1 КОРИНТ 15

15
1Ах дүү нар аа! Та нарт тунхагласан сайн мэдээгээ би та нарт мэдүүлье. Та нар түүнийг хүлээн аваад түүн дотроо зогссон. 2Хэрэв миний тунхагласан үгийг та нар баримталбал, дэмий хоосон итгээгүй л бол, та нар түүгээр ч мөн аврагдсан. 3Учир нь би хүлээн авсан дараах зүйлийг та нарт дамжуулсан юм. Энэ бол хамгийн чухал хэрэг байлаа. Судрын дагуу Христ бидний нүглийн төлөө үхсэн бөгөөд 4оршуулагдан, Судрын дагуу гурав дахь өдөртөө амилуулагджээ. 5Тэрээр Кефт, дараа нь өнөөх арван хоёрт үзэгдэв. 6Үүний дараа Тэр таван зуу гаруй ах дүү нарт нэг мөчид үзэгдсэн бөгөөд одоо болтол тэдний олонх нь амьд байна. Харин зарим нь нойрсжээ. 7Дараа нь Тэр Иаковд, тэгээд бүх элч нарт үзэгдсэн. 8Бүгдийн эцэст дутуу төрсөн мэт надад ч Тэр бас үзэгдсэн билээ. 9Учир нь би элч нараас хамгийн бага нь бөгөөд Бурханы чуулганыг хавчиж байсан тул элч гэж нэрлэгдэх зохисгүй хүн юм. 10Харин Бурханы нигүүлслээр би одоогийн би болсон. Түүний надад үзүүлсэн нигүүлсэл хоосон байгаагүй. Харин ч би тэд бүгдээс илүү их хөдөлмөрлөсөн юм. Гэхдээ би биш бөгөөд харин надтай хамт байдаг Бурханы нигүүлсэл болой. 11Иймд би эсвэл тэд байсан эсэх нь хамаагүй, бид тийнхүү тунхаглаж та нар түүнчлэн итгэсэн билээ.
12Хэрэв Христ үхэгсдээс амилуулагдсан гэж тунхаглагдсан юм бол та нарын дотор зарим хүн үхэгсдийн амилалт байхгүй гэж юунд ярина вэ? 13Хэрэв үхэгсдийн амилалт байхгүй бол Христ ч амилуулагдаагүй болно. 14Хэрэв Христ амилуулагдаагүй бол бидний тунхаглал хоосон, та нарын итгэл ч хоосон болох юм. 15Хэрэв үнэндээ үхэгсэд амилуулагддаггүй бол Түүний амилуулаагүй Христийг Тэр амилуулсан гэж бид Бурханы эсрэг гэрчилснээрээ бид Бурханы тухай хуурамч гэрчлэгчид болно. 16Учир нь хэрэв үхэгсэд амилуулагддаггүй бол Христ ч гэсэн амилуулагдаагүй болно. 17Хэрэв Христ амилуулагдаагүй бол та нарын итгэл хэрэггүй ажээ. Та нар ч нүгэл дотроо байсаар байна. 18Тэгвэл Христ дотор нойрсогсод ч мөн мөхсөн болно. 19Хэрэв бид зөвхөн энэ амьдралдаа Христ дотор найдсан бол бид бүх хүмүүсээс хамгийн өрөвдөлтэй нь болно.
20Харин чухамдаа Христ үхэгсдээс амилуулагдсан бөгөөд нойрсогсдоос анхны үр жимс мөн. 21Учир нь үхэл нь нэг хүнээр ирсэн тул үхэгсдийн амилалт нь мөн нэг хүнээр иржээ. 22Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьдруулагдах болно. 23Харин тус бүр өөрийн дараалал дотор байна. Христ бол анхны үр жимс юм. Дараа нь Христийн хүмүүс Түүнийг ирэхэд амилуулагдана. 24Тэр бүх удирдлага, эрх мэдэл, хүчийг хүчингүй болгон, Бурхан ба Эцэгт хаанчлалыг тушаах үед төгсгөл ирнэ. 25Учир нь Тэр бүх дайснуудаа Өөрийн хөл дороо оруулах хүртэл ноёрхох ёстой. 26Эцэст нь устгагдах дайсан бол үхэл мөн. 27Учир нь Тэр бүх юмсыг Түүний хөл дор эрхшээлд оруулав. Харин Тэр “Бүгд эрхшээлд орсон” гэж айлдах үед бүхнийг Түүний эрхшээл дор Тавигч ангид байсан нь мэдээж. 28Бүх юмс Өөрийнх нь эрхшээлд орох үед Өөрт нь бүх юмсыг захируулагч Нэгэний эрхшээлд Хүү Өөрөө ч мөн орох болно. Энэ нь Бурхан бүгдэд бүх юм болохын тулд юм.
29Тийм биш бол үхэгсдийн төлөө баптисм хүртэгч нь юу хийж байгаа хэрэг вэ? Хэрэв үхэгсэд амилуулагдахгүй юм бол юунд тэдний төлөө хүмүүс баптисм хүртдэг вэ? 30Яагаад бид ч цаг үргэлж аюул дотор байна вэ? 31[Ах дүү нар аа,] би өдөр бүр үхдэгээ бидний Эзэн Христ Есүс дотор та нарын талаарх өөрийнхөө бахархлаар баталъя. 32Хэрэв би хүний ёсоор Ефест зэрлэг араатнуудтай тэмцэлдсэн бол надад ямар ашиг байсан бэ? Хэрэв үхэгсэд амилуулагдахгүй юм бол “Маргааш бид үхэх учраас цөмөөрөө идэж ууцгаая”. 33Бүү мэхлэгд. “Муу нөхөр сайн зуршлуудыг эвддэг”. 34Та нар ямар байх ёстой шиг эрүүл ухаантай бай. Нүгэл үйлдэхээ боль. Учир нь заримд нь Бурханы тухай мэдлэг байхгүй байна. Би та нарыг ичээх гэж үүнийг хэлж байна.
35Гэхдээ хэн нэгэн хүн “Үхэгсэд яаж амилуулагддаг вэ? Тэд ямар төрлийн биетэй ирэх вэ?” гэж асууж магадгүй юм. 36Мунхаг аа, чиний тарьдаг нь хэрэв үхэхгүй бол амилахгүй. 37Чиний тарьдаг нь, ирээдүйн бие бус, харин нүцгэн үр юм. Магадгүй улаан буудайн ч үр юм уу, эсвэл ямар нэгэн өөр үр байж болох юм. 38Харин Бурхан Өөрийн хүссэнчлэн түүнд бие өгдөг. Үр бүр өөрийн биетэй аж. 39Бүх махан бие адилгүй. Хүний махан бие нэг байхад амьтдын махан бие өөр, шувуудын махан бие өөр, загаснуудын махан бие өөр аж. 40Мөн тэнгэрлэг биес ба газрын биес гэж байдаг. Харин тэнгэрлэг биесийн алдар өөр, газрын биесийн алдар өөр юм. 41Нарны алдар өөр, сарны алдар өөр, одны алдар өөр байдаг. Од одноосоо алдраараа ялгардаг.
42Үхэгсдийн амилалт нь тийм байна. Энэ нь муудах байдал дотор таригдаж, үл муудах байдал дотор амилуулагдана. 43Энэ нь үл хүндлэл дотор таригдаж, алдар дотор амилуулагдана. Энэ нь мөхөс байдал дотор таригдаж, хүч дотор амилуулагдана. 44Энэ нь төрөлх биеэр таригдаж, сүнслэг биеэр амилуулагдана. Хэрэв төрөлх бие байдаг бол сүнслэг бие ч мөн байгаа. 45Тийнхүү “Анхны хүн Адам амьд сэтгэл болсон” гэж бичигджээ. Сүүлчийн Адам нь амь өгөгч сүнс болов. 46Харин эхлээд сүнслэг нь бус, төрөлх нь байдаг. Дараа нь сүнслэг нь байдаг. 47Анхны хүн нь газрын хөрснөөс, хоёр дахь хүн нь тэнгэрээс юм. 48Хөрснөөс буй нь ямар байдагчлан хөрснөөс буй тэд тийм байх бөгөөд тэнгэрээс буй нь ямар байдагчлан тэнгэрээс буй тэд тийм байна. 49Хөрсөн хүний дүрийг бид өмсдөг шиг тэнгэрлэг хүний дүрийг бид өмсөх болно.
50Ах дүү нар аа, үүнийг би та нарт хэлье. Юу гэвэл махан бие ба цус Бурханы хаанчлалыг өвлөж чадахгүй. Муудах нь үл муудахыг өвлөхгүй юм. 51Харагтун, би та нарт нэгэн нууцыг хэлье. Бид бүгдээрээ нойрсохгүй, харин бүгдээрээ өөрчлөгдөх болно. 52Ингэхдээ нүд ирмэхийн зуур, нэг агшинд, бүрээн эцсийн дуугаар тийм болно. Учир нь бүрээ дуугарч, үхэгсэд үл муудах уруу амилуулагдаж, бид ч өөрчлөгдөнө. 53Учир нь муудах нь үл муудахыг өмсөх ёстой бөгөөд энэ үхлийн бие нь үхэшгүйг өмсөх ёстой. 54Энэхүү муудах нь үл муудахыг өмсөж, энэ үхлийн бие нь үхэшгүйг өмсөх үед “Үхэл ялалтад залгигдсан” гэж бичигдсэн үг биелнэ. 55“Үхэл ээ, чиний ялалт хаана байна вэ? Үхэл ээ, чиний хатгуур хаана байна вэ?” 56Үхлийн хатгуур нь нүгэл. Нүглийн хүч нь хууль юм. 57Харин бидний Эзэн Есүс Христээр бидэнд ялалтыг өгдөг Бурханд талархал нь байх болтугай. 58Тиймээс хайрт ах дүү нар минь, та нарын нөр их хөдөлмөр Эзэн дотор хоосон зүйл биш гэдгийг мэдэж, тууштай байж, гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэрэгт үргэлж бялхсан бай.

Одоогоор Сонгогдсон:

1 КОРИНТ 15: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү