ЭХЛЭЛ 34

34
1Леагийн Иаковт төрүүлж өгсөн охин Дина тэр нутгийн бүсгүйчүүдийг харахаар гадагш гарчээ. 2Хивичүүдийн Хаморын хүү буюу тэр нутгийн жонон Шехем түүнийг хараад, авчирч хүчирхийлэн бузарлав. 3Түүний сэтгэл Иаковын охин Динад хүчтэй татагдаж, тэр охиныг хайрлан, энхрий үгээр түүнтэй ярив.
4Энэ охиныг надад эхнэр болгон авч өгөөч гэж тэр эцэг Хамораасаа гуйлаа. 5Охин Динаг нь тэрээр бузарласныг Иаков сонссон боловч, хүүхдүүдээ хээр мал хариулж байгаа тул тэднийг харьж иртэл нь дуугүй байжээ. 6Шехемийн эцэг Хамор Иаковтай ярилцахаар гарчээ. 7Иаковын хүүхдүүд энэ тухай сонсоод, бэлчээрээсээ буцаж ирэв. Шехем Иаковын охиныг хүчирхийлэн, Израильд ичгүүрт хэрэг үйлдсэн ба тэр нь байж болшгүй хэрэг учир хүмүүс ихэд гашуудан харамсаж, машид уурлажээ. 8Хамор тэдэнтэй ярилцан,
—Миний хүү Шехем танай охинд үнэн сэтгэлээсээ дурласан учир түүнийг Шехемд эхнэр болгон өгөөч. 9Та нар бидэнтэй охидоо солилцон гэрлүүлээч. Та нар охидоо бидэнд өгч, манай охидыг та нар авцгаа. 10Тэгээд та нар бидэнтэй хамт амьдран сууцгаа. Та нарын өмнө газар нутаг байна. Эндээ суугаад, худалдаа наймаа хийж, өмчөө эзэмшицгээ гэв. 11Шехем Динагийн эцэг болон ах нарт нь хандаж,
—Хэрэв би та нарын тааллыг олбол та нарын юу хүссэнийг чинь би биелүүлж өгье. 12Охиныхоо инж болон бэлгийг хичнээн ч их хэлсэн та нарын хэлснээр би өгнө. Харин та нар охиноо л надад эхнэр болгон өг гэв. 13Дүү Динаг нь бузарласан учир, Иаковын хөвгүүд Шехемд болон эцэг Хаморт нь хуурамч хариу өгчээ. 14Иаковын хөвгүүд тэдэнд
—Бид ингэж болохгүй. Хөвч хөндүүлээгүй хүнд охин дүүгээ өгч чадахгүй. Энэ нь бидэнд ичгүүр болно. 15Харин ийм нэг болзлыг хангавал, бид та нарт зөвшөөрнө. Хэрэв танай бүх эрчүүд хөвч хөндөх ёслол хийлгэж, бидэнтэй адил болбол, 16бид охидоо та нарт өгч, танай охидыг бид авна. Тэгээд бид та нартай хамт аж төрж, нэг үндэстэн болцгооно. 17Хэрэв та нар бидний үгийг сонсохгүй, хөвч хөндөх ёслол хийлгэхгүй бол бид даруй охиноо аваад явна гэв.
18Тэдний үг Хамор болон түүний хүү Шехемд таалагджээ. 19Тэр залуу Иаковын охинд дурласан, бас эцгийнхээ гэрт хамгийн хүндтэй нь болох учир түүнийг нь биелүүлэхийг хойшлуулсангүй. 20Хамор болон түүний хүү Шехем хотынхоо хаалган дээр ирж, хотынхонтойгоо ярилцан
21Эдгээр хүмүүс бидэнтэй найрсаг байна. Тэднийг энд суулгаж, худалдаа хийлгэе. Энэ газар өргөн уудам учир тэдэнд хүрэлцээтэй. Тэдний охидыг бид эхнэр болгон авч, бас тэдэнд охидоо өгцгөөе. 22Манайхны бүх эрчүүд тэдний хийлгэдэг хөвч хөндөх ёслолыг хийлгэсэн нөхцөлд л тэр хүмүүс бидэнтэй хамт аж төрж, нэг үндэстэн болохыг зөвшөөрнө. 23Тэдний мал сүрэг, эд хөрөнгө, хамаг ан амьтан биднийх болохгүй гэж үү? Зөвхөн тэдэнтэй зохицоцгооё. Тэгвэл тэд бидэнтэй амьдарна гэв. 24Хотын дааман хаалгаар орж гарч байгаа бүх хүн Хамор болон түүний хүү Шехемийн үгийг сонсоод тэр хаалгаар орж, гарч байгаа бүх эрчүүд цөм хөвч хөндөх ёслолыг хийлгэжээ. 25Гурван өдрийн дараа тэднийг өвчтэй байхад нь Иаковын хоёр хүү, Динагийн ах Симеон, Леви хоёр тус тус сэлмээ авцгааж, ажиггүй байхад нь хот уруу довтлон, хамаг эрчүүдийг нь алжээ. 26Тэд Хамор болон түүний хүү Шехемийг сэлэмдэн алаад, Шехемийн гэрээс Динагаа авч одов. 27Охин дүүг нь бузарласан учир Иаковын хөвгүүд алагдсан хүмүүсийн хүүрэн дээр ирж, хотыг түйвээжээ. 28Тэд тэдний хонь, үхэр, илжиг, бас хотын дотор болон талбайд байсан хамаг юмыг нь булаан авав. 29Тэд бас тэдний бүх эд хөрөнгө, үр хүүхэд, эхнэрүүдийг булаан авч, гэр оронд нь байсан бүхнийг түйвээжээ. 30Иаков Симеон, Леви хоёрт хандаж
—Энэ нутгийнханд, канаанчуудад болон перизчүүдийн дунд та нар намайг жигшүүр болгосноороо надад гай тарьлаа. Бид цөөхүүлээ, тэд миний эсрэг нийлж, намайг довтлон, намайг алж, гэр оронтойгоо би устгагдах болно гэв. 31Харин тэд
—Тэрээр охин дүүтэй минь янхан мэт хандах ёстой байсан гэж үү? хэмээжээ.

Currently Selected:

ЭХЛЭЛ 34: АБ2004

Qaqambisa

Share

Copy

None

Ufuna ukuba iimbalasane zakho zigcinwe kuzo zonke izixhobo zakho? Bhalisela okanye ngena