ШҮҮГЧИД 19

19
1Израильд хаангүй байх тэр үед нэгэн Леви хүн Ефраимын уулархаг нутгийн буйд газарт нутаглаж байв. Тэр хүн Иудагийн Бетлехемээс өөртөө татвар эм авчээ. 2Гэтэл түүний татвар эм завхайран самуурч, түүнийг орхин, Иудагийн Бетлехемд буй эцгийнхээ гэрт ирж, тэнд дөрвөн сар суулаа. 3Дараа нь түүний нөхөр нь босож, түүнийг буцааж авчрахын тулд энхрий зөөлнөөр ярихаар нэг зарцаа авч хоёр илжгээ дагуулан түүний араас явав. Өнөөх эмэгтэй түүнийг эцгийнхээ гэрт дагуулж ороход охины эцэг хүргэнээ хараад, ихэд баярлав. 4Охины эцэг буюу хадам эцэг нь түүнийг саатуулсаар, тэр хадмындаа гурав хонов. Тэд тэндээ идэж ууж хоноглосон билээ. 5Дөрөв дэх өдөр нь тэд өглөө эртлэн босож, Леви хүн аянд бэлтгэв. Охины эцэг хүргэндээ
—Зүсэм талх идэж, хүчээ сэлбээд дараа нь явагтун гэв. 6Тэд хамтдаа сууж, хамт идэж ууцгаав. Охины эцэг өнөөх эрд хандан
—Нэгэн үдшийг өнгөрөөж, сэтгэлээ хөгжөөгөөч гэлээ. 7Тэгэхэд өнөөх эр явахаар боссон боловч хадам нь түүнийг дахин нэгэн үдшийг тэнд өнгөрүүлэхээр ихэд ятгасан юм. 8Тав дахь өдөр нь тэр өглөө эртлэн явахаар боссонд охины эцэг
—Хүчээ сэлбэн үд болтол хүлээгээч гэхэд тэд цуг хооллов. 9Өнөөх эр татвар эм болон зарцынхаа хамт явахаар боссонд охины эцэг буюу хадам эцэг нь түүнд
—Үзэгтүн, өдөр бараг өнгөрлөө шүү дээ. Шөнийг өнгөрүүлэгтүн. Өдөр дуусаж байна. Энд хонож, сэтгэлээ хөгжөөгтүн. Тэгээд маргааш өглөө чи эртлэн босоод, гэртээ харьж болно шүү дээ гэв.
10Харин өнөөх эр шөнийг өнгөрүүлэхийг хүсэлгүй, босон явж, Иебусын (буюу Иерусалимын) харалдаа газар ирэв. Түүнтэй хамт эмээллэсэн хоёр илжиг болон татвар эм нь байлаа. 11Тэд Иебусын ойролцоо байх үед гэгээ тасрах дөхөж байлаа. Зарц нь эзэндээ
—Иебусчуудын энэ хотод орж, тэнд энэ шөнийг өнгөрөөе гэжээ. 12Харин эзэн нь түүнд
—Израилийн хөвгүүд бус, харь хүмүүсийн хотод бид орохгүй. Харин Гибеа хүртэл явна гэж хэлжээ. 13Тэр зарцдаа
—Гибеа, эсвэл Рамагийн аль нэгэнд нь хүрч, тэнд энэ шөнийг өнгөрөөе гэв. 14Ингээд тэд цаашлан өнгөрч замаараа явсаар, Бениамины харьяа Гибеад ойртон ирэх үед нар шингэв. 15Тэд Гибеад нэвтрэн орж, хоноглохоор тийшээ зүглэв. Тэднийг гэртээ хонуулах хүн байсангүй тул тэд хотын задгай талбайд суув.
16Үдэш нэгэн өвгөн талбай дахь ажлаасаа буун ирж явж байлаа. Энэ хүн Ефраимын уулархаг нутгийн хүн бөгөөд Гибеад амьдардаг байжээ. Харин энэ газрын хүмүүс нь бениаминчууд байлаа. 17Тэр өвгөн хараагаа дээш өргөн, хотын задгай талбайд байгаа аяны хүмүүсийг хараад
—Та нар хаашаа явж байна вэ, мөн хаанаас ирсэн бэ? хэмээн асуув. 18Өнөөх эр түүнд
—Бид Иудагийн Бетлехемээс Ефраимын уулархаг нутгийн буйд газар уруу аялж байгаа юм. Юу гэвэл би тэндхийнх бөгөөд би Иудагийн Бетлехемд очсон билээ. Би одоо өөрийн гэр уруу харьж явна. Харин хэн ч намайг гэртээ оруулдаггүй. 19Гэвч бидний илжгэнд сүрэл ч, тэжээл ч байна. Бас надад, таны шивэгчинд болон таны зарц нартай хамт яваа залууд ч талх дарс байна. Дутах юм юу ч алга гэж хариулав. 20Өвгөн
—Манайд морилцгоо доо. Бүх хэрэгцээг чинь хангахыг надад зөвшөөрөөч. Харин задгай талбайд шөнийг өнгөрөөж болохгүй гэв. 21Ингээд тэр түүнийг өөрийн гэртээ дагуулж ирэн, илжгэнд нь өвс тавив. Тэд хөлөө угааж, идэж ууцгаалаа.
22Тэднийг найрлаж байтал байшинг нь уг хотын хүмүүс болох үл бүтэх этгээдүүд бүслэн, хаалгыг нь балбаж гарлаа. Тэд гэрийн эзэн өвгөнд
—Танай гэрт ирсэн тэр эрийг гарга. Бид түүнтэй хурьцмаар байна гэж бархиралдав. 23Гэрийн эзэн болох өнөөх хүн тэдэн уруу гарч, тэдэнд
—Болохгүй, найзууд минь, ийм бузар хэрэг бүү үйлдэгтүн. Энэ хүн миний гэрт ирсэн хойно тийм ичгүүрт хэрэг бүү үйлдэгтүн. 24Энд миний онгон охин болон тэр хүний татвар эм байна. Би тэднийг гаргая. Та нар тэднийг хүчирхийлж, хүссэн зүйлээ тэдэнд үйлдэгтүн. Харин тэр хүнд тийм ичгүүрт хэргийг бүү үйлдэгтүн гэж хэлэв. 25Гэвч хүмүүс түүнийг сонссонгүй. Иймээс тэр хүн татвар эмээ барьж, тэдэнд гаргаж өгөв. Тэд түүнийг бүх л шөнөжингөө өглөө болтол хүчирхийлж, доромжилж, үүр цайх үед тэр эмэгтэйг тавив. 26Үүр цайх үеэр өнөөх эмэгтэй нөгөө хүний гэрийн буюу эзнийхээ байрлаж байсан газрын үүдэнд ирж унаад, гэгээ ортол тэндээ байв.
27Түүний эзэн нь өглөө босож, байшингийн хаалгыг нээн замаараа цаашаа хөдлөхөөр гадагш гартал, татвар эм нь гараа босгон дээр тавиад гэрийн үүдэнд унасан хэвтэж байв. 28Тэр түүнд
—Бос, явцгаая гэсэнд хариу дуугарсангүй. Тэгээд эмэгтэйг илжгэн дээр тавив. Тэр хүн босож, гэр өөдөө явав. 29Тэр гэртээ ороод хутга авч, татвар эмийнхээ цогцсыг авч мөч мөчөөр нь арван хоёр хэсэг болгон хувааж, Израилийн нутаг дэвсгэр даяар илгээв. 30Үүнийг үзсэн бүгд
—Израилийн хөвгүүд Египет газраас гарсан өдрөөс энэ өдрийг хүртэл үүнтэй адил хэрэг гарсан ч үгүй, үзэгдсэн ч үгүй билээ. Үүнийг сайтар тунгаан бодож, зөвлөн хэлтүгэй гэлцэв.

Одоогоор Сонгогдсон:

ШҮҮГЧИД 19: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү