СУРГААЛТ ҮГС 2
2
1Хүү минь, хэрэв чи миний хэлэхийг хүлээн авч,
Миний тушаалуудыг дотроо нандигнан хадгалбал,
2Мэргэн ухаанд анхааран чих тавьж цээжээ тунгаан бодох уруу хандуулдаг бол,
3Хэрэв чи ялгах чадварын төлөө чанга дууддаг,
Ухаарахын төлөө дуу хоолойгоо өндөрсгөдөг бол,
4Хэрэв чи түүнийг цалин цагаан мөнгө мэт эрж,
Нууцлагдсан эрдэнэ мэт хайдаг бол,
5ЭЗЭНээс эмээхүйг чи ухаарна,
Бурханы мэдлэгийг олж авна.
6Учир нь ЭЗЭН мэргэн ухааныг өгдөг бөгөөд
Түүний амнаас ухаан хийгээд мэдлэг гардаг.
7Тэр цэх шулуун явдалт хүнд саруул ухааныг нөөцөлдөг ба
Үнэнч шударгаар явагчдын хувьд бамбай мөн.
8Тэр шударга ёсны жимийг хамгаалдаг бөгөөд
Өөрийнхөө бурханлаг хүмүүсийн замыг сэргийлдэг юм.
9Тэгвэл зөв болон шударга явдал,
Цэх шулуун байдал ба сайн сайхан зам болгоныг чи ухаарах болно.
10Учир нь мэргэн ухаан чиний зүрхэнд орж,
Мэдлэг сэтгэлд чинь тааламжтай байх болно.
11Хэрсүү чанар чамайг сэргийлэх бөгөөд ухаан нь чамайг хамгаална.
12Энэ нь чамайг хорон муугийн замаас,
Гажсан зүйлсийг яригч хүнээс,
13Харанхуйн замаар явах гэж цэх шулуун замыг орхигсдоос,
14Хорон мууг хийдгээрээ бахархдаг,
Хорон муугийн гажсан зүйлсэд баясдаг хүмүүсээс,
15Хазгай муруй замтай хүмүүсээс болон замаасаа эргэж буцдаг хүмүүсээс,
16Мөн үгээрээ уяраан уруу татагч садар эмээс салгахын тулд юм.
17Тэр эм идэр насныхаа ханийг орхиж,
Бурханыхаа гэрээг умартжээ.
18Учир нь түүний орон гэр мөхөлд шигдэж,
Зам нь үхэгсэд уруу хөтөлнө.
19Түүн уруу явсан хүмүүсээс нэг нь ч эргэж ирдэггүй бөгөөд
Амийн замд хүрдэггүй.
20Тиймээс чи сайн санаатнуудын замаар явж,
Шударга зөв хүмүүсийн жимийг дага.
21Учир нь цэх шулуун хүн л газар дэлхий дээр амьдарч,
Буруугүй нь байсаар байх болно.
22Харин хар санаатан газраас таслагдаж,
Итгэлийг эвдэгч хүн газрын хөрснөөс арчигдана.
Одоогоор Сонгогдсон:
СУРГААЛТ ҮГС 2: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society