ТООЛЛОГО 31
31
1Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
— 2Израилийн хөвгүүдийн төлөө мидианчуудаас өшөөгөө бүрэн авагтун. Үүний дараа чи өвөг дээдэс уруугаа одох болно гэв. 3Мосе ард олонтой ярин
—ЭЗЭНий өшөөг Мидианд гүйцэлдүүлэхээр Мидианы эсрэг явахын тулд өөрсдийнхөө дундаас эрчүүдийг дайнд зэвсэглэгтүн. 4Израилийн бүх овгийн, овог бүрээс нэг мянгатыг та нар дайнд илгээх ёстой гэлээ. 5Тийнхүү Израилийн мянгатуудаас, овог бүрээс нэг мянгат буюу арван хоёр мянгат дайнд авагдав. 6Овог бүрээс нэг мянгатыг Мосе дайнд илгээсэн бөгөөд тахилч Елеазарын хүү Финехас гартаа ариун савнууд болон түгшүүрийн дохионы бүрээнүүдийг аван тэдэнтэй хамт дайнд явав. 7Ийнхүү ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тэд Мидианы эсрэг дайн хийлээ. Тэд эр хүйстэн бүрийг алав. 8Тэд Мидианы хаадыг бусад алагдагсдын хамт алсан билээ. Тэдгээр нь Мидианы таван хаад болох Еви, Рекем, Зур, Хур, Реба нар байв. Тэд бас Беорын хүү Балаамыг илдээр алав. 9Израилийн хөвгүүд Мидианы эмэгтэйчүүд болон тэдний багачуудыг олзлон авав. Тэдний бүх сүргийг, бүх мал сүргийг болон тэдний бүх эд юмсыг тэд дээрэмдэв. 10Дараа нь израильчууд тэдний амьдарч байсан бүх хотуудыг, тэдний хуарангуудыг галдан шатаав. 11Хүн, малын бүх дээрэм, бүх олзыг тэд авав. 12Тэд олзлогдогсдыг болон олз, дээрэмдсэн юмсыг Иерихогийн харалдаах Иорданы дэргэд Моабын талд буй хуаран уруу Мосе, тахилч Елеазар ба Израилийн хөвгүүдийн чуулганд авчирлаа.
13Мосе, тахилч Елеазар нар болон чуулганы бүх удирдагчид тэднийг угтахаар хуарангийн гадна гарцгаав. 14Дайны албаас ирсэн цэргийн захирагчид болох мянгатын дарга нар, зуутын дарга нарт Мосе уурлав. 15Мосе тэдэнд
—Та нар бүх эмэгтэйчүүдийн амийг хэлтрүүлэв үү? 16Харагтун, тэд Балаамын зөвлөгөөгөөр Пеорын хэрэг явдалд Израилийн хөвгүүдийг ЭЗЭНий эсрэг бурууг үйлдэхэд хүргэсэн. Тэгээд ЭЗЭНий цуглааны дунд гамшиг ирсэн. 17Тийм учир одоо, багачуудын дундах эр хүйстэн бүрийг, эр хүнтэй унтаж мэдсэн эмэгтэй болгоныг алагтун. 18Харин эр хүнийг мэдээгүй бүх охидыг өөрсдөдөө хэлтрүүлэн үлдээгтүн. 19Та нар хуарангийн гадна долоо хоног буудаллагтун. Хүн алсан хэн боловч, алагдагсдад хүрсэн хэн боловч, та нар болон олзлогдогсод чинь гурав дахь, долоо дахь өдөр өөрсдийгөө цэвэршүүл. 20Та нар хувцас бүрийг, арьсан эдлэл бүрийг, ямааны ноолууран бүх зүйлсийг, мөн бүх модон эдийг өөрсдийнхөө төлөө цэвэршүүлэгтүн гэлээ.
21Дараа нь тахилч Елеазар дайнд явсан бүх дайчдад
—ЭЗЭНий Мосед тушаасан хуулийн тогтоол нь энэ болой. 22Зөвхөн алт, мөнгө, хүрэл, төмөр, цагаан тугалга, хар тугалга, 23галд тэсвэртэй бүхнийг та нар гал дундуур гаргах ёстой. Тэгээд энэ нь цэвэр болох боловч бузарт зориулсан усаар энэ нь цэвэршүүлэгдэх болой. Харин галд тэсвэргүй алив бүхнийг усан дундуур гарга. 24Та нар өөрсдийн хувцсыг долоо дахь өдөр угаан цэвэр болгогтун. Үүний дараа та нар хуаранд орж болно гэв.
25Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
— 26Чи болон тахилч Елеазар, цуглааны эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчид дээрэмдсэн олз омог буюу хүн, малын аль алиных нь тооллогыг хий. 27Дайнд явсан дайчдад болон бүх цуглааны дунд олз омгийг хуваагтун. 28Дайнд явсан дайчдаас ЭЗЭНд зориулан татвар болгон хүн, мал, илжиг, хонины таван зуугаас нэгийг нь хураан ав. 29Үүнийг тэдний хагасаас аваад, ЭЗЭНд өргөл болгон тахилч Елеазарт өгөгтүн. 30Израилийн хөвгүүдийн хагасаас хүн, мал, илжиг, хонь болон бүх амьтдын тавь бүрээс нэгийг нь авч, тэдгээрийг ЭЗЭНий асрын үүргийг сахиж буй левичүүдэд өгөгтүн гэв. 31Мосе, тахилч Елеазар нар ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор хийв.
32Дайчдын дээрэмдсэн олзноос үлдсэн олз омог нь зургаан зуун далан таван мянган хонь, 33далан хоёр мянган үхэр, 34жаран нэгэн мянган илжиг, 35хүмүүсээс, эр хүнтэй унтаж үзээгүй эмэгтэйчүүдийн тоо нь бүгд гучин хоёр мянга байлаа. 36Нэг хагас болох, дайнд явагсдын хувь нь хонины тоо гурван зуун гучин долоон мянга таван зуу байсан бөгөөд 37хониноос авсан ЭЗЭНий хураамж нь зургаан зуун далан тав байв. 38Үхэр гучин зургаан мянга байсан бөгөөд ЭЗЭНий хураамжинд далан хоёрыг нь авав. 39Илжигнүүд гучин мянга таван зуу байсан бөгөөд ЭЗЭНий хураамжинд жаран нэгийг нь авав. 40Хүмүүс арван зургаан мянга байсан бөгөөд ЭЗЭНий хураамжинд гучин хоёр хүнийг авав. 41ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тахилч Елеазарт өгөх ЭЗЭНий өргөл болох алба татварыг Мосе өгчээ.
42Дайнд явсан эрчүүдээс Мосегийн тусгаарласан Израилийн хөвгүүдийн нөгөө хагасын хувьд, 43цуглааны хагас нь гурван зуун гучин долоон мянга таван зуун хонь, 44гучин зургаан мянган үхэр, 45гучин мянга таван зуун илжиг, 46арван зургаан мянган хүн байлаа. 47Израилийн хөвгүүдийн хагасаас хүн, малын аль алиных нь тавь бүрээс нэгийг нь Мосе авч, ЭЗЭНий түүнд тушаасан ёсоор тэдгээрийг ЭЗЭНий асрын үүргийг сахиж байсан левичүүдэд өгөв.
48Дараа нь цэргийн мянгатуудын захирагчид болох мянгатын дарга нар болон зуутын дарга нар Мосе уруу очин, 49Мосед хандаж
—Таны зарц нар болох бидний удирдлаган дор байгаа дайчдад тооллогыг явуулав. Биднээс нэг ч хүн алдагдаагүй. 50Тиймээс бид өөрсдийнхөө төлөө ЭЗЭНий өмнө эвлэрүүллийг хийхээр хүн бүрийн олсон алтан эдлэл, гарын зүүлт, бугуйвч, тамган бөгж, ээмэг ба хүзүүний зүүлтүүдийг ЭЗЭНд өргөл болгон авчрав гэлээ. 51Мосе, тахилч Елеазар нар гар урлалын бүх төрөл болох тэдгээр алтыг тэднээс авав. 52Мянгатын дарга нар, зуутын дарга нараас ЭЗЭНд өргөсөн өргөлийн бүх алт нь арван зургаан мянга долоон зуун тавин шекел байлаа. 53Дайчдаас хүн бүр өөртөө олзыг авсан байлаа. 54Тийнхүү Мосе, тахилч Елеазар нар мянгатын болон зуутын дарга нараас алтыг нь аван, түүнийг ЭЗЭНий өмнө Израилийн хөвгүүдэд дурсгал болгон хурлын майханд авчрав.
Одоогоор Сонгогдсон:
ТООЛЛОГО 31: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society