1 ТИМОТ 2

2
1Тиймээс бүх хүний төлөө гуйлт, залбирал, зуучлан залбирал хийгээд талархлаа өргөхийг юуны өмнө чамд чухалчлан зөвлөж байна. 2Хаадын төлөө, дээгүүр тушаалтай бүх хүний төлөө залбир. Тэгвэл бид сүсэглэл ба хүндлэлтэйгээр амар тайван, төвшин амьдралаар амьдрах болно. 3Энэ нь бидний Аврагч Бурханы мэлмийд сайн бөгөөд тааламжтай. 4Тэрээр бүх хүмүүсийг аврагдаасай, үнэний мэдлэг уруу ирээсэй гэж хүсдэг. 5Учир нь ганц Бурхан байна. Мөн Бурхан ба хүмүүсийн хооронд ганц зууч байна. Тэр нь хүн болох Христ Есүс билээ. 6Тэр Өөрийгөө бүгдийн төлөө золиос болгон өгсөн. Гэрчлэл нь өөрийнхөө зохистой цагт өгөгдөв. 7Үүний төлөө би тунхаглагч ба элчээр, (Би үнэнээр хэлж байна. Худлаа яриагүй байна) итгэл хийгээд үнэн дотор харь үндэстнүүдийн багшаар томилогдсон билээ.
8Иймд би эрчүүдийг уур хилэнгүй, маргалдалгүйгээр, ариун гараа өргөж, газар бүрд залбираасай гэж хүсдэг. 9Үүний адилаар эмэгтэйчүүд зохистой хувцаслан өөрсдийгөө даруу, түвшин байдлаар чимэн, сүлжсэн үс, алт, сувдаар, эсвэл үнэтэй хувцсаар биш, 10харин Бурханаас эмээгч эмэгтэйд зохистой сайн үйлсээр чимэгтүн. 11Эмэгтэй хүн дуугүй байн, бүрэн дуулгавартайгаар суралц. 12Харин эмэгтэй хүн заах, эсвэл эр хүнийг захирах эрх мэдэлтэй байхыг би зөвшөөрөхгүй. Харин дуугүй байхыг зөвшөөрдөг. 13Учир нь эхлээд Адам, дараа нь Ева бүтээгдсэн билээ. 14Адам мэхлэгдээгүй. Харин эмэгтэй нь мэхлэгдэж, гэм буруу дотор унасан юм. 15Гэвч хэрэв эмэгтэйчүүд итгэл, хайр дотор ба зохистой байн ариусал дотор цаашид байх аваас эмэгтэй нь хүүхэд төрүүлэхээрээ аврагдана.

Одоогоор Сонгогдсон:

1 ТИМОТ 2: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү