ЛУК 17

17
1Тэр шавь нартаа
—Бүдрэх чулуунууд ирэх нь зайлшгүй ч, харин бүдрүүлэгч нэгэн золгүй еэ! 2Түүний хувьд балчир эднээс нэгийг нь бүдрүүлснээс тээрмийн чулуу хүзүүнээсээ дүүжлээд тэнгист хаягдсан нь дээр байхсан. 3Болгоомжтой бай! Хэрэв ах дүү чинь нүгэл үйлдвэл, түүнийг зэмлэ. Хэрэв тэр гэмшвэл, түүнийг уучил. 4Хэрэв тэр чиний эсрэг өдөрт долоон удаа нүгэл үйлдчихээд, чам уруу долоон удаа эргэж ирж, “Би гэмшиж байна” гэвэл, түүнийг уучил гэв.
5Элч нар Эзэнд
—Итгэлийг маань өсгөөч гэхэд 6Эзэн
—Хэрэв та нар гичийн үр шиг итгэлтэй байвал, энэ ялам модонд “Үндсээрээ сугарч, тэнгист урга” гэсэн ч тэр дагах л болно. 7Гэвч та нараас хэн нэг нь тариаланг чинь эрхэлдэг юм уу, малыг чинь хариулдаг боолтой байгаад боолоо талбайгаас ирэхэд нь, “Даруй орж, хооллохоор суу” гэж хэлэх үү? 8Харин ч түүнд “Надад идэх юм бэлтгэ. Бүсээ бүсэлж, намайг идэж ууж дуустал үйлчил. Дараа нь чи идэж, ууна биз” гэж хэлэхгүй гэж үү? 9Боол нь тушаасныг нь гүйцэтгэсэнд тэр талархдаггүй биз дээ? 10Түүнчлэн та нар ч мөн адил, та нарт тушаасан бүхнийг гүйцэтгээд, “Бид зохисгүй боолууд. Бид зөвхөн юу хийх ёстойгоо л хийсэн” гэж хэл гэжээ.
11Иерусалим хүрэх замд нь ийм хэрэг болов. Есүс Самари, Галил нутгийн заагаар явж байжээ. 12Түүнийг нэгэн гацаанд хүрч ирэх үед зайдуу зогсож байсан уяман өвчтэй арван хүн Түүнтэй уулзлаа. 13Тэд дуугаа өндөрсгөн
—Есүс, Эзэнтэн, биднийг өршөөгөөч! гэв. 14Есүс тэднийг харуутаа,
—Яв, өөрсдийгөө тахилч нарт үзүүл гэжээ. Тэд явах зуураа цэвэршсэн байлаа. 15Тэдний нэг нь өөрийн эдгэрснийг хараад, буцан ирж, чанга дуугаар Бурханыг алдаршуулан, 16Есүсийн хөлд нь нүүрээрээ унаж Түүнд талархал өргөв. Тэр Самари хүн байжээ. 17Есүс
—Арван хүн эдгээгдсэн биш үү? Харин бусад ес нь хаана байна? 18Бурханд алдрыг нь өргөхөөр энэ харь хүнээс өөр хэн ч буцаж ирсэнгүй юу? гээд, 19Тэр түүнд
—Бос, өөрийн замаар яв. Итгэл чинь чамайг эдгээлээ гэв.
20Бурханы хаанчлал хэзээ ирэхийг асуусан фарисайчуудад Тэр хариулахдаа
—Бурханы хаанчлал ажиглагдахуйцаар ирэхгүй. 21Хэн ч “Хараач, тэнд байна” гэх юмуу, эсвэл “Энд байна” гэж хэлэхгүй. Учир нь Бурханы хаанчлал нь та нарын дунд байна гэв.
22Тэр шавь нартаа
—Хүний Хүүгийн өдрүүдийн нэгийг нь ч гэсэн та нар харахыг хүсэх тийм өдрүүд ирэх боловч та нар харахгүй. 23Тэд та нарт “Тийшээ хараач”, “Ийшээ хараач” гэх болно. Бүү яв, тэдний хойноос бүү гүйцгээ. 24Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл гялсхийн цахилах аянга адил Хүний Хүү Өөрийн өдрөө тийн байх болой. 25Харин эхлээд Тэр их зовлон эдлэх ёстой бөгөөд энэ үеийнхэнд ад үзэгдэнэ. 26Ноагийн өдрүүдэд ч ямар байсанчлан Хүний Хүүгийн өдрүүдэд ч мөн тийнхүү байх болно. 27Ноаг хөвөгч авдарт орох өдрийг хүртэл хүмүүс идэж, ууцгааж, гэрлэж, нөхөрт гарцгааж байсан. Тэгтэл үер буун тэднийг бүгдийг нь хөнөөв. 28Лотын өдрүүдэд ч мөн л ийм юм болсон. Тэд идэж, ууцгааж, худалдаж, худалдан авч, тариалж, барьж байгуулцгааж байлаа. 29Харин Лотыг Содомоос гарах өдөр тэнгэрээс гал, хүхэр бууж тэднийг бүгдийг нь хөнөөв. 30Хүний Хүү илчлэгдэх өдөр ч мөн тийм байх болно. 31Тэр өдөр гэрийнхээ дээвэр дээр байх нэг нь гэр доторх эд хөрөнгөө авахаар дотогш бүү орог. Үүнчлэн талбайд байх нэг нь бүү буц. 32Лотын эхнэрийг санагтун. 33Хэн өөрийн амийг хадгалахыг хичээнэ, тэр хүн түүнийгээ алдана. Хэн амиа алдана, тэр хүн түүнийгээ аварна. 34Би та нарт хэлье. Тэр шөнө нэг оронд байх хоёр хүний нэгийг авч, нөгөөг нь орхино. 35Нэг дор буудай тээрэмдэгч хоёр эмэгтэйн нэгийг авч, нөгөөг нь орхино. 36[Талбайд байх хоёр эрийн нэгийг нь авч, нөгөөг нь орхих болно гэв.] 37Тэд Түүнд
—Эзэн, хаана? гэхэд Тэр
—Бие нь хаана байна, тэнд мөн тас шувууд цугладаг гэжээ.

Одоогоор Сонгогдсон:

ЛУК 17: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү