ИСАИА 25

25
1ЭЗЭН, Та бол миний Бурхан.
Би Таныг өргөмжлөн, Таны нэрэнд талархал өргөнө.
Учир нь Та өнө эрт төлөвлөсөн гайхамшгуудаа төгс итгэмжтэйгээр гүйцэтгэв.
2Учир нь Та хотыг овоо, бэхлэгдсэн хотыг балгас болгов.
Харийнхны шилтгээн нь хот байхаа больж, хэзээ ч дахин сэргээгдэхгүй.
3Ийм учраас хүчирхэг хүмүүс Таныг алдаршуулна.
Харгис үндэстнүүдийн хотууд Танаас айна.
4Учир нь Та үгээгүйчүүдэд хамгаалалт нь болж,
шаналсан ядууст өмөг түшиг болж,
шуурганаас хоргодох газар, халуунаас халхлах сүүдэр нь болсон билээ.
Яагаад гэвэл харгис догшины амьсгал нь хананы эсрэг аадар мэт билээ.
5Гангийн халуун адил,
үүлэн сүүдэр бүгчим халууныг багасгадаг мэт
Та гадаадынхны үймээн шуугианыг дарав.
Харгис догшины дуу номхтгогдоно.
6Түмэн цэргийн ЭЗЭН энэхүү уулан дээрх бүх хүнд хуучин дарс,
хамгийн сайн мах ба дарс бүхий элбэг дэлбэг найрыг хийхээр бэлтгэнэ.
7Энэ уулан дээр Тэр бүх хүмүүсийн дээгүүрх бүтээлгийг,
бүх үндэстний дээгүүр татсан хөшгийг залгина.
8Тэр үхлийг мөнхөд залгина.
Эзэн БУРХАН бүх нүүрнээс нулимсыг арчин,
Өөрийн хүмүүсийн зэмлэлийг бүх дэлхийгээс зайлуулна.
Учир нь ЭЗЭН үүнийг айлдсан юм.
9Тэр өдөр “Үзэгтүн. Энэ бол бидний Бурхан байна.
Тэр биднийг аврахыг бид хүлээж байсан.
Энэ бол бидний хүлээсэн ЭЗЭН.
Түүний авралд бүгдээрээ баясан цэнгэцгээе” гэж ярих болно.
10ЭЗЭН мутраа энэ уулан дээр тавина.
Тарианы сүрэл өтөг бууцны шавхайд гишгэгддэг шиг
Моаб өөрийн газартаа гишгэгдэнэ.
11Усанд сэлэгч сэлэхийн тулд гараа дэлгэдэг шиг тэрээр гараа тэдний дунд дэлгэнэ.
Гэвч түүний омгийг, гарын заль мэхнийх нь хамт номхтгоно.
12Хэрэмний чинь халдашгүй бэхлэлтүүдийг Тэр нураан доош тавьж,
түүнийг шороонд хүртэл нь газарт хаяна.

Одоогоор Сонгогдсон:

ИСАИА 25: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү