ЭХЛЭЛ 39

39
1Иосеф Египет уруу хүргэгдэв. Тэнд түүнийг авчирсан ишмаелчуудын гараас Фараоны түшмэл, ордны харуулын захирагч Потифар гэдэг нэгэн египет хүн түүнийг худалдан авчээ. 2ЭЗЭН Иосефтой хамт байсан учир түүний бүх ажил үйлс бүтэмжтэй болж, тэр өөрийн эзэн Египет хүний гэрт сууж байлаа. 3Түүний эзэн нь ЭЗЭН түүнтэй хамт байгааг харж, мөн ЭЗЭН түүний хийсэн бүхнийг бүтэмжтэй болгож байгааг үзэв. 4Иосеф эзнийхээ хайр ерөөлийг хүртэж, түүнд зарагдсанд тэрээр Иосефыг гэрийнхээ даамал болгон, бүх эд хөрөнгөө түүнд даатгажээ. 5Тэрээр Иосефоор эд хөрөнгөө харгалзуулсанаас хойш ЭЗЭН Иосефын улмаас тэр египет хүний орон гэрийг ерөөж, ЭЗЭНий ерөөл нь түүний гэр болон тариалангийн талбайд байсан бүх эд юмсад хүртжээ. 6Тэрээр Иосефын гарт бүх эд хөрөнгөө даатгаад, өөрийн идэх хоолноос бусад зүйлийг мэдэхээ больжээ. Иосеф чийрэг сайхан биетэй, үзэсгэлэнтэй сайхан эр байлаа.
7Түүнээс хойш эзнийх нь эхнэр Иосефыг харцаараа өдөж,
—Надтай унтаач хэмээн гуйв. 8Харин Иосеф татгалзаж, эзнийхээ эхнэрт
—Миний эзэн гэрийн доторх бүх эд хөрөнгийг мэддэггүй, бүгдийг нь надад даатгасан учир 9энэ гэрт надаас илүү их хүн байхгүй. Эзэн танаас бусад юуг ч надад хориглоогүй учир нь та бол түүний эхнэр. Би яаж ийм их муухай хэрэг үйлдэж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ? гэв. 10Тэр эмэгтэй өдөр бүр Иосефыг гуйсаар байсан боловч Иосеф үгийг нь сонссонгүй, түүнтэй унтсан ч үгүй, түүнтэй хамт байсан ч үгүй. 11Нэгэн өдөр Иосефыг ажлаа хийхээр гэрт нь ороход, гэрийнхнээс нэг ч хүн тэнд байсангүй. 12Тэр эмэгтэй түүний хувцаснаас чангааж,
—Надтай унтаач гэсэнд Иосеф түүний гарт хувцсаа орхиод, гадагш зугтан гарав. 13Иосеф түүний гарт хувцсаа хаяад зугтан гарахыг хараад, 14тэр эмэгтэй гэрийнхнээ дуудан, тэдэнд хандаж
—Хараач, эзэн маань бидэнд еврей хүн авчирч, түүгээр биднийг доромжлууллаа. Тэр намайг хүчирхийлэх гэж над уруу орж ирлээ. Тэгээд би чангаар хашхирсан. 15Тэр миний чанга дуугаар хашхирахыг сонсоод, хувцсаа надад орхиод гадагш зугтан гарлаа гэв. 16Тэрээр эзнийгээ гэртээ иртэл нь нөгөө хувцсыг дэргэдээ тавьж байв. 17Тэгээд тэр түүнд мөн л нөгөө үгээ хэлж
—Таны бидэнд авчирсан еврей зарц намайг доромжлохоор над уруу орж ирлээ. 18Намайг чанга дуугаар хашхирахад тэрээр хувцсаа надад орхиод, гадагш зугтан гарсан гэв.
19Эзэн нь “Таны зарц намайг ингэлээ” гэж өөрт нь хэлсэн эхнэрийнхээ үгийг сонсоод, уур нь шатжээ. 20Иосефын эзэн түүнийг барьж, шоронд хорив. Тэр шорон нь хааны ялтнуудыг хорьдог шорон байжээ. Иосеф шоронд хоригдож байсан ч 21ЭЗЭН Иосефтой хамт байж, түүнд хайр энэрлийг үзүүлж, шоронгийн харгалзагчийн ерөөлийг ч хүртээжээ. 22Шоронгийн харгалзагч нь шоронд байсан бүх хоригдлыг Иосефын гарт даатгав. Тэнд хийгдэх ажил болгонд Иосеф хариуцлагатай байв. 23Шоронгийн харгалзагч нь Иосефт даатгасан бүхнээ хянадаггүй байлаа. Учир нь ЭЗЭН Иосефтой хамт байж, түүний хийсэн бүхнийг бүтэмжтэй болгожээ.

Одоогоор Сонгогдсон:

ЭХЛЭЛ 39: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү