КОЛОССАЙ 2
2
1Та нарын төлөө, Лаодикт байгаа хүмүүс болон миний зүс царайг үзээгүй тэр бүх хүний төлөө хэр их тэмцэлдэж байдгийг минь та нар мэдээсэй гэж би хүсэж байна. 2Ингэснээр тэдний зүрх хайрын дотор холбогдон, Бурханы нууцын жинхэнэ мэдлэг болох Христ уруу аваачдаг бүрэн итгэлт ойлголтоос ирдэг бүх баялагт хүрэн, урамшдаг. 3Христ дотор мэргэн ухаан болоод мэдлэгийн бүх эрдэнэс нуугдсан байдаг. 4Хэн ч та нарыг үнэмшилтэй үгээрээ бүү төөрөгдүүлээсэй гэсэндээ би үүнийг хэлж байна. 5Хэдийгээр би биеэрээ байхгүй байгаа боловч зөв сахилга журамтай байгааг чинь болон Христэд итгэх та нарын итгэлийн бат байдлыг хараад, баярлан би сүнсээрээ та нартай хамт байна.
6Тиймээс та нар Эзэн Христ Есүсийг хүлээн авсан шигээ Түүн дотор алхахдаа, 7заалгаж байснаараа Түүн дотор бат үндэслэгдэн, байгуулагдаж, итгэл дотроо баталгаажин, талархлаар бялхагтун. 8Хэн нэг нь та нарыг Христийн дагуу биш, харин ертөнцийн үндсэн зарчмууд, хүний уламжлалын дагуух гүн ухаан болон хоосон мэхлэлээр олзлох вий хэмээн сэрэмжлэгтүн. 9Учир нь Түүн дотор Бурханы төгс дүүрэн нь бүхлээрээ биетээр оршдог. 10Түүн дотор та нар төгс болгогдсон. Тэр бол бүх удирдлага ба эрх мэдлийн тэргүүн нь мөн. 11Христийн хөвч хөндөх ёслолоор махбодын биеийг тайлан, Түүн дотор та нар бас хүний гараар үйлдэгдээгүй хөвч хөндөх ёслолыг хийлгэсэн. 12Ингэхдээ та нар баптисм дотор Түүнтэй хамт оршуулагдсан. Түүнийг үхэгсдээс амилуулсан Бурханы үйлсэд итгэсэн итгэлээр баптисм дотор та нар бас Түүнтэй хамт амилуулагдав. 13Та нар гэм нүглүүд болон махан биеийн хөвч хөндөх ёслолоосоо болж үхсэн байхад Тэр бидний бүх гэм нүглийг уучлаад, та нарыг Түүнтэй хамт амьд болгосон бөгөөд 14бидний эсрэг зарлигуудаас бүрдсэн, бидэнд дайсагнаж байсан өрийн дансыг хүчингүй болгов. Тэр үүнийг загалмайд хадаж, замаасаа зайлуулжээ. 15Захирагчид болоод эрх баригчдыг зэвсэггүй болгоод, Тэр тэднийг загалмай дээр ялж, тэднийг нийтэд үзүүлэн болгов.
16Тиймд та нар унд, хоол, эсвэл баяр, шинэ сар гарахтай хамаатай асуудлаар, эсвэл амралтын өдрүүдээс болж хэнээр ч бүү шүүгд. 17Эдгээр нь ирж буй юмсын сүүдэр нь юм. Харин бие нь Христийнх юм. 18Хуурамч даруу байдалд таашаал аван, тэнгэр элч нарт мөргөдөг, үзсэн үзэгдлээ баримтлан, махан биеийн ухаанаар өөрийгөө дэмий хоосон дөвийлгөдөг ямар ч хүн та нарын шагналыг бүү булааг. 19Тэд бүхэл биеийг үе мөч болон шөрмөсөөр хамтад нь холбон хангаж, Бурханы өсөлтөөр өсгөдөг Тэргүүнээс зуурдаггүй ажээ.
20Хэрэв та нар дэлхийн үндсэн зарчмуудад Христтэй хамт үхсэн юм бол юунд ертөнцөд амьдарч байгаа юм шиг өөрсдийгөө зарлиг тогтоолд захируулж, 21“Барьж ч, амсаж ч, гар хүрч ч болохгүй” гэх 22(хэрэглэснээр мөхөх тавилантай тэр бүхнийг) хүний сургаал ба тушаалуудын дагуу байх гээд байгаа юм бэ? 23Эдгээр нь өөрсдийн бий болгосон шашин болоод хуурамч даруу байдал, мөн биеийг зовоох байдлаар мэргэн ухаан мэт үзэгдэвч, үүнд махан биеийн хүслийг эсэргүүцэхэд ямар ч тус байхгүй юм.
Одоогоор Сонгогдсон:
КОЛОССАЙ 2: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society