2 САМУЕЛ 2
2
1Үүний дараа Давид ЭЗЭНээс лавлан
—Би Иудагийн хотуудын нэг уруу явах уу? гэж асуухад ЭЗЭН түүнд
—Явагтун хэмээн тушаав. Ийнхүү Давид
—Би хаашаа явах вэ? хэмээн асуухад ЭЗЭН
—Хеброн уруу хэмээн айлдав. 2Тэгээд Давид өөрийн хоёр эхнэр болох иезреел эмэгтэй Ахиноам болон Набалын эхнэр байсан кармел эмэгтэй Абигаил нартай хамт тийш явав. 3Давид өөртэйгөө хамт байсан хүмүүсийг гэр бүлүүдийнх нь хамт дагуулж явав. Тэд Хеброны хотуудад амьдарлаа. 4Дараа нь Иудагийн эрчүүд ирж, тэнд Давидыг Иудагийн гэрийн хаан болгон тослов. Тэд Давидад
—Иабеш-гилеадын хүмүүс Саулыг оршуулсан билээ гэж хэлэв. 5Давид Иабеш-гилеадын хүмүүст элч нарыг илгээн, тэдэнд ийн хэлүүлэв.
—Та нар өөрсдийн эзэн Саулд энэрэнгүй сэтгэл гаргаж, түүнийг оршуулсан тул та нар ЭЗЭНээр ерөөгдөх болтугай! 6Одоо ЭЗЭН та нарт үнэн болоод хайр энэрлийг үзүүлэх болтугай. Та нар ийм үйл хийсэн тул би ч гэсэн та нарт сайныг үйлдэх болно. 7Тийм учраас одоо гараа чангалж, эр зоригтой байгтун. Учир нь та нарын эзэн Саул нас барсан, мөн Иудагийн гэр намайг өөрийн хаан болгон тосолсон билээ гэв.
8Харин Саулын цэргийн жанжин, Нерийн хүү Абнер нь Саулын хүү Иш-бошетыг Маханаим уруу аваачив. 9Тэр түүнийг Гилеад, ашурчууд, Иезреел, Ефраим, Бениамин төдийгүй хамаг Израилийн хаан болгов. 10Саулын хүү Иш-бошет нь Израилийн хаан болох үедээ дөчин настай байсан бөгөөд хоёр жил хаанчлав. Гэлээ ч Иудагийн гэр Давидыг дагав. 11Давидын Хебронд Иудагийн гэрийн хаан байсан хугацаа нь долоон жил зургаан сар байв.
12Нерийн хүү Абнер Саулын хүү Иш-бошетын зарц нарын хамт Маханаимаас гарч, Гибеоныг чиглэв. 13Зеруиагийн хөвгүүн Иоаб Давидын зарц нарын хамт гарч яван, тэд Гибеоны цөөрмийн дэргэд тулгарчээ. Тэдний нэг нь цөөрмийн наад эрэгт, нөгөө нь цөөрмийн цаад эрэгт буув. 14Абнер Иоабт
—Залуусыг гарган өөрсдийнхөө өмнө тэмцэлдүүлье гэсэнд Иоаб
—Гаргая гэв. 15Тэгээд хүмүүс босож тоолуулахад Бениамин ба Саулын хөвгүүн Иш-бошетын талаас арван хоёр хүн, Давидын зарц нараас арван хоёр хүн байлаа. 16Хүн бүр өөр өөрсдийнхөө өрсөлдөгчийн толгойноос зууран, бие биеийнхээ хавирга уруу илд дүрэн, хамт унацгаав. Тиймээс Гибеонд байдаг тэр газрыг Хелкат-хаззурим хэмээн нэрлэв. 17Тэр өдөр ширүүн тулалдаан болж, Абнер болон Израилийн эрчүүд Давидын зарц нарт цохигдов.
18Зеруиагийн гурван хөвгүүн Иоаб, Абишаи, Асахел нар тэнд байв. Асахел нь талын зээр мэт хурдан хөлтэй байв. 19Асахел Абнерын араас хөөн, баруун тийш ч зүүн тийш ч эргэхгүй байв. 20Абнер эргэн хараад,
—Энэ чинь Асахел чи мөн үү? гэхэд, тэр
—Тийм ээ, би байна гэж хариулав. 21Ийнхүү Абнер түүнд
—Баруун, эсвэл зүүн тийшээ эргэн залуусын нэгийг барьж, түүнээс олзыг нь өөртөө авагтун гэв. Гэвч Асахел нь Абнерыг хөөхөө больж, буцахыг хүссэнгүй. 22Абнер дахин Асахелд
—Намайг хөөхөө больж, эргэгтүн. Би чамайг яагаад алах ёстой билээ? Тэгвэл би яаж чиний ах Иоаб уруу харж чадах юм бэ? гэв. 23Гэвч Асахел замаасаа буцахаас татгалзлаа. Тийм учраас Абнер жадны үзүүрээр түүний хэвлий уруу нэвт хатгасанд жад нуруугаар нь гарав. Асахел тэнд унаж, газар дээрээ үхлээ. Асахелын унаж, үхсэн газарт ирсэн хүмүүс бүгд зогссоор байв.
24Харин Иоаб болон Абишаи Абнерын араас хөөв. Нар жаргаж байхад тэд Гибеоны цөлийн замд байдаг Гиахын наана орших Аммагийн даваанд ирцгээв. 25Бениамины хөвгүүд Абнерын ард цугларан, нэг бүлэг болж, нэгэн давааны оройд зогсов. 26Дараа нь Абнер Иоабыг дуудан
—Илд нь мөнхөд цөлмөх гэж үү? Энэ нь эцэстээ бэрх болно гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Ах дүү нараа хөөхөө зогсоож буцах талаар чи хүмүүстээ тушаахгүй хир удах гэсэн юм бэ? гэв. 27Иоаб
—Бурханы амьд буйгаар тангараглая, хэрэв чи хэлээгүй бол үнэхээр цэргүүд маргааш өглөө болтол ах дүү нараа хөөхөө зогсоохгүй байх байсан шүү гэв. 28Ингээд Иоаб эвэр бүрээгээ үлээсэнд бүх хүмүүс зогсон, Израилийн араас хөөхөө зогсоож, тулалдахаа ч болив. 29Абнер болон түүний эрчүүд тэр шөнийн турш Арабагаар дамжин өнгөрөөд, Иорданыг гатлан, өглөөний турш алхсаар Маханаимд ирлээ.
30Тэгэхэд Иоаб Абнерыг хөөхөө болив. Түүнийг бүх хүнээ хамтад нь цуглуулсанд Асахелаас гадна Давидын арван есөн зарц алга байв. 31Харин Давидын зарц нар Бениаминаас болон Абнерын эрчүүдээс олныг цохисонд гурван зуун жаран хүнийг алсан байв. 32Тэд Асахелыг авч, Бетлехемд байрлаж байсан эцгийнх нь хадан булшинд оршуулав. Тэгээд Иоаб болон түүний эрчүүд шөнөжингөө явсаар, үүр цайх үед Хебронд хүрчээ.
Одоогоор Сонгогдсон:
2 САМУЕЛ 2: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society