1 ПЕТР 1
1
1Есүс Христийн элч Петр би Понт, Галат, Каппадок, Ази болон Битун нутгуудаар тархсан, түр суурьшигч нарт илгээв. 2Та нар бол Бурханы урьдаас мэдэх мэдлэгийн дагуу, Сүнсний ариусгалаар Есүс Христэд дуулгавартай байхын тулд болон Түүний цусаар цацуулахын тулд сонгогдсон билээ. Нигүүлсэл ба амар тайван нь та нарт улам арвин болох болтугай.
3Бидний Эзэн Есүс Христийн Бурхан болон Эцэг магтагдах болтугай. Учир нь Бурхан Өөрийн агуу их өршөөлөөрөө Есүс Христийн үхэгсдээс амилсан амилалтаар дамжуулан биднийг амьд найдвар уруу, 4мөхөшгүй, бузартаагүй, алга болчихгүй бөгөөд та нарын төлөө тэнгэрт хадгалагдсан өв уруу дахин төрүүлсэн. 5Эцсийн үед илэрхийлэгдэхэд бэлэн буй авралын төлөө та нар итгэлээрээ Бурханы хүчээр хамгаалагдсан ажээ. 6Хэдийгээр та нар эдүгээ түр зуур шаардлагатай бол элдвийн зовлонг эдэлж байгаа ч гэсэн үүндээ үлэмж баярладаг. 7Ингэснээр та нарын итгэлийн шалгуур нь галаар шалгах боловч мөхөх алтнаас ч илүү үнэтэй байн, Есүс Христийн илчлэлт дээр магтаал, алдар, хүндэтгэлд хүрэх юм. 8Та нар Түүнийг хараагүй боловч Түүнийг хайрладаг. Эдүгээ та нар Түүнийг харахгүй байгаа боловч, Түүнд итгэдэг. Та нар хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг. 9Ингэхдээ та нар итгэлийнхээ үр дүнд сэтгэлийн авралыг олж авна.
10Энэхүү авралын тухайд гэвэл, та нарт ирэх нигүүлслийн тухай эш үзүүлцгээсэн эш үзүүлэгчид анхааралтай судалж, лавлан, 11өөрсдийнх нь дунд байсан Христийн Сүнс аль үе болон хэнийг заасныг нягтлан судалжээ. Учир нь Христийн зовлон болон дараа нь ирэх алдрыг Тэр урьдаас айлдсан байжээ. 12Тэнгэрээс илгээгдсэн Ариун Сүнсээр та нарт сайн мэдээг номлосон хүмүүсээр дамжуулан эдүгээ та нарт тунхаглагдсан эдгээр зүйлд эш үзүүлэгчид өөрсдөдөө бус, харин та нарт үйлчилж байсан нь тэдэнд илчлэгдсэн юм. Тэнгэр элч нар ч эдгээр зүйлийг харахыг хүсдэг.
13Тиймээс та нар оюун санаагаа үйлдэлд бэлтгэж, эрүүл ухаантай байж, Есүс Христийн илчлэлт дээр та нарт өгөгдөх нигүүлсэлд найдвараа бүрэн тавь. 14Дуулгавартай хүүхдүүдийнхээ хувьд, мэдэхгүй байхад чинь та нарт байсан урьдын хүсэл тачаалдаа бүү нийцүүл. 15Харин та нарыг дуудсан Ариун Нэгэний адил өөрсдийн бүх л зан байдалдаа бас ариун байгтун. 16Яагаад гэвэл “Би ариун учраас та нар ариун байгтун” гэж бичигдсэн юм.
17Хэрэв та нар ялгаварлалгүйгээр хүн бүрийг үйлсийнх нь дагуу шүүдэг Нэгэнийг Эцэг гэж дууддаг юм бол, дэлхий дээр байх хугацаандаа эмээн биеэ авч яв. 18Ингэхдээ та нар эцэг өвгөдөөсөө өвлөсөн өөрсдийн утгагүй амьдралаас алт, мөнгө мэтийн устах зүйлсээр золигдсон бус, 19харин үнэт цусаар, Христийн цус болох гэм зэмгүй бөгөөд толбогүй хурганы цусаар золигдсон гэдгээ мэдэгтүн. 20Учир нь Тэр ертөнц бүтээгдэхээс өмнө урьдаас мэдэгдсэн боловч цаг хугацааны төгсгөлд та нарын төлөө үзэгдлээ. 21Та нар Түүгээр дамжуулан Бурханд итгэгчид юм. Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулж, Түүнд алдрыг өгчээ. Ингэснээр та нарын итгэл ба найдвар Бурханд байх юм.
22Та нар үнэнд дуулгавартай байснаараа сэтгэлээ ариусгаж чин сэтгэлээс ах дүүсээ хайрлах болсон учир бие биеэ зүрх сэтгэлээсээ халуунаар хайрлагтун. 23Учир нь та нар устах үрээс бус, харин үл устах үрээс буюу Бурханы амьд, оршин буй үгээр дамжуулан дахин төрсөн билээ. 24Учир нь
“Бүх махан бие болбоос өвс мэт бөгөөд
Бүхий л алдар нь өвс ногооны цэцэг мэт.
Өвс ганддаг, цэцэг унадаг.
25Харин Эзэний үг мөнхөд оршино”.
Энэ нь та нарт тунхаглагдсан үг мөн.
Одоогоор Сонгогдсон:
1 ПЕТР 1: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society