ДУУЛАЛ 38
38
Дурсгалд зориулсан Давидын дуулал.
1ЭЗЭН, Өөрийн хилэн дотроо намайг бүү зэмлээч,
Өөрийн шатаж буй ууран дотроо намайг бүү гэсгээгээч.
2Учир нь Таны сум намайг нэвт сүлбэж,
Таны мутар намайг доош дарсан.
3Таны хилэгнэлээс болж махан биед минь эрүүл газар үгүй.
Миний нүглээс болж ясанд минь амар амгалан ч үгүй.
4Учир нь миний гэм буруу толгойгоос минь давжээ.
Хүнд ачаа мэт тэд надад даагдахгүй байна.
5Миний мунхгаас болж
Шархнууд минь хувилж, муухай үнэр ханхлуулна.
6Намайг мушгин ихэд бөхийлгөжээ.
Би бүхэл өдрийн турш гашуудан явна.
7Ууц нуруу минь халуу шатаж,
Махан биед минь эрүүл газар гэж үгүй.
8Намайг сульдуулан доройтуулж, маш хүндээр бэртээжээ.
Зүрхний минь шаналлаас болж би ёолдог.
9Эзэн, миний бүх хүсэл Таны өмнө байна.
Миний санаа алдах дуу Танаас нууцлагдаагүй байна.
10Миний зүрх давчдаж, хүч чадал минь алдардаг.
Нүдний минь гал ч бөхсөн.
11Миний хайртай хүмүүс хийгээд миний найз нөхөд
Гамшгаас минь зугтдаг.
Хамаатан саднууд минь ч холуур зогсдог.
12Миний амийг эрэгчид урхи тавьдаг.
Намайг шархлуулахыг хүсэгчид сүйрлийн тухай ярилцаж,
Өдөржингөө заль мэхийг сэддэг.
13Харин би дүлий хүн шиг үл сонсдог.
Мөн амаа эс нээдэг хэлгүй хүн шиг байна.
14Тийм ээ, би бол огт сонсдоггүй,
Аманд нь зэмлэл байдаггүй хүн мэт байна.
15Учир нь, ЭЗЭН, би Танд найддаг.
Миний Бурхан ЭЗЭН, Та хариулах болно.
16Учир нь би “Хөл алдах үед минь өөрсдийгөө миний эсрэг өргөмжлөх
Тэд надаас болж бүү баярлатугай” гэж хэлсэн.
17Учир нь би унахад бэлэн бөгөөд
Өвчин шаналал минь үргэлж миний өмнө байдаг.
18Би гэм буруугаа улайдаг.
Нүглээсээ болж би санаа зоволтоор дүүрэн байна.
19Харин миний дайснууд идэвхтэй, хүчтэй бөгөөд
Намайг утга учиргүйгээр үзэн ядагчид олон байна.
20Би сайныг дагадаг тул сайныг муугаар хариулагчид намайг эсэргүүцдэг.
21ЭЗЭН, намайг бүү орхиоч.
Бурхан минь ээ, надаас бүү хол байгаач.
22Миний аврал болох Эзэн,
Надад туслахаар хурдлаач.
Одоогоор Сонгогдсон:
ДУУЛАЛ 38: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society