МАТАЙ 6:19-34
МАТАЙ 6:19-34 Ариун Библи, 2004 (АБ2004)
Газар дээр өөрсдөдөө эд баялаг бүү хураа. Тэнд хивэн хорхой болоод зэв идэж сүйтгэдэг, хулгайч эвдэж ороод хулгайлан авдаг аж. Харин тэнгэрт эд баялгийг өөрсдөдөө хураа. Учир нь тэнд хивэн хорхой болоод зэв идэж сүйтгэдэггүй, хулгайч ч эвдэж ордоггүй, хулгайлдаггүй. Та нарын эд баялаг хаана байна, зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно. Нүд бол биеийн дэнлүү мөн. Хэрэв нүд чинь цэвэр бол бүтэн бие чинь гэрлээр дүүрэн байх болно. Харин нүд чинь муу бол бүтэн бие чинь харанхуйгаар дүүрэн байх болно. Иймд хэрэв чиний доторх гэрэл нь харанхуй байх юм бол, тэрхүү харанхуй нь юутай их вэ! Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцнэ. Та нар Бурхан болоод эд баялагт хоёуланд нь зэрэг үйлчилж чадахгүй. Ийм учраас Би та нарт хэлье. Амийнхаа төлөө юу идэх билээ, юу уух билээ гэж бүү санаа зов. Биеийнхээ төлөө юу өмсөх билээ гэж ч бүү санаа зов. Амь нь хоолноос, бие нь хувцаснаас илүү биш үү? Тэнгэрийн шувуудыг хар. Тэд тариа тарьж ч, хурааж ч, саравчинд хадгалдаг ч үгүй боловч тэнгэрлэг Эцэг тань тэднийг тэжээдэг юм. Та нар тэднээс үлэмж илүү үнэ цэнэтэй биш үү? Та нараас хэн чинь санаа зовсноороо өөрийнхөө өндрийг ганц тохойгоор нэмж чадах вэ? Та нар юунд хувцас хунарт санаа зовно вэ? Талын сараана цэцэг хэрхэн ургаж буйг ажиглаач. Тэд ажил хийдэггүй, утас ч ээрдэггүй. Гэвч Би та нарт хэлье. Соломон хаан ч сүр жавхлантай байхдаа эдгээр цэцэгсийн аль нэг шиг хувцаслаагүй юм. Өнөөдөр ургаж, маргааш зууханд хаягдах хээрийн өвсийг Бурхан ийнхүү гоёдог бол, та нарын төлөө Тэр түүнээс хавьгүй илүүг хийхгүй гэж үү, итгэл багатай хүмүүс ээ? Тиймээс “Бид юу идэх билээ?”, “Юу уух билээ?”, эсвэл “Юу өмсөх билээ” гэж бүү санаа зов. Харь үндэстнүүд энэ бүх зүйлсийг чармайн хайдаг. Тэнгэрлэг Эцэг тань та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм. Харин эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно. Тиймээс маргаашийн төлөө бүү санаа зов. Учир нь маргааш маргаашдаа санаа тавих болно. Өдөр бүрийн зовлон тухайн өдөртөө хангалттай.
МАТАЙ 6:19-34 Ариун Библи 2013 (АБ2013)
Газар дээр өөрсдөдөө эд баялаг бүү хураа. Тэнд хивэн хорхой ба зэв идэж сүйтгэдэг, хулгайч эвдэж ороод, хулгайлдаг аж. Харин өөрсдөдөө эд баялгийг тэнгэрт хураа. Учир нь тэнд хивэн хорхой ба зэв идэж сүйтгэдэггүй, хулгайч ч эвдэж ордоггүй, хулгайлдаггүй. Эд баялаг чинь хаана байна, зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно. Нүд бол биеийн дэнлүү мөн. Нүд чинь саруул аваас бүтэн бие чинь гэрэлтэй байна. Харин нүд чинь ёрын муу аваас бүтэн бие чинь харанхуй болно. Хэрэв доторх гэрэл чинь харанхуй байх аваас тэрхүү харанхуй ямар их вэ! Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцнэ. Та нар Бурхан, эд баялаг хоёрт зэрэг үйлчилж чадахгүй. Иймд Би та нарт хэлье. Юу идэж, юу уух билээ гэж амийнхаа төлөө санаа бүү зов. Мөн юу өмсөх билээ гэж биеийнхээ төлөө ч санаа бүү зов. Амь нь хоолноос, бие нь хувцаснаас илүү эрхэм бус уу? Тэнгэрийн шувуудыг хараач. Тэд тариа тарьж, хурааж, саравчинд хадгалдаггүй ч тэнгэрлэг Эцэг чинь тэднийг тэжээдэг юм. Та нар тэднээс үлэмж илүү үнэ цэнэтэй биш үү? Та нараас хэн чинь санаа зовсноороо нас биеэ ганц мөчөөр нэмж чадах вэ? Та нар юунд хувцас хунарт санаа зовно вэ? Талын сараана хэрхэн ургаж буйг ажиглаач. Тэд зүдэж зүтгэдэггүй, ээрмэл ч хийдэггүй. Гэвч Би та нарт хэлье. Соломон хаан ч сүр жавхландаа эдний нэгтэй нь ч дүйцэхээр хувцаслаж байгаагүй юм. Өнөөдөр амьд байгаад, маргааш зууханд хаягдах хээрийн өвсийг Бурхан ийнхүү гоёдог бол тэгэх тусмаа Тэр та нарыг илүү хувцаслахгүй гэж үү, өчүүхэн итгэлтнүүд ээ? Тиймээс “Юу идэх билээ?”, “Юу уух билээ?” эсвэл “Юу өмсөх билээ” гэж санаа бүү зов. Харийнхан энэ бүх зүйлийг чармайн хайдаг билээ. Харин тэнгэрлэг Эцэг чинь та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм. Гагцхүү эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно. Маргааш нь өөртөө санаа тавих тул маргаашийн төлөө санаа бүү зов. Өдөр бүрийн зүдүүр өдөртөө хангалттай.