ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 39
39
1Цаашлаад, ариун газарт үйлчлэх үйлчлэлд зориулан тэд ЭЗЭНий Мосед тушаасны дагуу хөх, ягаан, час улаан даавуугаар нарийн сүлжсэн хувцас хийсэн бөгөөд бас Ааронд ариун хувцас хийв.
2Тэрээр алт болон хөх, ягаан, час улаан өнгийн даавуу болон нарийн нэхсэн маалингаар ефод хийв. 3Тэгээд хөх, ягаан, час улаан өнгийн даавуу болон нарийн нэхсэн маалингатай хамт сүлжихийн тулд тэд гөлмөн алтыг давтан цохиж, нарийн утас болгон зүсэж, уран хүний ажлыг хийв. 4Тэд ефодод холбогдох хоёр мөрөвчийг хийсэн ба дээд талын хоёр өнцөгт нь холбожээ. 5Ефодын дээрх уран сүлжигдсэн бүс нь ЭЗЭНий Мосед тушаасны дагуу алт, хөх, ягаан, час улаан даавуу болон нарийн нэхсэн маалингаар ефодтой адил хийгджээ.
6Тэд оникс чулуунуудыг алтан хүрээтэй сууринд суулгажээ. Тэдгээр нь Израилийн хөвгүүдийн нэрсийн дагуу тамганы сийлбэр мэт сийлэгдэв. 7ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэднийг Израилийн хөвгүүдийн төлөөх дурсгалын чулуунууд болгож ефодын мөрөвчин дээр суулгав.
8Тэрээр уран хүний урлал болох цээживчийг ефодын уран хийцтэй адил алт, хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар хийв. 9Тэр нь дөрвөлжин байв. Тэд цээживчийг хоёр давхарласан бөгөөд урт нь нэг сөөм, өргөн нь нэг сөөм болов. 10Тэд түүн дээр дөрвөн эгнээ чулуунуудыг суулгав. Эхний эгнээнд бадмаараг, молор, маргад, 11хоёр дахь эгнээнд оюу, индранил ба очир алмааз, 12гурав дахь эгнээнд нал эрдэнэ, гартаам ба ягаан болор, 13дөрөв дэх эгнээнд биндэрьяа, оникс, хаш чулуу байв. Тэд эдгээрийг суулгахдаа алтан хүрээтэй сууринд суулгажээ. 14Чулуунууд нь Израилийн хөвгүүдийн нэрсийн тоогоор байв. Эдгээр нь нэрсийнх нь тоогоор арван хоёр бөгөөд тус бүр дээр нь арван хоёр овгийн нэрсээс тамганы сийлбэрээр сийлбэрлэсэн байв. 15Тэд цээживчин дээр шижир алтаар сүлжмэл олс мэт гинжийг хийв. 16Тэд хоёр алтан хүрээтэй суурь, хоёр алтан цагираг хийгээд хоёр цагиргаа цээживчний хоёр үзүүрт холбов. 17Дараа нь тэд хоёр алтан оосроо цээживчний үзүүрүүд дэх хоёр цагирагт холбов. 18Тэд хоёр оосорныхоо нөгөө хоёр үзүүрийг хоёр алтан хүрээтэй сууринд холбож, тэдгээрийг ефодын урд талд түүний мөрөвчтэй холбов. 19Тэд хоёр алтан цагираг хийж, тэдгээрийг цээживчний хоёр өнцөгт, ефодын зэрэгцээ байсан дотоод ирмэгт нь хадав. 20Цаашлаад, тэд хоёр алтан цагираг хийж, ефодын өмнө талд, хоёр мөрөвчнийх нь доор залгаасны ойролцоо, ефодын нэхмэл бүсний дээд талд хадлаа. 21ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэд цээживчний цагиргуудыг ефодын цагиргуудтай хөх оосроор холбов. Ингэснээр цээживч нь ефодын нэхсэн бүсний дээр байж, ефодоос салахгүй болов.
22Дараа нь тэр ефодын нөмрөгийг бүхэлд нь хөх өнгөөр нэхэж хийв. 23Нөмрөгийн амсрыг хөө хуягны амсар шиг оройн хэсгийн голд гаргаж, урагдуулахгүйн тулд амсрыг тойруулан сүлжиж захлав. 24Тэд нөмрөгийн хормойд хөх, ягаан, час улаан өнгийн материал болон нэхсэн маалингаар анарууд хийв. 25Тэд бас шижир алтаар хонхнууд хийж, нөмрөгийн хормойг тойруулан анаруудын завсар хийв. 26ЭЗЭНий Мосед тушаасны дагуу үйлчлэлд зориулж нөмрөгийн хормойг тойруулан хонх болоод анаруудыг солбиулан хийв.
27Тэд Аарон болон хөвгүүдэд нь зориулж нарийн нэхсэн маалингаар дотуур дээл, 28нарийн маалинган малгай, мөн толгойн чимэглэсэн өмсгөл ба нарийн нэхсэн маалинган дотуур өмд, 29нэхмэлчний ажил болох хөх, ягаан, час улаан өнгийн даавуу болон нарийн нэхсэн маалинган бүсийг ЭЗЭНий Мосед тушаасны дагуу хийлээ.
30Тэгээд тэд шижир алтаар ариун титмийн пайзыг хийж, тамганы сийлбэртэй адил “ЭЗЭНд ариун” гэж бичив. 31ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэд үүнийг малгайн дээд талд холбохын тулд хөх уяаг уяв.
32Ингэснээр хурлын майхны асрын бүх ажил дуусжээ. Израилийн хөвгүүд ЭЗЭНий Мосед тушаасан бүхний дагуу хийв. Тэд ийнхүү хийв. 33Тэд асрыг Мосед авчрав. Үүнд: майхан ба түүний бүх тоноглол болох гархинууд, дүнзнүүд, хөндлөвч модод, баганууд, углуургууд, 34улаанаар будсан хуцын арьсан бүтээлэг, далайн гахайн арьсан бүтээлэг болон дэлгэмэл хөшиг, 35гэрчлэлийн авдар, түүний дамнуургууд ба өршөөлийн суудал, 36ширээ болон түүний бүх хэрэгслүүд, Оршихуйн талх, 37шижир алтан дэнлүүний суурь, түүний дэнлүүнүүдийг (дэс дарааллаар нь) бүхий л хэрэгсэл, гэрэлтүүлгийн тос, 38алтан тахилын ширээ, тослох тос, анхилуун утлага болон майхны үүдний хөшиг, 39хүрэл тахилын ширээ, түүний хүрэл тор, түүний дамнуургууд болон түүний бүхий л хэрэгсэл, угаалгын сав болон суурь, 40хашааны хөшиг, түүний баганууд бас углуурууд, хашааны хаалганы дэлгэц, түүний оосрууд, түүний гадаснууд болон асрын үйлчлэлд буюу хурлын майханд зориулсан бүх тоноглолыг, 41мөн ариун газарт үйлчлэхэд зориулж нэхмэл хувцас болон тахилч Аароны ариун хувцас ба тахилчаар үйлчлэх хөвгүүдийнх нь хувцсыг авчрав. 42Тийнхүү Израилийн хөвгүүд бүх ажлыг ЭЗЭНий Мосед тушаасан бүхний дагуу хийжээ. 43Мосе бүх ажлыг шалгав. Үзэгтүн, тэд үүнийг ЭЗЭНий тушаасан ёсоор хийсэн байв. Тиймээс Мосе тэднийг ерөөв.
Одоогоор Сонгогдсон:
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 39: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society