ЭХЛЭЛ 43

43
1Тэр нутаг ган зудад хүнд нэрвэгджээ. 2Египетээс тэдний авчирсан үр тариаг бүгдийг нь идэж дуусахад эцэг нь тэдэнд хандаж
—Та нар дахин буцаж яваад, бидэнд жаахан хүнс худалдаж ав! гэсэнд 3Иуда эцэгтээ хандаж
—Тэр хүн бидэнд “Хэрэв дүү чинь та нартай хамт байхгүй бол, та нар миний нүүрийг харахгүй” гэж хатуу сануулсан билээ. 4Хэрэв та дүүг маань бидэнтэй хамт явуулбал, бид явж, танд хүнс худалдаж авна. 5Хэрэв та түүнийг явуулахгүй бол, бид явахгүй. Учир нь тэр хүн бидэнд “Хэрэв дүү чинь та нартай хамт байхгүй бол, та нар миний нүүрийг харахгүй” гэж хэлсэн шүү дээ гэв. 6Израиль
—Та нар яагаад өөрсдөө дүүтэй гэдгээ тэр хүнд хэлж, надад гай учруулав? гэсэнд 7тэд
—Тэр хүн бидний тухай, бидний төрөл садангийн тухай нарийн лавлаж “Аав чинь амьд байгаа юу? Та нарт өөр дүү бий юу?” гэж асуусан учир бид түүний асуултын дагуу хариулсан. Түүнийг “Дүүгээ авчир!” гэж хэлнэ гэж бид хэрхэн мэдэх билээ? гэв. 8Иуда эцэг Израильдаа
—Энэ хүүг надтай хамт явуулаач! Бид босоод явлаа. Тэгвэл бид ч, та ч, хүүхдүүд маань ч цөм амьдарч, үхэхгүй болно. 9Би түүнийг бүрэн хариуцна. Та надаас түүнийг нэхэж болно. Хэрэв би түүнийг танд авчран өгөхгүй бол, би таны өмнө үүрд гэмтэн болно. 10Хэрэв бид хойшлуулаагүй бол бид хэдийн хоёр ч удаа яваад ирэх байсан гэв.
11Эцэг Израиль нь тэдэнд хандаж
—Тэгвэл үүнийг хий. Та нар энэ нутгийн дээд зэргийн юмнаас савандаа хийж, тэр хүндээ бэлэг болгон аваачиж өг, үүнд багахан гүгэл, жаахан зөгийн бал, үнэрт давирхай, анхилуун үнэртэн тос, самар, алмонд тэргүүтэн болой. 12Та нар гартаа хоёр дахин их мөнгө авч яв! Уутны чинь аман дээр буцаж ирсэн мөнгийг эргүүлж авч яв! Тэр андуурсан байж магадгүй. 13Бас дүүгээ авч яваад, тэр хүн дээрээ эргэж оч! 14Төгс хүчит Бурхан тэр хүний өмнө та нарт нигүүлсэл хайрлах буй за. Тэгснээр тэр та нарын нөгөө нэгийг чинь Бениаминтай хамт буцааж явуулах болтугай. Миний хувьд, би алдвал ч алдъя гэв. 15Тэгээд тэд тэдгээр бэлэг болон хоёр дахин их мөнгийг аваад Бениаминтай хамт Египетэд хүрч, Иосефын өмнө хүрэлцэн ирэв.
16Иосеф тэдэнтэй хамт Бениамин байхыг хараад, гэрийн даамалдаа
—Энэ хүмүүсийг гэрт оруулж, мал гарган бэлтгэ. Энэ хүмүүс үдэд надтай хамт хооллоно гэсэнд 17даамал Иосефын хэлснийг ёсоор болгож, тэр хүмүүсийг Иосефын гэрт оруулав. 18Иосефын гэрт тэд хүргэгдсэндээ айцгаан,
—Урьд бидний уутанд буцааж хийсэн байсан тэр мөнгөнөөс болж, бид энд хүргэгдлээ. Энэ нь бидэн уруу дайран довтолж, хүчээр баривчлан, боол болгоод, бидний илжгийг авах гэж байна гэж хэлэв. 19Тэгээд тэд Иосефын гэрийн даамалд дөхөж очоод, байшингийн хаалганы дэргэд түүнд ийнхүү өгүүлэв.
20Эзэн минь! Бид хүнс худалдаж авахаар өмнө нь энд ирсэн билээ. 21Тэгээд буудаллах газраа хүрч очоод, уутныхаа амыг нээсэнд уут бүрийн амсар дээр хүн бүрийн өгсөн мөнгө хэвээрээ байж байсан юм. Тэгээд бид түүнийг буцааж авчирсан. 22Бид бас хүнс худалдаж авахаар илүү мөнгөтэй ирсэн. Бидний уутны амсар уруу мөнгийг маань хэн буцааж хийснийг бид мэдэхгүй гэв. 23Тэрээр
—Тайван байцгаа. Бүү айгтун. Та нарын Бурхан, эцгийн чинь Бурхан та нарын уутанд тэр эрдэнэсийг хийж өгсөн юм. Та нарын тэр мөнгийг би авсан гэж хэлээд, Симеоныг тэдэнд гаргаж өгөв. 24Тэгээд даамал Иосефын гэрт тэднийг дагуулан очоод, тэдэнд ус өгч, хөлийг нь угаалгаж, бас илжгэнд нь тэжээл өгчээ. 25Тэд тэнд хооллох болсноо сонсоод, Иосефыг үдэд ирэхэд нь өгөх бэлгээ бэлтгэв.
26Иосефыг гэрт орж ирэхэд тэд гэрт оруулж ирсэн бэлгээ түүнд өргөн барьж, газар сөгдөн мөргөв. 27Иосеф тэдний амар мэндийг асуугаад,
—Та нарын ярьж байсан нас өндөр болсон эцэг чинь амгалан сайн байна уу? Тэрээр одоо хүртэл амьд сэрүүн байгаа юу? гэсэнд 28тэд
—Таны зарц, бидний эцэг амар сайн, одоо хүртэл амьд сэрүүн байгаа гэж хариулаад, толгой бөхийн мөргөцгөөжээ. 29Иосеф хараагаа өргөн, эхийнхээ хүү Бениамин дүүгээ хараад,
—Энэ чинь та нарын надад хэлээд байсан нөгөө отгон дүү чинь мөн үү? гээд,
—Хүү минь, чамайг Бурхан ивээх болтугай! гэж нэмж хэлэв. 30Иосеф дүүгээ хараад, сэтгэл нь ихэд уярч, яаран уйлах газар хайн, өрөөндөө ороод уйлав. 31Тэрээр нүүрээ угааж, гарч ирээд, сэтгэлээ барин,
—Хоолоо авчирч тавь гэв. 32Тэд Иосефт тусад нь, ах дүү нарт нь тусад нь, түүнтэй хамт хооллодог египет хүмүүст бас тусад нь хоол авчирч өгөв. Учир нь египет хүн еврей хүнтэй хамт хооллохыг жигшдэг ажээ. 33Тэднийг Иосефын өмнө суулгахдаа хамгийн томоосоо аваад хамгийн отгоныг нь хүртэл насных нь дарааллаар суулгасанд тэд бие биеэ гайхан харцгаав. 34Иосеф өөрийн хоолноос тэдэнд барьсан бөгөөд Бениаминд өгсөн хоол нь бусдынхаас тав дахин их байжээ. Тэд Иосефтой хамт ууж, баярлан цэнгэцгээв.

Одоогоор Сонгогдсон:

ЭХЛЭЛ 43: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү