МАТАЙ 25

25
1Мөн тэнгэрийн хаанчлал нь шинэ хүргэнийг угтахаар дэнлүүгээ аваад гарсан арван охинтой төстэй юм. 2Тэдний тав нь мунхаг, тав нь ухаалаг болой. 3Мунхгууд нь дэнлүүгээ авахдаа тосыг нь авсангүй. 4Харин ухаалагууд нь дэнлүүгээ тос хийсэн савны хамт авсан байлаа. 5Хүргэн ирэхгүй удсан тул тэд бүгд үүрэглэж, унтаж эхлэв. 6Гэтэл шөнө дөлөөр хашхирах дуун гарч “Хараач, хүргэн байна. Түүнийг угтаж авцгаа” гэлээ. 7Нөгөө охид бүгдээрээ босож дэнлүүгээ бэлдэв. 8Мунхгууд нь ухаалаг охидод “Бидэнд тосноосоо өгөөч. Бидний дэнлүү бөхөх нь” гэсэнд, 9ухаалагууд нь “Бидэнд ч, та нарт ч огт хүрэлцэхгүй. Оронд нь худалдаачин уруу очиж, тос худалдаж ав” гэжээ. 10Тэднийг худалдаа хийхээр явсан хооронд хүргэн ирээд, бэлэн болсон хүмүүс хүргэний хамт хуримын найрт оров. Тэгээд хаалгаа хаажээ. 11Дараа нь бусад охид нь ирж “Эзэн, эзэн, бидэнд онгойлгож өгөөч” гэхэд 12харин тэр хариуд нь “Үнэнээр би та нарт хэлье. Би та нарыг танихгүй” гэв. 13Иймд та нар соргог бай. Учир нь та нар тэр өдрийг ч, цагийг ч мэдэхгүй.
14Энэ нь холын аянд гарахдаа боолуудаа дуудаад, эзэмшлээ тэдэнд даатгаж буй нэгэн хүнтэй адил болой. 15Тэр хүн нэгэнд нь тав, нөгөөд нь хоёр, өөр нэгэнд нь нэг талант өгчээ. Ингэхдээ хүн нэг бүрд чадварынх нь дагуу өгсөн аж. Тэгээд аяндаа явж гэнэ. 16Таван талант авсан нь тэр даруй явж, түүгээрээ худалдаа хийгээд таван талант нэмж олов. 17Үүний нэгэн адил хоёр талант авсан нь мөн хоёр талант нэмж олжээ. 18Харин нэг талант авсан нь явж, газар ухаад эзнийхээ мөнгийг нуужээ. 19Удаан хугацааны дараа өнөөх боолуудын эзэн ирж, тэдэнтэй тооцоо бодож гэнэ. 20Таван талант авсан боол ирээд илүү таван талант өгч, “Эзэн, та надад таван талант олгосон. Би таван талант нэмж олсон” гэв. 21Эзэн нь түүнд “Сайн байна, итгэмжит сайн боол минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор” гэжээ. 22Хоёр талант авсан боол ирээд, “Эзэн, та надад хоёр талант олгосон. Би хоёр талант нэмж олов” гэхэд 23эзэн нь түүнд “Сайн байна, итгэмжит сайн боол минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор” гэжээ. 24Мөн нэг талант авсан боол ирж, “Эзэн, би таныг үр суулгаагүй газраас хадаж авдаг, юу ч цацаагүй газраас түүж авдаг хатуу хүн гэдгийг мэднэ. 25Би айсан тул явж таны талантыг газарт нуучихсан. Хар, таны юм энэ байна” гэв. 26Эзэн нь түүнд “Муу залхуу боол, чи намайг үр суулгаагүй газраас хадаж авдаг, юу ч цацаагүй газраас түүж авдгийг мэддэг гэнэ ээ? 27Тэгвэл чи миний мөнгийг мөнгө хүүлэгчид хадгалуулах ёстой байсан юм. Тэгсэн бол буцаж ирээд өөрийнхийгөө хүүтэй нь авах байсан юм. 28Түүнээс нэг талантыг авч арван таланттай хүнд өг. 29Учир нь хэнд байна, түүнд илүү ихээр өгөгдөнө. Тэр нэгэнд элбэг дэлбэг байх болно. Харин хэнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс авагдах болно. 30Энэ зохисгүй боолыг харанхуйд хөөж гарга! Тэр тэнд уйлж, шүдээ хавирах болно” гэж хэлэв.
31Хүний Хүү алдраа дуурсган бүх тэнгэр элч нарынхаа хамт ирж Өөрийн сүр жавхлант сэнтийдээ залрах болно. 32Тэр бүх үндэстнийг өмнөө цуглуулж, хоньчин хонио ямаанаас тусгаарладаг шиг Тэр тэднийг нэг нэгнээс нь тусгаарлаад, 33хонио Өөрийн баруун талд, ямааг зүүн талд байлгана. 34Тэгээд Хаан Өөрийн баруун талд байгсдад хандан хэлэх нь “Миний Эцэгээр ерөөгдөгсөд өө, та нар нааш ир. Ертөнцийн сууриас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай. 35Учир нь Намайг өлсөж байхад та нар Надад идэх юм өгсөн. Намайг цангаж байхад уух юм өгсөн, Намайг харь хүн байтал урьж оруулсан, 36нүцгэн байхад минь Намайг хувцасласан, өвчтэй байхад минь Намайг эргэж байсан, шоронд байхад минь Над уруу ирсэн билээ” гэхэд, 37зөвт хүмүүс Түүнд “Эзэн, бид хэзээ Таныг өлсөж байхыг тань хараад хооллож, цангаж байхыг тань хараад уух юм өгсөн бэ? 38Хэзээ бид Таныг харь газрынх байсныг тань хараад урьж оруулан, нүцгэн байхыг тань хараад хувцасласан бэ? 39Хэзээ бид Таныг өвчтэй байхыг тань хараад эргэж, шоронд байхыг тань хараад очсон юм бэ?” гэх болно. 40Тэгэхэд Хаан тэдэнд “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг” гэж хэлнэ.
41Тэгээд Тэр Өөрийн зүүн талд байгсдад хандан “Хараагдагсад аа, Надаас зайл. Диавол болоод түүний тэнгэр элч нарт нь бэлтгэсэн мөнх галд ор. 42Учир нь та нар Намайг өлсөж байхад идэх юм өгөөгүй, цангаж байхад минь уух юм өгөөгүй, 43Намайг харь газрынх байхад урьж оруулаагүй, нүцгэн байхад минь хувцаслаагүй, өвчтэй болоод шоронд байхад минь Над уруу ирээгүй” гэж хэлнэ. 44Тэд мөн адил “Эзэн, хэзээ бид Таныг өлсөж, цангаж, харь газрын, нүцгэн, өвчтэй, шоронд байхыг чинь хараад Танд үйлчлээгүй юм бэ?” гэх болно. 45Тэр хариуд нь “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээр хамгийн дордод нь ийнхүү үйлдээгүй бол Надад ч хийгээгүй хэрэг” гэж хэлнэ. 46Тэд мөнх шийтгэлд, харин зөвт хүмүүс нь мөнх аминд орох юм гэж айлдлаа.

Одоогоор Сонгогдсон:

МАТАЙ 25: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү