НОМЛОГЧИЙН ҮГС 5:1-7

НОМЛОГЧИЙН ҮГС 5:1-7 АБ2004

Бурханы өргөө уруу явахдаа чи алхмаа хянагтун. Мунхаглан тахил өргөснөөс ойртон очоод чагнасан нь дээр. Учир нь хүмүүн буруу үйлээ ойлгодоггүй аж. Зүрх сэтгэл чинь Бурханы оршихуйд үг хэлэхэд яараагүй байхад хэл тань бүү яараг. Учир нь Бурхан тэнгэрт, чи газарт байна. Иймд чиний үг чинь цөөхөн байг. Зүүд зовнилоор арвин байдаг бол тэнэгийн дуу хоолой олон үгээрээ танигддаг. Бурханд чи амласан бол хэрэгжүүлэхдээ бүү хойрго бай. Учир нь Тэр тэнэгүүдийг таашаадаггүй. Амласан зүйлээ биелүүл! Амлаад үл биелүүлснээс амлахгүй байх нь дээр. Чамайг нүгэлд өдөөхийг амандаа бүү зөвшөөрөгтүн. “Энэ нь алдаа байжээ” гэж Бурханы элчийн өмнө бүү хэл. Яагаад Бурхан чиний үгэнд уурсаж, чиний гарын ажил хэргийг устгах ёстой юм бэ? Зүүд ба үгсийн олонх нь хоосон байдаг. Харин Бурханаас эмээгтүн.