РОМ 3

3
1Иймээс иудей хүний давуу тал, эсвэл хөвч хөндөлтийн ашиг нь юу вэ? 2Аль ч талаараа үлэмж их юм. Бүхнээс өмнө, Бурханы үгс тэдэнд даатгагдсан билээ. 3Зарим нь итгээгүй бол яах вэ? Тэдний итгэлгүй байдал Бурханы итгэмжит байдлыг хүчингүй болгоно гэж үү? 4Бүү ийм байх болтугай! Хүн бүр худалч байсан ч Бурхан үнэн байг. Энэ тухай
«Та айлдахдаа зөвтгөгдөж
Та шүүгдэхдээ ялна»
гэж бичигджээ. 5Хэрэв бидний зөв бус нь Бурханы зөвийг харуулдаг юм бол, бид юу хэлэх билээ? Уур хилэн буулгагч Бурхан нь зөв биш гэж үү? Би хүний ёсоор ярьж байна. 6Бүү ийм байх болтугай! Тийм бол Бурхан ертөнцийг яаж шүүх юм бэ? 7Хэрэв миний худал үгээр Бурханы үнэн нь Өөрийнх нь алдар дотор бялхдаг юм бол яагаад би одоо ч гэсэн нүгэлтэн адил шүүгддэг билээ? 8«“Сайныг гаргахын тулд мууг үйлдэцгээе” гэж ярьж болохгүй гэж үү? Зарим нь биднийг ингэж ярьдаг хэмээн гүтгэн хэлдэг. Тэдний шийтгэл нь шударга юм.
9Тэгвэл яах вэ? Бид тэднээс давуу юм уу? Огт үгүй. Иудейчүүд болон грекчүүд бүгд нүгэл дор байдаг гэж бид урьд нь ял тулгасан юм. 10Энэ нь ингэж бичигдсэнчлэн,
«Зөвт хүн алга. Ганц ч алга.
11Ухаардаг хүн алга.
Бурханыг хайдаг хүн алга.
12Бүгд гажиж, цөмөөрөө хэрэгцээгүй болжээ.
Сайныг үйлддэг хүн алга. Бүр ганц ч алга».
13«Тэдний хоолой нь онгорхой булш юм.
Тэд хэлээрээ хуурч мэхэлдэг».
«Тэдний уруул дор могойн хор бий».
14«Тэдний ам хараал болон гашуун үгээр дүүрэн аж».
15«Тэдний хөл цус урсгахдаа түргэн,
16тэдний замд сүйрэл болон гай гамшиг бий.
17Тэд амар амгалангийн замыг мэдэхгүй».
18«Тэдний нүдний өмнө Бурханаас эмээх айдас үгүй»
19Хуулийн хэлж байгаа болгон нь Хуулийн дор байгч хүмүүст хандан ярьдаг гэдгийг бид мэддэг. Ингэснээр ам болгон таглагдаж, ертөнц даяараа Бурханы өмнө буруутгагдах болно. 20Яагаад гэвэл ямар ч махан бие Хуулийн үйлсээр Түүний өмнө зөвтгөгдөхгүй. Хуулиар нүглийн мэдлэг ирдэг юм.
21Харин эдүгээ Бурханы зөв нь Хуулиас ангид илэрхийлэгдэв. Үүнийг Хууль ба Эш үзүүлэгчид гэрчилсэн юм. 22Есүс Христэд итгэх итгэлээр Бурханы зөв нь итгэгч бүх хүнд байна. Ялгаварлал байхгүй. 23Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй, 24харин Христ Есүс доторх золилтоор дамжуулан Түүний нигүүлслээр үнэгүй зөвтгөгдсөн билээ. 25Түүний цусанд итгэх итгэлээр дамжуулан Бурхан Түүнийг эвлэрүүлэл гэж нийтэд харуулав. Ингэсэн нь Бурхан урьд нь үйлдэгдсэн нүглүүдийг тэвчин өнгөрүүлсэн учраас Өөрийнхөө зөвийг илэрхийлэхийн тулд байсан бөгөөд 26Тэр Өөрөө зөв байж, Есүст итгэгч хүнийг зөвтгөгч байхын төлөө эдүгээ цагт Өөрийнхөө зөвийг илэрхийлэхийн тулд байсан юм. 27Тэгвэл сайрхал хаана байна? Энэ нь зайлуулагджээ. Ямар хуулиар вэ? Үйлсийнх үү? Үгүй. Харин итгэлийн хуулиар ажээ. 28Учир нь хүн Хуулийн үйлсээс ангид, итгэлээр зөвтгөгддөг гэж бид үздэг. 29Эсвэл Бурхан зөвхөн иудейчүүдийнх юм гэж үү? Тэр мөн харь үндэстнүүдийнх биш гэж үү? Тийм ээ, Тэр бас харь үндэстнүүдийнх мөн. 30Хөвч хөндүүлснийг нь ч итгэлээр, хөвч хөндүүлээгүйг нь ч итгэлээр зөвтгөх Бурхан бол үнэндээ ганц болой.
31Тэгвэл бид итгэлээрээ Хуулийг хүчингүй болгох уу? Бүү ийм байх болтугай! Харин ч, бид Хуулийг тогтоодог.

Одоогоор Сонгогдсон:

РОМ 3: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү