ИСАИА 45
45
1ЭЗЭН хаадын хуяг дуулгыг алдууруулж,
өмнө нь хүмүүс захирагдахын тулд баруун гартаа барьсан,
дааман хаалганууд нь үл хаагдахын тулд өмнө нь хаалгуудыг дэлгэсэн,
Өөрийн тослогдсон Корешт хандаж,
2“Би чиний өмнө явж,
уулсыг тэгшлэн,
хүрэл хаалгыг эвдэж,
төмөр хаалтуудыг тастана.
3Энэ бол чамайг нэрээр чинь дуудсан
Израилийн Бурхан, ЭЗЭН Би гэдгийг чамд мэдүүлэхийн тулд
Би чамд харанхуйн эрдэнэс,
нууц газруудын нууцалсан эд баялгийг өгнө.
4Миний боол Иаков,
Миний сонгосон Израилийн төлөө
Би мөн чамайг нэрээр чинь дуудсан.
Хэдийгээр чи Намайг танихгүй ч,
Би чамд хүндэт цол өгнө.
5Би бол ЭЗЭН.
Өөр байхгүй.
Надаас өөр Бурхан байхгүй.
Хэдийгээр чи Намайг танихгүй ч,
Би чамайг хүчирхэгжүүлнэ.
6Тийнхүү Надаас өөр хэн ч байхгүй,
Би бол ЭЗЭН,
өөр байхгүй гэдгийг наран мандахаас наран шингэх зүг хүртэлх хүмүүс мэдэх болтугай!
7Би гэрлийг буй болгон,
харанхуйг бүтээж,
энх амгаланг тогтоон,
гай гамшгийг ч бүтээж байна.
Би бол энэ бүгдийг хийдэг ЭЗЭН мөн.
8Тэнгэр ээ, дээрээс шүрш.
Үүлс үнэн зөвийн бороо оруулаг.
Газар нээгдэж, авралыг ургуул.
Түүний хамт үнэн зөв үйлс дэлгэрэг.
ЭЗЭН Би үүнийг бүтээсэн.
9Бүтээгчтэйгээ маргалдагчид хөөрхий еэ!
Шавар сав нь газрын савнуудтай хамт байг.
Шавар нь ваарчиндаа «Чи юу хийж байна вэ?» гэж хэлэх үү?
Эсвэл хийж байгаа юм чинь «Тэр гаргүй юм байна» гэж хэлнэ гэж үү?
10Эцэгтээ «Та юу төрүүлэв?»,
ээждээ «Та юу гаргачихсан юм бэ?» гэж ярьдаг хүн хөөрхий еэ!”.
11Израилийн ариун Нэгэн,
Бүтээгч нь болох ЭЗЭН үүнийг айлдаж байна.
“Миний хөвгүүдийн талаар ирээдүйд болох юмсыг та нар Надаас асуугтун.
Миний мутрын ажлын талаар та нар Надад тушаах уу?
12Дэлхийг бүтээж,
дээр нь хүнийг буй болгосон нь Би мөн.
Би Өөрийн мутраараа тэнгэрийг дэлгээд,
тэдний бүх эздийг нь томилов.
13Би түүнийг үнэн зөвийн дотор босгон,
бүх замыг нь тэгшилнэ.
Тэр ямар ч хөлс,
шагналгүйгээр Миний хотыг барьж,
Миний хоригдлуудыг чөлөөтэй явуулна” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдав.
14ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Египетийн бүтээгдэхүүн,
Кушийн наймаа,
өндөр биетэй сабеанчууд чам дээр ирж,
чинийх болно.
Тэд чиний араас явж,
гинжтэйгээ ирж,
чамд бөхийн мөргөж,
«Үнэхээр Бурхан чамтай хамт байна.
Өөр байхгүй.
Өөр Бурхан байхгүй» гэцгээнэ”.
15Израилийн Бурхан Аврагч минь,
үнэхээр Та Өөрийгөө нуудаг Бурхан юм.
16Шүтээн хийдэг хүмүүс бүгд ичгүүрт орж,
хамтдаа гутамшиг болно.
17Израиль ЭЗЭНээр аврагдан Мөнхийн авралыг олно.
Та нар үүрд мөнх ичихгүй,
гутамшиг болохгүй.
18Тэнгэрийг бүтээсэн ЭЗЭН ингэж айлдаж байна.
(Тэр бол газрыг бий болгосон Бурхан юм.
Тэр газрыг хоосноор бүтээгээгүй бөгөөд
хүмүүсийг оршин суулгахын тулд бүтээсэн билээ.)
“Би бол ЭЗЭН. Өөр байхгүй.
19Би харанхуй орны газраас нууцаар яриагүй.
«Хоосон газар Намайг хайгтун» гэж Би Иаковын үрд хэлээгүй.
ЭЗЭН Би үнэн зөвийг айлдаж байна.
Зөв шударга юмсыг тунхаглаж байна.
20Хамтдаа цуглаж ирцгээ.
Үндэстнүүдийн оргодлууд хамтдаа ойртоцгоо.
Аварч чадахгүй бурханд залбирч,
модон шүтээнүүдийг дээдэлдэг тэдэнд мэдлэг алга.
21Тунхагла, танилцуул.
Тэд хамтдаа зөвлөлдөг.
Хэн эртнээс үүнийг мэдүүлж,
хэн урьдаас үүнийг тунхагласан бэ?
Энэ нь ЭЗЭН Би биш үү?
Надаас өөр Бурхан байхгүй.
Надаас өөр зөвт Бурхан,
Аврагч байхгүй.
22Дэлхийн бүх хязгаар аа,
Над уруу эргэж аврагдагтун.
Учир нь Би бол Бурхан, Надаас өөр Бурхан байхгүй.
23Би Өөрөөрөө тангарагласан.
Миний амнаас үнэн зөв дотор үг гардаг бөгөөд эргэж буцахгүй.
Тиймээс Надад өвдөг бүхэн сөхөрч,
хэл бүр тангараглана.
24Миний тухай тэд
«Үнэн зөв, хүч нь зөвхөн ЭЗЭНд бий» гэж хэлнэ”.
Хүмүүс Түүн уруу ирж,
Түүнд уурсагч бүхэн доромжлогдоно.
25ЭЗЭНий дотор Израилийн бүх үрс зөвтгөгдөж, алдаршина.
Одоогоор Сонгогдсон:
ИСАИА 45: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society