ИОХАН 14
14
1Та нар зүрхээ бүү зовоо. Бурханд итгэ, мөн Надад итгэ. 2Миний Эцэгийн гэрт орон байр олон бий. Хэрэв тийм биш байсан бол Би та нарт хэлэх байсан. Би та нарт орон байр бэлдэхээр явна. 3Хэрэв Би явж та нарт орон байр бэлдвэл, дахин ирж, та нарыг Өөртөө авна. Би хаана байна, та нар мөн тэнд байх болно. 4[Миний] явах газарт очих замыг та нар мэднэ гэж айлдав. 5Томас Түүнд
—Эзэн, бид Таны хаашаа явахыг мэдэхгүй. Бид тэр замыг яаж мэдэх вэ? гэсэнд 6Есүс
—Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй. 7Хэрэв та нар Намайг мэдсэн бол Миний Эцэгийг ч мөн мэдэх байсан. Одооноос эхлэн та нар Түүнийг мэдэж, Түүнийг харлаа гэлээ. 8Филип Түүнд
—Эзэн, бидэнд Эцэгээ харуулаач. Энэ л бидэнд хангалттай гэв. 9Есүс
—Би та нартай ийм удаан хамт байхад, чи Намайг таньсангүй гэж үү, Филип ээ? Намайг харсан хүн Эцэгийг харсан. Гэтэл “Бидэнд Эцэгээ харуулаач” гэж чи яаж хэлнэ вэ? 10Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт чи итгэхгүй байна уу? Миний та нарт хэлж байгаа үгсийг Би Өөрийн санаагаар хэлээгүй. Харин Миний дотор оршигч Эцэг Өөрийнхөө ажлуудыг хийж байгаа юм. 11Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт Надад итгэгтүн. Эс бөгөөс үйлсийн учир итгэгтүн. 12Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Надад итгэдэг хүн Миний хийдэг ажлуудыг бас хийх бөгөөд эдгээрээс агуу ажлуудыг ч хийх болно. Яагаад гэвэл Би Эцэгтээ очно. 13Та нар Миний нэрээр юуг ч гуйсан, Эцэг Хүүгээрээ алдаршуулагдахын тулд Би түүнийг хийнэ. 14Хэрэв та нар Миний нэрээр юуг ч Надаас гуйвал, Би түүнийг чинь хийнэ. 15Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь. 16Би Эцэгээсээ гуйхад, Тэр та нарт өөр Туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна. 17Тэр бол үнэний Сүнс мөн бөгөөд Түүнийг харахгүй, мэдэхгүйгээсээ болж, ертөнц Түүнийг хүлээж авч чадахгүй. Харин та нар Түүнийг мэднэ. Яагаад гэвэл Тэр та нартай хамт үргэлж байх бөгөөд та нарын дотор байна. 18Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар уруу ирнэ. 19Хэсэг хугацааны дараа ертөнц Намайг дахиж харахгүй. Харин та нар Намайг харна. Яагаад гэвэл Би амьд байна. Та нар ч амьд байна. 20Би Өөрийн Эцэг дотор, та нар Миний дотор, Би та нарын дотор байхыг та нар тэр өдөр мэдэх болно. 21Миний тушаалуудыг сахидаг хүн Намайг хайрлагч мөн. Намайг хайрладаг хүн Миний Эцэгт хайрлагдана. Би тэр хүнийг хайрлаж, Өөрийгөө түүнд илчилнэ гэж хэллээ. 22Иудас (Искариотын биш) Түүнд
—Эзэн, Та бидэнд Өөрийгөө илчлэх атлаа яагаад ертөнцөд илчлэхгүй юм бэ? гэж асуухад 23Есүс
—Хэрэв хэн нэг нь Намайг хайрлавал, тэр хүн Миний үгийг сахина. Миний Эцэг түүнийг хайрлана. Бид тэр хүн уруу очиж, түүнтэй хамт Өөрсдийн орон байраа байгуулна. 24Намайг хайрладаггүй хүн Миний үгийг сахидаггүй. Та нарын сонсож байгаа үг Минийх биш, харин Намайг илгээсэн Эцэгийнх билээ.
25Би та нартай хамт байхдаа энэ бүгдийг хэллээ. 26Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүх зүйлийг заах бөгөөд Миний та нарт хэлсэн бүгдийг сануулах болно. 27Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг Би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай. 28“Би яваад, та нар уруу ирнэ” гэж Миний хэлснийг та нар сонслоо. Хэрэв та нар Намайг хайрласан бол Эцэгтээ очиж байгаад минь баярлах байсан. Яагаад гэвэл Эцэг Надаас илүү аугаа юм. 29Энэ нь тохиолдох үед та нарыг итгүүлэхийн тулд үүнийг тохиолдохоос өмнө та нарт Би одоо хэллээ. 30Би та нартай олон юм дахиж ярихгүй. Учир нь ертөнцийн захирагч ирж байна. Түүний юу нь ч Миний дотор байхгүй. 31Харин Би Эцэгээ хайрлаж, Эцэгийн Надад тушаасан ёсоор хийдгээ ертөнцөд мэдүүлнэ. Босоцгоо. Эндээс явцгаая.
Одоогоор Сонгогдсон:
ИОХАН 14: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society