ДУУЛАЛ 145

145
Давидын магтаалын дуулал.
1Өө, Хаан болох Бурхан минь, би Таныг өргөмжилж,
Таны нэрийг үүрд мөнхөд магтана.
2Өдөр бүр би Таныг магтаж,
Таны нэрийг үүрд мөнхөд магтана.
3ЭЗЭН бол агуу ба өндөрт магтууштай бөгөөд
Түүний агуу байдал хэмжээлшгүй билээ.
4Нэг үеийнхэн Таны үйлсийг нөгөө үеийнхэнд магтаж,
Таны хүчирхэг үйлдлүүдийг тунхаглана.
5Таны сүр хүчний цог жавхлант яруу алдар болон
Таны гайхамшигт үйлсийг би тунгаан бодно.
6Хүмүүс Таны сүрдмээр үйлсийн хүчийг ярих бөгөөд
Би ч Таны агуу байдлыг тунхаглана.
7Тэд Таны элбэг баян сайн сайхны дурсгалыг хичээнгүйлэн ярих бөгөөд
Би ч Таны зөв шударгын тухай баяртайгаар хашхирна.
8ЭЗЭН бол нигүүлсэнгүй ба өршөөнгүй,
Уурлахдаа удаан, хайр энэрлээр агуу их юм.
9ЭЗЭН бол бүгдэд сайн,
Түүний өршөөлүүд Өөрийнх нь бүтээл бүхний дээр байдаг.
10Өө, ЭЗЭН, Таны бүтээл бүхэн Танд талархал өргөх бөгөөд
Таны бурханлаг хүмүүс Таныг магтацгаана.
11Тэд Таны хаанчлалын сүр жавхлангийн тухай ярьж,
Таны сүр хүчний талаар өгүүлнэ.
12Энэ нь хүний хөвгүүдэд Таны хүчит үйлс болон
Таны хаанчлалын сүр жавхлангийн яруу алдрыг мэдүүлэхийн тулд болой.
13Таны хаанчлал бол мөнхийнх бөгөөд
Таны ноёрхол бол үеийн үед үргэлжилнэ.
14ЭЗЭН унасан бүхнийг өндийлгөж,
Сөхөрсөн бүхнийг босгодог.
15Бүхний нүд Тан уруу хардаг бөгөөд
Та товлосон цагт тэдний хоол хүнсийг өгдөг билээ.
16Та мутраа дэлгэн,
Бүх амьтны хүслийг хангадаг юм.
17ЭЗЭН бол Өөрийн бүх замд зөв шударга,
Өөрийн бүх үйлсэд энэрэнгүй.
18ЭЗЭН Өөрийг нь дуудагч бүхэнд,
Өөрийг нь үнэнээр дуудагч бүхэнд ойр байдаг.
19Тэрээр Өөрөөс нь эмээгчдийн хүслийг биелүүлнэ.
Тэр бас тэдний хашхирахыг сонсон, тэднийг аварна.
20ЭЗЭН Өөрийг нь хайрладаг бүгдийг сахин хамгаалдаг,
Харин бүх хорон муу хүнийг Тэр устгана.
21Миний ам ЭЗЭНий магтаалыг өгүүлэх бөгөөд
Бүх махан биес Түүний ариун нэрийг үүрд мөнхөд магтацгаана.

Одоогоор Сонгогдсон:

ДУУЛАЛ 145: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү