2 ТИМОТ 4
4
1Би Бурханы болон амьд ба үхэгсдийг шүүгч Христ Есүсийн оршихуйд Түүний үзэгдэлт ба хаанчлалаар чамд чухалчлан захья. 2Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн байгтун. Уужим сэтгэлээр, сургаалаар зэмлэ, сануул, сэнхрүүл. 3Цаг нь ирнэ. Хүмүүс эрүүл сургаалыг тэвчихгүй болж, харин хүсэл нь тэдний чихийг гижигдэн, өөрсдийн хүслийн дагуу өөрсдөдөө багш нарыг бөөгнөрүүлэх бөгөөд 4тэдний чих үнэнээс эргэж, үлгэр домгуудад хандах болно. 5Харин чи бүхний дотор саруул ухаантай бай. Мууг тэвч, сайн мэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хий, үйлчлэлээ гүйцээ.
6Учир нь би хэдийн ундаан өргөл мэт асгагдсан бөгөөд миний явах цаг ирсэн байна. 7Би сайн тэмцлээр тэмцсэн. Би замаа дуусгасан, итгэлээ сахисан. 8Ирээдүйд зөвт байдлын титэм нь надад зориулагдан зэхэгдсэн ажээ. Зөв шударга Шүүгч болох Эзэн намайг, зөвхөн намайг ч биш, Түүний үзэгдэхийг хүсэн хүлээгч бүх хүнийг бас түүгээр шагнах болно.
9Над уруу даруй ирэхийг хичээгээрэй. 10Учир нь Дем энэ өнөө үеийг хайрлаж, намайг орхиод Тесалоник уруу явсан. Креск Галат уруу, Тит Далмат уруу явсан. 11Ганц Лук надтай хамт байна. Маркийг өөрийнхөө хамт аваад ирээрэй. Учир нь үйлчлэлд тэр надад хэрэгтэй байна. 12Харин би Тухикийг Ефес уруу явуулсан. 13Чи ирэхдээ Тройд Карпынд орхисон миний дээл, номууд, ялангуяа илгэн арьсан дээрх бичгүүдийг авч ир. 14Зэсийн дархан Александр надад их гай тарьсан. Эзэн түүнд хийснийх нь хариуг өгөг. 15Чи бас түүнээс сэрэмжил. Учир нь тэр бидний үгсийг маш их эсэргүүцсэн юм.
16Миний анхны өмгөөлөл дээр хэн ч намайг дэмжсэнгүй. Харин бүгд намайг орхисон. Үүнийг нь тэдний эсрэг бүү тооцох болтугай. 17Гэвч Эзэн надтай хамт зогссон бөгөөд тунхаглалыг надаар дамжуулан дэлгэрүүлж бүх харь үндэстэнд сонсгохын тулд намайг тэнхрүүлэв. Би арслангийн амнаас аврагдлаа. 18Эзэн намайг алив бузар муу үйлээс гэтэлгэж, Өөрийнхөө тэнгэрлэг хаанчлалд аваачих болно. Түүнд алдар нь үеийн үед байх болтугай. Амен.
19Приска, Акул болон Онесифорын гэрийнхэнд мэнд хүргээрэй. 20Ераст Коринтод үлдсэн. Харин Трофимын бие нь өвдсөн учир би түүнийг Милетэд орхив. 21Өвлөөс өмнө ирэхийг хичээ. Юбул, Пуд, Лин, Клаудиа болон бүх ах дүү нар чамд мэнд хүргэж байна. 22Эзэн чиний сүнстэй хамт байг. Нигүүлсэл та нарт байх болтугай.
Одоогоор Сонгогдсон:
2 ТИМОТ 4: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society