ИЛЧЛЭЛТ 3
3
1Сардей дахь чуулганы тэнгэр элчид бичигтүн.
“Бурханы долоон Сүнс ба долоон одтой Тэр үүнийг айлдаж байна. «Би чиний үйлсийг, чиний амьд гэдэг нэртэй боловч үхдэл гэдгийг чинь мэднэ. 2Сэрэгтүн, үхэх гэж байсан үлдсэн юмсаа тэнхрүүл. Учир нь Миний Бурханы өмнө чиний үйлс гүйцэлдснийг Би олсонгүй. 3Тиймээс чи юу хүлээн авсан болон сонссоноо сана. Түүнийг сахь, гэмш. Хэрэв чи сэрэхгүй бол Би хулгайч мэт очно. Ямар цагт Миний чам дээр очихыг чи мэдэхгүй. 4Гэвч хувцсаа хиртүүлээгүй цөөн хүн Сардейд чамд бий. Тэд Надтай хамт цагаан хувцастай алхах болно. Яагаад гэвэл тэд зохистой хүмүүс мөн. 5Энэ мэт ялагч нь цагаан хувцас өмсөнө. Би түүний нэрийг амийн номоос баллахгүй. Би Өөрийнхөө Эцэгийн өмнө болоод Түүний тэнгэр элч нарын өмнө түүний нэрийг хүлээн зөвшөөрнө. 6Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун»”.
7Филаделфи дахь чуулганы тэнгэр элчид бичигтүн.
“Нээхэд нь хэн ч хаахгүй, хаахад нь хэн ч нээхгүй, Давидын түлхүүртэй, үнэн бөгөөд ариун Нэгэн үүнийг айлдаж байна. 8«Би чиний үйлсийг мэднэ. Харагтун, хэн ч хааж үл чадах нээлттэй хаалгыг Би чиний өмнө тавьсан. Юу гэвэл чиний хүч бага бөгөөд чи Миний үгийг сахиж, Миний нэрийг үгүйсгээгүй билээ. 9Үзэгтүн, Иудей биш атлаа өөрсдийгөө Иудей хэмээн худал яригч Сатаны синагогийн хүмүүсийг Би ирүүлж, хөлийн чинь өмнө бөхийлгөж, Би чамайг хайрласан гэдгээ мэдүүлнэ. 10Миний тэвчээрийн үгийг чи сахисан учраас Би бас чамайг сорилтын цагаас буюу газар дээр нутаглагсдыг сорихын тулд бүх дэлхий дээр ирэх гэж буй тэр цагаас хамгаалах болно. 11Би удахгүй очно. Хэнд ч титмээ алдахгүйн тулд өөрт байгаагаа бат сахь. 12Би ялагчийг Өөрийн Бурханы сүм дэх багана болгоно. Тэр цаашид тэндээс гарахгүй. Би түүн дээр Өөрийн Бурханы нэр, тэнгэрээс Миний Бурханаас буун ирэх шинэ Иерусалим буюу Өөрийн Бурханы хотын нэр, Өөрийн шинэ нэрээ бичнэ. 13Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун»”.
14Лаодик дахь чуулганы тэнгэр элчид бичигтүн.
“Амен, итгэмжит бөгөөд үнэн Гэрч болох Бурханы бүтээлийн Анхдагч нь үүнийг айлдаж байна. 15«Би чиний үйлсийг, хүйтэн ч биш, халуун ч биш гэдгийг чинь мэднэ. Чамайг хүйтэн юм уу, эсвэл халуун байгаасай гэж Би хүсэж байна. 16Тийнхүү чи халуун ч биш, хүйтэн ч биш, бүлээвтэр тул Би чамайг амнаасаа бөөлжиж гаргана. 17Яагаад гэвэл чи ”Би баян. Баяжсан тул дутах зүйл ер байхгүй” гэдэг. Чи өөрийнхөө хөөрхийлөлтэй, өрөвдмөөр, ядуу, сохор, нүцгэн байгааг мэдэхгүй байна. 18Баян болохын тулд галд цэвэршүүлсэн алт, өөрийгөө хувцаслахын тулд болон нүцгэн байдлын чинь ичгүүр ил болчихгүйн тулд цагаан хувцас, харахын тулд нүдээ тослох нүдний тосыг Надаас худалдан ав гэж Би чамд зөвлөе. 19Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг юм. Тиймээс зүтгэлтэй бай, гэмш. 20Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь Миний дууг сонсоод хаалгаа нээвэл, Би түүний дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно. 21Би ялж, Эцэгийнхээ хамт Түүний сэнтийд заларсны адил Надтай хамт Миний сэнтийд залрахыг ялагчид соёрхоно. 22Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун»” гэв.
Одоогоор Сонгогдсон:
ИЛЧЛЭЛТ 3: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society