ТООЛЛОГО 32

32
1Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд нь хэт олон тооны мал сүрэгтэй байлаа. Тиймээс тэд Иазерын нутгийг болон Гилеадын нутгийг мал сүрэгт нь үнэхээр тохирох газар болохыг хараад, 2Гадын хөвгүүд, Реубений хөвгүүд ирж, Мосе, тахилч Елеазар нарт болон цуглааны удирдагчдад
3Атарот, Дибон, Иазер, Нимра, Хешбон, Елеале, Себам, Небо болон Беон 4хэмээх нутгийг Израилийн цуглааны өмнө ЭЗЭН эзэлсэн. Уг нутаг нь мал сүргийн нутаг бөгөөд боолууд тань мал сүрэгтэй болой гэв. 5Тэд
—Хэрэв бид таны нүдэнд тааллыг олсон аваас энэ нутгийг боолууддаа эзэмшил болгон өгөгтүн. Биднийг Иорданыг гатлуулан бүү авч явагтун гэж өгүүлэв.
6Харин Мосе Гадын хөвгүүд, Реубений хөвгүүдэд
—Та нарыг энд суух зуур ах дүү нар чинь дайнд явах ёстой гэж үү? 7ЭЗЭНий тэдэнд өгсөн нутаг уруу гатлан явахад нь юунд та нар Израилийн хөвгүүдийн зоригийг мохооно вэ? 8Би танай эцгүүдийг уг нутгийг харуулахаар Кадешбарнеагаас илгээхэд тэдний хийсэн зүйл ийм болой. 9Учир нь тэд Ешколын хөндий уруу очин уг нутгийг үзэх үед, Израилийн хөвгүүдийн зоригийг нь мохоосон. Ингэснээр тэд ЭЗЭНий тэдэнд өгсөн нутаг уруу яваагүй. 10Тиймээс тэр өдөр ЭЗЭНий уур хилэн шатаж, Тэр тангараглан, 11“Египетээс гарч ирсэн хорь ба түүнээс дээш насны нэг ч хүн, Абрахам, Исаак, Иаковд Миний амласан тэр нутгийг харахгүй. Учир нь тэд Намайг бүрэн дагаагүй. 12Харин кениз хүн Иефуннегийн хүү Калеб, Нуны хүү Иошуа нар л харах болно. Учир нь тэд ЭЗЭНийг бүрэн дагасан” хэмээсэн. 13Тийнхүү ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, ЭЗЭНий мэлмийд мууг үйлдсэн хүмүүсийн бүхэл бүтэн үе устах хүртэл Тэр тэднийг цөлд дөчин жил тэнүүчлүүлсэн билээ. 14Одоо харагтун, нүгэлт хүмүүсийн зулзаганууд, та нар Израилийн эсрэг ЭЗЭНий шатаж буй уур хилэнг улам нэмэхээр эцгүүдийнхээ байранд бослоо. 15Хэрэв та нар Түүнийг дагахаас няцан эргэх аваас Тэр дахин нэг удаа тэднийг цөл газарт хаян орхих бөгөөд та нар энэ бүх ард олныг устгах болно гэлээ.
16Дараа нь тэд түүн уруу ойртон ирж,
—Бид энд мал сүрэгтээ зориулан хонины хашаа хороог, багачууддаа зориулж хотуудыг барьж босгох болно. 17Харин уг нутгийн оршин суугчдаас болж манай багачууд бэхлэгдсэн хотуудад амьдарч байх зуур Израилийн хөвгүүдийг нутагт нь аваачих үе хүртэл бид зэвсэглээд Израилийн хөвгүүдийн өмнө явахад бэлэн байх болно. 18Израилийн хөвгүүдийн хүн нэг бүр өөрийн өвийг эзэмштэл бид өөрсдийн гэр орон уруу буцахгүй. 19Иорданы нөгөө талд тэдэнтэй хамт бидэнд өв байхгүй. Учир нь зүүн зүг уруу Иорданы энэ талд бидэнд өөрсдийн маань өв ирсэн билээ гэв.
20Тиймээс Мосе тэдэнд
—Хэрэв та нар үүнийг хийн, дайнд явахаар ЭЗЭНий өмнө өөрсдийгөө зэвсэглэж, 21Түүнийг Өөрийн дайснуудаа өмнөөсөө хөөн зайлуулах хүртэл танай бүх зэвсэглэсэн эрчүүд ЭЗЭНий өмнө Иорданыг гатлан явж, 22тэр нутаг ЭЗЭНий өмнө дийлэгдэх аваас, үүний дараа та нар буцах бөгөөд ЭЗЭНий өмнө болон Израилийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөх болно. Энэ нутаг ЭЗЭНий өмнө та нарын эзэмшил болох юм. 23Гэвч хэрэв та нар ингэхгүй аваас, харагтун, та нар ЭЗЭНий өмнө нүгэл үйлдсэн бөгөөд нүгэл чинь та нарыг олох болно гэдгийг сайн мэдтүгэй. 24Багачууддаа зориулан хотуудыг, хониндоо зориулж хашаа хороог өөрсдөө барьж босгон, амласан зүйлээ хийгтүн гэлээ. 25Гадын хөвгүүд, Реубений хөвгүүд Мосетэй ярин,
—Боолууд тань эзнийхээ тушаасан ёсоор хийх болно. 26Бидний багачууд, бидний эхнэрүүд, бидний мал сүрэг болон бидний бүх үхэр сүрэг энд Гилеадын хотуудад үлдэх болой. 27Тэр зуур таны боолууд, дайнд зэвсэглэсэн хүн бүр эзнийхээ хэлсэн ёсоор тулалдахаар ЭЗЭНий оршихуйд гатлан явах болно гэлээ.
28Тиймээс Мосе тэдний талаарх тушаалыг тахилч Елеазар, Нуны хүү Иошуа ба Израилийн хөвгүүдийн овгуудын эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчдэд өгөв. 29Мосе тэдэнд
—Хэрэв Гадын хөвгүүд, Реубений хөвгүүд буюу тулаанд зэвсэглэсэн хүн бүр нь ЭЗЭНий оршихуйд та нартай хамт Иорданыг гатлаад уг нутаг нь та нарын өмнө дийлэгдэх аваас, та нар тэдэнд Гилеадын нутгийг эзэмшил болгон өгөгтүн. 30Харин хэрэв тэд зэвсэглэн та нартай хамт гатлахгүй бол тэд Канааны нутагт та нарын дунд эзэмшилтэй байх болно гэв. 31Гадын хөвгүүд, Реубений хөвгүүд хариулан,
—Таны боолуудад ЭЗЭНий айлдсанчлан бид хийх болно. 32Бид зэвсэглэн ЭЗЭНий оршихуйд Канаан нутаг уруу гатлан орох бөгөөд бидний өвийн эзэмшил нь Иорданы цаад талд бидэнд үлдэх болно гэлээ.
33Тиймээс Мосе Гадын хөвгүүдэд, Реубений хөвгүүдэд, Иосефын хүү Манассегийн овгийн хагаст аморичуудын хаан Сихоны хаанчлал ба Башаны хаан Огийн хаанчлалыг, хотууд болон нутаг дэвсгэрийг нь эргэн тойрондох газрын хотуудтай нь хамт уг нутгийг өгөв. 34Гадын хөвгүүд Дибон, Атарот, Ароер, 35Атрот-шофан, Иазер, Иогбеха зэргийг, 36Бет-нимра, Бет-хараныг бэхлэлт хот болгон барьсан бөгөөд хониндоо зориулж хашаа хороог барив. 37Реубений хөвгүүд Хешбон, Елеале, Кириатаим, 38Небо, Баал-меон (эдгээрийн нэрс өөрчлөгдсөн), Сибмаг барьсан ба тэд барьсан хотууддаа өөр нэрсийг өгөв. 39Манассегийн хүү Махирын хөвгүүд Гилеад уруу явж, түүнийг аван, тэнд байсан аморичуудыг зайлуулав. 40Тиймээс Мосе, Манассегийн хүү Махирт Гилеадыг өгсөн бөгөөд тэр тэнд амьдрав. 41Манассегийн хүү Иаир явж тэндхийн суурингуудыг аван, тэдгээрийг Хаввот-иаир хэмээн нэрлэв. 42Ноба явж Кенат болон түүний гацаануудыг аваад, түүнийг өөрийнхөө нэрээр Ноба хэмээн нэрлэв.

Одоогоор Сонгогдсон:

ТООЛЛОГО 32: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү