ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 38

38
1Тэгээд тэр хуайс модоор шатаалт тахилын ширээг хийв. Түүний урт нь таван тохой, өргөн нь таван тохой дөрвөлжин бөгөөд өндөр нь гурван тохой ажээ. 2Тэрээр дөрвөн өнцөгт нь эврүүдийг нь хийв. Эврүүд нь түүнтэй нэгдмэл байсан ба тэр түүнийг хүрлээр бүрэв. 3Тэгээд тэр тахилын ширээний бүх л хэрэгслүүд болох савнууд, утгуурууд, угаагуурууд, махны дэгээнүүд ба бойпоруудыг нь хийв. 4Тэрээр тахилын ширээнд зориулж түүний амсрынх нь доор тахилын ширээний голд хүрэхээр хүрэл сараалжин торыг доошлуулж тавихаар хийв. 5Мөн хүрэл торын дөрвөн буланд тэр дамнуургуудын тогтоогч болгон дөрвөн цагираг цутгажээ. 6Тэрээр хуайс модоор дөрвөн дамнуургыг хийж тэдгээрийг хүрлээр бүрэв. 7Тахилын ширээг зөөх дамнуургуудыг түүний хажуу талууд дахь цагиргуудад суулгав. Дамнуургыг дотор талдаа хөндий банзаар хийжээ.
8Цаашлаад, тэр хүрэл суурьтай угаалгын савыг хүрлээр хийв. Хурлын майхны үүдэнд үйлчилдэг эмэгтэйчүүдийн тольнуудаар түүнийг бүтээсэн билээ.
9Тэгээд тэр хашааг босгожээ. Өмнө талд хашааны хөшигнүүд нь нарийн нэхсэн маалингаар хийгдсэн бөгөөд нэг зуун тохой байв. 10Хорин багана нь болон хорин углуур нь хүрлээр хийгдсэн ба багануудын дэгээнүүд болоод холбоосууд нь мөнгөн ажээ. 11Хойд тал нь нэг зуун тохой байсан ба хорин багана, хорин углуур нь хүрэл бөгөөд баганы дэгээнүүд, холбоосууд нь мөнгөн аж. 12Баруун талд нь арван багана болон тэдний арван углуургатай хамт тавин тохой хөшигнүүд хийв. Баганын дэгээнүүд болон холбоосууд нь мөнгөөр бүтсэн байна. 13Зүүн талд нь тавин тохойг хийв. 14Хаалганы нэг талын хөшиг нь гурван багана болон гурван углууртайгаа арван таван тохой байв. 15Нөгөө талынх мөн үүний адил байв. Хашааны хаалганы хоёр тал тус бүрд нь гурван багана болон гурван углууртайгаа арван таван тохой хөшиг байлаа. 16Хашааны эргэн тойрон дахь бүх хөшгийг нарийн нэхсэн маалингаар хийжээ. 17Багануудад зориулсан углуурууд нь хүрэл бөгөөд багануудын дэгээнүүд болон холбоосууд нь мөнгөн ажээ. Оройнуудыг нь мөнгөөр бүрж, хашааны бүх баганууд мөнгөн холбоосуудаар тоноглогдсон байна. 18Хашааны хаалганы дэлгэц нь нэхмэлчдийн урлал бөгөөд хөх, ягаан, час улаан даавуу болон нарийн нэхсэн маалингаар хийгдсэн байв. Хашааны хөшигнүүдийн адил түүний урт нь хорин тохой, өндөр нь таван тохой байв. 19Дөрвөн багана болон дөрвөн углуур нь хүрэл бөгөөд дэгээнүүд болон холбоосууд нь мөнгөн ажээ. Оройнуудыг нь мөнгөөр бүржээ. 20Асрын болон хашааны эргэн тойрон дахь бүх гадас нь хүрэл байв.
21Энэ бол гэрчлэлийн асарт зориулсан зүйлсийн тоо бөгөөд эдгээр нь левичүүдийн үйлчлэлд зориулагдан, Мосегийн тушаасны дагуу тэргүүн тахилч Аароны хөвгүүн Итамарын гараар тоологдсон билээ. 22Иуда овгийн Хурын ач, Урийн хүү Безалел нь ЭЗЭНий Мосед тушаасан бүхнийг хийв. 23Түүнтэй хамт сийлбэрчин, хөх, ягаан, час улаан өнгийн даавуу, нарийн маалингын нэхмэлчин, уран хүн Охолиаб гэгч Дан овгийн Ахисамахын хөвгүүн байв.
24Энэхүү ажилд буюу ариун газрын бүх ажилд зарцуулагдсан бүх алт болон даллах өргөлийн алт нь ариун газрын шекелийн дагуу хорин есөн талант, долоон зуун гучин шекел байв. 25Цуглаанаас тоологдсон хүмүүсийн мөнгө нь ариун газрын шекелийн дагуу зуун талант, мянга долоон зуун далан таван шекел байв. 26Хорь болон түүнээс дээш насны зургаан зуун гурван мянга таван зуун тавин эрчүүдийн төлөө буюу тоологдсон хүний тоонд орсон хүн нэг бүрээс нэг бекаг (энэ нь ариун газрын шекелийн дагуу хагас шекел юм) авав. 27Зуун талант мөнгө нь ариун газрын болон хөшигний углууруудыг цутгахад зориулагдсан бөгөөд нэг зуун талант нь нэг зуун углууранд буюу нэг талант нь нэг углууранд зарцуулагджээ. 28Тэрээр нэг мянга долоон зуун далан таван шекелээр багануудын дэгээнүүдийг хийж, оройнуудыг нь бүрж, тэдэнд холбоос хийв. 29Даллах өргөлийн хүрэл нь далан талант, хоёр мянга дөрвөн зуун шекел байв. 30Түүгээр тэр хурлын майхны үүдэнд зориулж углууруудыг, хүрэл тахилын ширээг, хүрэл торыг нь, бас тахилын ширээний бүх хэрэгслийг хийжээ. 31Мөн эргэн тойрон дахь хашааны углууруудыг, хашааны хаалганы углууруудыг, асрын болон эргэн тойрон дахь хашааны бүх гадсыг хүрлээр хийсэн байв.

Одоогоор Сонгогдсон:

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 38: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү