ИОШУА 1
1
1ЭЗЭНий зарц Мосег нас барсны дараа, Мосегийн туслах Нуны хүү Иошуатай ЭЗЭН ярин, айлдсан нь
— 2Миний зарц Мосе нас барав. Тэгэхээр одоо босож, энэ бүх хүмүүсийн хамт энэ Иорданыг гатлан, Израилийн хөвгүүд болох тэдэнд Миний өгч буй тэр газар уруу яв. 3Хөлийн чинь ул гишгэх газар бүрийг Би Мосед амласныхаа дагуу чамд өгсөн билээ. 4Та нарын газар нутаг бол цөл ба энэ Ливанаас их мөрөн Евфрат хүртэл, хитчүүдийн бүх нутаг болох наран жаргах зүгийн Их Тэнгис хүртэл байх болно. 5Хэн ч чамайг амьдралын чинь туршид эсэргүүцэн зогсож чадахгүй. Би Мосетэй хамт байсан шигээ мөн чамтай хамт байх болно. Би чамайг хаяхгүй, мөн чамайг орхихгүй. 6Тууштай бөгөөд зоригтой бай. Учир нь өвөг дээдэст нь өгөхөөр Миний амласан газар нутгийг чи энэ ард түмэнд өвлүүлэн эзэмшүүлнэ. 7Гагцхүү тууштай бөгөөд чин зоригтой бай. Миний зарц Мосегийн чамд тушаасан бүх хуулийг сахин биелүүлэхэд анхаарал тавь. Хаа явсан газраа амжилт олохын тулд түүнээс баруун тийш ч, зүүн тийш ч бүү хазай. 8Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй, харин түүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүлэхээр өдөр шөнөгүй түүнийг бясалгаж яв. Тэгвэл чи хөгжин дэвжиж, амжилтад хүрэх болно. 9Би чамд тушаагаагүй гэж үү? Тууштай бөгөөд зоригтой бай! Хаана явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх учраас бүү чичирч айгтун гэв.
10Ингээд Иошуа ард олны захирагчдад тушаан хэлсэн нь
— 11Хуаран дундуур явж, ард олонд “Өөрсдийн хүнсээ бэлтгэцгээ. Учир нь гурав хоногийн дотор та нар өөрсдөд чинь эзэмшүүлэхээр та нарын Бурхан ЭЗЭНий өгч буй газар нутгийг эзлэхээр Иорданыг гатлан явах гэж байна” хэмээн хэл гэв.
12Харин Реубен, Гад болон Манассегийн хагас овгийнхонд Иошуа хэлсэн нь
— 13ЭЗЭНий зарц Мосегийн та нарт тушаан хэлсэн үг болох “Та нарын Бурхан ЭЗЭН та нарт амралтыг өгч байгаа бөгөөд энэ газрыг та нарт өгнө” гэснийг сана. 14Та нарын эхнэр, хүүхэд болон мал сүрэг Мосегийн та нарт өгсөн Иорданы зүүн талын нутагт үлдэх болно. Харин танай бүх эрэлхэг дайчид ах дүү нарынхаа өмнө тулалдааны бүрэн зэвсэгтэйгээр гатлан явна. 15ЭЗЭН та нарыг амраасантай адил ах дүүсийг тань амраатал, мөн тэд бас та нарын Бурхан ЭЗЭНий өгч буй нутгийг эзэмших хүртэл та нар тэдэнд туслах ёстой. Дараа нь та нар нутагтаа харьж, ЭЗЭНий зарц Мосегийн та нарт өгсөн Иорданы зүүн талын наран мандах зүгийн нутгаа эзэмшицгээ гэв. 16Тэд Иошуад хариулан хэлсэн нь
—Тушаасан болгоныг тань бид хийж, илгээх газар бүрд тань явах болно. 17Бид Мосег бүх юманд дагаж байсан шигээ, таныг мөн дагах болно. Харин зөвхөн таны Бурхан ЭЗЭН Мосетэй хамт байсан шиг тантай хамт байх болтугай. 18Тушаалыг тань эсэргүүцэн, тушааж хэлсэн үгийг тань дагаагүй хэн боловч үхэх болно. Гагцхүү тууштай бөгөөд зоригтой бай гэлээ.
Одоогоор Сонгогдсон:
ИОШУА 1: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society