ЭХЛЭЛ 40

40
1Түүнээс хойно Египетийн хааны сөнч, талхчин хоёр өөрсдийн эзэн Египетийн хаанд нүгэл үйлджээ. 2Фараон өөрийнхөө хоёр албат ахлах сөнч, ахлах талхчин хоёрт уурлаж, 3тэднийг ордны харуулын ахлагчийн байшин доторх Иосефын хоригдож байсан шоронд хийв. 4Ордны харуулын ахлагч Иосефыг тэдэнтэй хамт байлгасанд Иосеф тэдэнд үйлчилжээ. Тэд тэр шоронд олон хоног суув. 5Шоронд хоригдож байсан Египетийн хааны сөнч, талхчин хоёр нэгэн шөнө хоёулаа зүүдэлсэн бөгөөд тэр хоёрын зүүдний совин нь өөр өөр байлаа. 6Иосефыг өглөөгүүр тэдэн дээр орж ирээд харахад тэд их гунигтай болсон байв. 7Иосеф эзнийхээ байшингийн дотор өөртэй нь хамт хоригдож байгаа Фараоны хоёр албатад хандан
—Өнөөдөр та хоёр яагаад их гунигтай харагдана вэ? гэж асуусанд 8тэд
—Бид хоёулаа зүүд зүүдэллээ, харин түүнийг тайлах хүн алга гэсэнд Иосеф тэдэнд
—Тайлал нь Бурханд байгаа биш үү? Надад хэлнэ үү? гэв.
9Тэгээд ахлах сөнч нь өөрийнхөө зүүдийг Иосефт ярьсан нь
—Намайг зүүдэндээ харахад миний өмнө усан үзмийн мод байх ба 10тэр усан үзмийн мод гурван мөчиртэй байх бөгөөд тэр нь соёолж дэлгэрээд, усан үзэм боловсорчээ. 11Миний гар дээр Фараоны аяга байх ба би усан үзмийг авч, Фараоны аяганд шүүсийг нь шахаж хийгээд, тэр аягаа Фараоны гарт өгч байлаа гэв. 12Иосеф түүнд
—Түүний тайлал нь гэвэл, гурван мөчир нь гурван өдөр юм. 13Фараон гурван өдрийн дотор таны толгойг өндийлгөж, хуучин ажилд чинь дахин оруулна. Тэгээд та урьд түүний сөнч байх үедээ хийдэг байсан шигээ Фараоны аягыг дахин гарт нь бариулж өгөх болно. 14Бүх юм чинь сайн болбол, намайг дурсан санаарай. Надад энэрэл хайр үзүүлж, Фараонд миний тухай хэлж, энэ байшингаас намайг гаргаж өгнө үү? 15Үнэнээ хэлэхэд, би бол еврейчүүдийн нутгаас хүчээр хүргэгдэж ирсэн хүн. Би энд шоронд орох ямар ч хэрэг хийгээгүй гэжээ.
16Түүнийг сайнаар тайлсанд ахлах талхчин хараад, Иосефт хандан
—Би бас зүүдэндээ үзсэн нь миний толгой дээр цагаан талхтай гурван сагс байв. 17Дээд талын сагсанд нь Фараонд зориулж жигнэсэн янз бүрийн хоол хүнс байлаа. Гэтэл шувууд миний толгой дээрх сагснаас түүнийг авч идэж байлаа гэсэнд 18Иосеф
—Түүний тайлал нь гэвэл, гурван сагс нь гурван өдөр юм. 19Гурван өдрийн дотор Фараон таны толгойг авч, таныг модонд өлгөөд, шувууд махыг чинь идэх болно гэв.
20Гурав дахь өдөр нь Фараоны төрсөн өдөр байв. Фараон бүх түшмэддээ зориулсан найран дээр ахлах сөнч, ахлах талхчин хоёрынхоо толгойг түшмэдийнхээ дунд дээш өргүүлж, 21ахлах сөнчийг сөнчийнх нь ажилд дахин оруулав. Тэрээр Фараоны гарт аягыг нь барьж өгчээ. 22Харин ахлах талхчныг дүүжилжээ. Тэгээд тэдэнд Иосефын тайлсан ёсоор болсон ч 23ахлах сөнч Иосефыг эргэн санасангүй, харин түүнийг мартав.

Одоогоор Сонгогдсон:

ЭХЛЭЛ 40: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү