НОМЛОГЧИЙН ҮГС 5
5
1Бурханы өргөө уруу явахдаа чи алхмаа хянагтун. Мунхаглан тахил өргөснөөс ойртон очоод чагнасан нь дээр. Учир нь хүмүүн буруу үйлээ ойлгодоггүй аж. 2Зүрх сэтгэл чинь Бурханы оршихуйд үг хэлэхэд яараагүй байхад хэл тань бүү яараг. Учир нь Бурхан тэнгэрт, чи газарт байна. Иймд чиний үг чинь цөөхөн байг. 3Зүүд зовнилоор арвин байдаг бол тэнэгийн дуу хоолой олон үгээрээ танигддаг. 4Бурханд чи амласан бол хэрэгжүүлэхдээ бүү хойрго бай. Учир нь Тэр тэнэгүүдийг таашаадаггүй. Амласан зүйлээ биелүүл! 5Амлаад үл биелүүлснээс амлахгүй байх нь дээр. 6Чамайг нүгэлд өдөөхийг амандаа бүү зөвшөөрөгтүн. “Энэ нь алдаа байжээ” гэж Бурханы элчийн өмнө бүү хэл. Яагаад Бурхан чиний үгэнд уурсаж, чиний гарын ажил хэргийг устгах ёстой юм бэ? 7Зүүд ба үгсийн олонх нь хоосон байдаг. Харин Бурханаас эмээгтүн.
8Хэрэв чи орон нутагт ядуусыг хавчих хийгээд шүүх болон үнэнийг үгүйсгэхийг харах аваас бүү гайхагтун. Учир нь нэг түшмэлийг нөгөө түшмэл нь харж, тэднийг дээд түшмэл нь ажиглаж байдаг юм. 9Бүхний эцэст талбайг боловсруулагч хаан тэр газартаа тэргүүлэх болой.
10Мөнгийг хайрлагч нь мөнгөнд үл ханах ба элбэг дэлбэгийг эрхэмлэгч нь орлогодоо цаддаггүй. Энэ нь бас л хоосон. 11Баялаг өсөхийн хэрээр шатаагчид олшрох бөгөөд тэдгээрийг хараад суух нь өмчлөгчийн ашиг нь юм гэж үү? 12Их ч, бага ч идсэн ажилчин хүний нойр таатай байдаг атал баян хүний цатгалан гэдэс өөрийг нь унтуулдаггүй ажээ.
13Наран доор би нэгэн гунигийг харлаа. Хураасан баялаг нь эзэндээ зовлон авчирдаг. 14Бүтэлгүй хөрөнгө оруулалтанд сүйрч, өөрийн хүүдээ өвлөх юмгүй үлдэх баячууд ч бас бий. 15Хүн эхийн хэвлийгээс нүцгэн ирээд, ирсэн шигээ тийнхүү нүцгэн буцах ажгуу. Гартаа авч явж чадах хөдөлмөрийнхөө үр жимснээс хүн юу ч үгүй л одох аж. 16Хүн яг ирсэн шигээ л буцах болдог нь мөн л эмгэнэлтэй хэрэг аж. Ингэвэл салхины төлөө хөдөлмөрлөгч хүнд ямар ашиг байх юм бэ? 17Бүхий л амьдралынхаа туршид тэр үлэмж өвчин зовлон хийгээд уур уцаартайгаар харанхуй дотор хооллодог.
18Сайн бөгөөд жаргалтай байхыг энд л би үзлээ. Энэ нь юу хэмээвээс идэх, уух хийгээд Бурханаас өөрт нь өгөгдсөн амьдралынхаа цөөхөн жилүүдийн турш наран доор хөдөлмөрлөсөн ажил бүхнээрээ өөрийгөө баясгах явдал байлаа. Учир нь энэ л түүний хувь хишиг аж. 19Бурханаас эд баялаг, хөрөнгө зоорь авсан хүн бүрд Тэр тэдгээрийг эдэлж, хэрэглэх эрх олгож мөн өөрийн хөдөлмөрөөс баярлаж, хувь хүртэхийг зөвшөөрдөг. Энэ нь Бурханы бэлэг мөн. 20Хүн амьдралынхаа жилүүдийг үргэлж дурсаад байдаггүй. Учир нь сэтгэл зүрхийг нь Бурхан баяр баясгалантай байлгадаг билээ.
Одоогоор Сонгогдсон:
НОМЛОГЧИЙН ҮГС 5: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society