ЛУК 18

18
1Сэтгэл алдрахгүйгээр байнга залбирах ёстойг тэдэнд ойлгуулахын тулд Тэр ийм нэг сургаалт зүйрлэл айлдав.
2Нэгэн хотод Бурханаас эмээдэггүй, хүмүүсийг ч хүндэлдэггүй шүүгч байжээ. 3Тэр хотод нэгэн бэлэвсэн эмэгтэй байв. Тэр эмэгтэй шүүгч уруу ирж, түүнд “Арцалдагчаас минь намайг өмгөөлөөч” гэдэг байлаа. 4Шүүгч туслахыг удтал хүсээгүй боловч дараа нь өөртөө “Хэдийгээр би Бурханаас эмээдэггүй, хүмүүсийг хүндэлдэггүй 5боловч энэ эмэгтэй амар заяаг минь үзүүлэхгүй нь. Түүнийг өмгөөлөхөөс, эс тэгвэл тэр ирж үргэлж намайг залхаах вий” гэжээ. 6Тэгээд Эзэн
—Шударга бус шүүгчийн юу хэлснийг сонс. 7Өөрт нь хандан өдөр шөнөгүй хашхирах Өөрийн сонгосон хүмүүсээ Бурхан өмгөөлөхгүй гэж үү? Тэр тэднийг удтал хойшлуулна гэж үү? 8Би та нарт хэлье. Тэр даруйд Бурхан тэднийг өмгөөлөх болно. Харин Хүний Хүү ирэхдээ, газар дээр итгэл олох болов уу? гэжээ.
9Өөрсдийгөө зөвт хэмээн өөрсдөдөө итгээд, бусдыг басамжлагч хэсэг хүмүүст хандан Тэр энэ сургаалт зүйрлэлийг айлдав.
10Хоёр хүн залбирахаар сүмд оржээ. Нэг нь фарисай, нөгөө нь татвар хураагч байж гэнэ. 11Фарисай хүн зогсоод өөртөө залбиран “Бурхан, Тандаа би талархъя. Юу гэвэл би бусад хүмүүс шиг зальхай, шударга бус, завхай бишээ. Тэр байтугай энэ татвар хураагч шиг ч биш билээ. 12Би долоо хоногт хоёр удаа мацаг барьж, олсон бүгдийнхээ аравны нэгийг өргөдөг” гэв. 13Харин татвар хураагч нь зайдуу зогсоод, тэнгэр өөд харж ч зүрхлэлгүй, харин цээжээ дэлсэн байж, “Бурхан минь, нүгэлт намайг өршөөгөөч” гэв. 14Би та нарт хэлье, фарисай нь биш, харин энэ хүн зөвтгөгдөн гэртээ харив. Учир нь өөрийгөө өргөмжилдөг аливаа хүн номхруулагдаж, өөрийгөө даруу байлгагч нь өргөмжлөгдөнө гэв.
15Хүмүүс Есүсээр хүүхдүүддээ гар хүргүүлэхийн тулд тэднийг Түүн уруу авчирчээ. Гэвч үүнийг харсан шавь нар хүмүүсийг зэмлэн буруутгахад 16Есүс тэднийг дуудаад,
—Хүүхдүүдийг Над уруу ирүүл. Тэднийг бүү саатуул. Учир нь Бурханы хаанчлал ийм л хүмүүсийнх юм шүү. 17Үнэнээр Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээн авахгүй хүн тийш ер орохгүй гэжээ.
18Нэгэн удирдагч Түүнээс
—Сайн Багш аа, мөнх амийг өвлөхийн тулд би юу хийх ёстой вэ? гэж асуув. 19Есүс түүнд
—Намайг чи юунд сайн гэж дуудна вэ? Бурханаас өөр хэн ч сайн биш. 20“Бүү завхайр. Бүү ал. Бүү хулгайл. Бүү худал гэрчил. Эцэг эхээ хүндэл” гэсэн тушаалуудыг чи мэднэ шүү дээ гэхэд 21тэр
—Би энэ бүгдийг хар багаасаа л сахисан гэв. 22Үүнийг сонсоод Есүс түүнд
—Чамд нэг л зүйл дутуу байна. Эзэмшиж байгаа бүхнээ худалдаж, ядууст тарааж өг. Тэгвэл чи тэнгэрт баялагтай болно. Тэгээд ирж, Намайг дага гэв. 23Харин тэр үүнийг сонсоод ихэд гунигтай болов. Учир нь тэр маш баян хүн байжээ. 24Есүс түүнийг хараад,
—Бурханы хаанчлалд баян хүн орох нь үнэхээр хэцүү юм. 25Баян хүн Бурханы хаанчлалд орохоос тэмээ зүүний сүвэгчээр нэвтрэх нь илүү хялбар гэж айлдсаныг нь 26сонссон хүмүүс
—Тэгвэл хэн аврагдаж чадах вэ? гэцгээсэнд 27Есүс
—Хүмүүст боломжгүй зүйлс Бурханд боломжтой гэв. 28Петр
—Хараач, бид өөрсдийн юмсыг орхиж, Таныг дагасан гэхэд, 29Тэр тэдэнд
—Үнэнээр Би та нарт хэлье. Хэн Бурханы хаанчлалын төлөө гэр орон, эхнэр, ах дүү, эцэг эх болон үр хүүхдээ орхино, 30тэр хүн энэ үед өчнөөн дахинаар хүлээн авч, ирэх үед мөнх амийг хүлээн авна гэв.
31Тэр арван хоёрыгоо дэргэдээ авч, тэдэнд
—Харагтун, бид Иерусалим уруу явж байна. Хүний Хүүгийн тухай эш үзүүлэгчдээр бичүүлсэн бүхэн биелэгдэх болно. 32Хүний Хүү харь үндэстэнд тушаагдахад, тэд Түүнийг доромжлон элэглэж, нулимж, 33ташуурдсаны дараа ална. Гурав дахь өдөр нь Тэр амилах болно гэж айлдав. 34Шавь нар нь юу ч ойлгосонгүй. Айлдсан үг нь тэднээс нууцлагдсан байсан тул тэд ойлгоогүй ажээ.
35Түүнийг Иериход ойртон ирэх үед нэгэн сохор хүн гуйлга гуйн замын хажууд сууж байв. 36Хажуугаар нь өнгөрөх олны дууг сонсоод, тэр юу болоод байгааг лавлажээ. 37Назарын Есүс явааг хүмүүс түүнд хэлэв. 38Тэгтэл мөнөөх сохор хүн
—Давидын Хүү, Есүс ээ! Намайг өршөөгөөч! гэхэд 39түрүүнд нь явагсад дуугүй байхыг түүнд хатуу анхааруулсанд тэр улам чангаар
—Давидын Хүү, намайг өршөөгөөч! гэж хашхирав. 40Есүс зогсож, түүнийг Өөр уруу нь авчрахыг тушаав. Сохор эрийг ирмэгц, Тэр түүнээс
41Өөрийнхөө төлөө чи Надаар юу хийлгэхийг хүснэ вэ? гэсэнд, тэр
—Эзэн, би дахин харахыг хүсэж байна гэхэд 42Есүс түүнд
—Хараа ор. Итгэл чинь чамайг эдгээв гэжээ. 43Өнөөх хүн тэр даруйдаа харах болж, Бурханыг алдаршуулсаар Түүнийг дагав. Үүнийг харсан олон түмэн бүгдээрээ Бурханыг магтацгаалаа.

Одоогоор Сонгогдсон:

ЛУК 18: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү