханы тамгатай өөр нэгэн тэнгэрэлч наран мандах зүгээс гарч ирэхийг харав. Газар, тэнгист хөнөөл учруулах эрхтэй дөрвөн тэнгэрэлчид хандан тэрээр чанга дуугаар хашхиран
— 3Бурханыхаа зарц нарын духан дээр биднийг тамга дартал газарт ч, тэнгист ч, модонд ч бүү хөнөөл учруул хэмээв.#Езк 9:4,6
4Тамгалуулсан хүмүүсийн тоог би сонсов. Израилийн хөвгүүдийн овог бүрээс тамгалуулсан хүмүүсийн тоо нэг зуун дөчин дөрвөн мянга байв.
5Иудагийн овгоос
арван хоёр мянга
тамгалуулсан бөгөөд
Реубений овгоос
арван хоёр мянга,
Гадын овгоос
арван хоёр мянга,
6Ашерын овгоос
арван хоёр мянга,
Нафталийн овгоос
арван хоёр мянга,
Манассегийн овгоос
арван хоёр мянга,
7Симеоны овгоос
арван хоёр мянга,
Левийн овгоос
арван хоёр мянга,
Иссахарын овгоос
арван хоёр мянга,
8Зебулуны овгоос
арван хоёр мянга,
Иосефын овгоос
арван хоёр мянга,
Бениамины овгоос
арван хоёр мянган хүн
тамгалуулсан байлаа.
Үндэстэн бүрээс цугласан үй олон хүн
9Харагтун, үүний дараа намайг харахад, сэнтийн өмнө болон Хурганы өмнө зогсон, цагаан дээл өмссөн, гартаа далдуу модны найлзуур барьсан, үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн үй олон хүн байв. Хэн ч тэднийг тоолж чадамгүй ажээ. 10Тэд чанга дуугаар
—Аврал бол сэнтийд залрагч бидний Бурханд ба Хурганд байдаг гээд хашхирч байлаа. 11Сэнтийн эргэн тойронд зогсож байсан бүх тэнгэрэлч, ахлагчид болон дөрвөн амьтан сэнтийн өмнө нүүрээрээ унаад Бурханд мөргөж
— 12Амен. Магтаал, алдар, мэргэн ухаан, талархал, хүндэтгэл, хүч чадал ба сүр хүч нь бидний Бурханд үеийн үед байх болтугай. Амен гэцгээв.
13Ахлагчдын нэг нь надад хандан
—Цагаан дээлтэй энэ хүмүүс хэн бэ? Тэд хаанаас ирсэн бэ? гэлээ. 14Би түүнд
—Эзэн минь, та мэднэ гэхэд тэр надад
—Эдгээр нь үлэмж их зовлонгоос гарч ирэгсэд бөгөөд тэд дээлээ Хурганы цусаар угааж цагаан болгожээ.#Дан 12:1; Мт 24:21; Мк 13:19 15Тиймээс тэд Бурханы сэнтийн өмнө байдаг бөгөөд Түүний сүм дотор өдөр шөнөгүй Түүнд үйлчилдэг юм. Сэнтийд Залрагч асраараа тэднийг дээгүүр нь бүрхэнэ. 16Тэд цаашид өлсөх ч үгүй, цангах ч үгүй. Тэд наранд шарагдах ч үгүй, ямар ч халуунд халахгүй.#Иса 49:10 17Яагаад гэвэл сэнтийн голд байгаа Хурга тэднийг хариулах бөгөөд амийн усны булгууд өөд хөтлөх болно. Бурхан тэдний нүднээс урсах нулимс бүрийг арчих болно гэлээ.#Дуу 23:1; Езк 34:23; Дуу 23:2; Иса 49:10, 25:8
Одоогоор Сонгогдсон:
Илчлэл 7: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.