Эхлэл 11
11
Бабел цамхаг
1Бүх дэлхий нэг хэл, нэг аялгуутай байлаа. 2Тэд дорно зүг уруу нүүж, Шинарын хөндий тал газрыг олоод тэндээ нутагшин суурьшжээ. 3Тэд
—За хөдөлцгөөе, тоосго цохиж, түүнийгээ гүйцэд болтол нь шатаацгаая гэж өөр хоорондоо хэлцээд, чулууны оронд тоосго, шаврын оронд барагшин хэрэглэв. 4Тэгээд тэд
—За хөдөлцгөөе, бүгдээрээ хот болон тэнгэрт тулам оройтой өндөр цамхаг барьж байгуулан нэрээ алдаршуулцгаая. Эс тэгвээс бид бүх дэлхий дээр тарж бутрах болно гэж хэлэлцжээ. 5ЭЗЭН хүний хөвгүүдийн барьж байгуулсан хот ба цамхгийг үзэхээр бууж иржээ. 6ЭЗЭН айлдаж
—Хараач, эд нар нэг үндэстэн, цөм нэг хэлтэй агаад энэ бол тэдний хийх юмсын эхлэл нь юм. Хойшид тэдний хийхээр зорьсон бүхэнд боломжгүй зүйл гэж үгүй болно. 7Алив, бууцгаая, тэдний хэлийг тэнд нь хутгалдуулан самууруулъя. Нэг нь нөгөөгийнхөө үг хэлийг ойлгохгүй болгоё гэв. 8Тэгээд ЭЗЭН, тэднийг тэндээс бүх дэлхийгээр нэг тараасанд тэд хот байгуулахаа зогсоожээ. 9ЭЗЭН бүх газар дэлхийн хэлийг хутгалдуулан самууруулсан уг газрыг Бабел#11:9 Бабел: евр. “хутгалдсан” гэснээс гаралтай. гэж нэрлэв. ЭЗЭН тэднийг тэндээс бүх дэлхий даяар тараасан билээ.
Шемийн удам
(1Шс 1:24–27)
10Шемийн уг угсаа ийм билээ. Шем зуун настайдаа буюу үер болсноос хойш хоёр жилийн дараа Арпахшадыг төрүүлжээ. 11Арпахшадыг төрүүлснээс хойш Шем таван зуун жил амьдарч бас үр хүүхдүүд төрүүлжээ.
12Арпахшад гучин таван настайдаа Шелаг төрүүлэв. 13Шелаг төрүүлснээсээ хойш тэрээр дөрвөн зуун гучин жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ.
14Шела гучин настайдаа Еберийг төрүүлжээ. 15Еберийг төрүүлснээс хойш тэрээр дөрвөн зуун гурван жил амьдрахдаа мөн л үр хүүхдүүдтэй болжээ.
16Ебер гучин дөрвөн настайдаа Пелегийг төрүүлэв. 17Тэрээр Пелегийг төрүүлснээс хойш дөрвөн зуун гучин жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ.
18Пелег гучин настайдаа Реуг төрүүлэв. 19Реуг төрүүлснээс хойш тэрээр хоёр зуун есөн жил амьдрахдаа үр хүүхдүүдтэй болжээ.
20Реу гучин хоёр настайдаа Серугийг төрүүлэв. 21Серугийг төрүүлснээс хойш тэрээр хоёр зуун долоон жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ.
22Серуг гучин настайдаа Нахорыг төрүүлэв. 23Тэрээр Нахорыг төрүүлснээс хойш хоёр зуун жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ.
24Нахор хорин есөн настайдаа Тераг төрүүлэв. 25Тэрээр Тераг төрүүлснээс хойш зуун арван есөн жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ.
26Тера дал наслахдаа Абрам, Нахор, Харан гурвын эцэг болсон байжээ.
Терагийн удам
27Терагийн уг угсаа ийм билээ. Тера нь Абрам, Нахор, Харан гурвыг төрүүлж, Харан нь Лотыг төрүүлжээ. 28Харан нь эцэг Терагаас өмнө өөрийн төрсөн газар Халдеин Урт үхэв. 29Тэгээд Абрам, Нахор нар эхнэр авцгаажээ. Абрамын эхнэр нь Сараи, Нахорын эхнэр нь Хараны охин Милка байв. Милкагийн болон Искагийн эцэг нь Харан билээ. 30Сараи хүүсэр байсан учир үр хүүхэдгүй байлаа.
31Тера өөрийн хүү Абрам, Хараны хүү, өөрийн ач хүү Лотыг өөрийн бэр, Абрамын эхнэр Сараи нарын хамт авч Халдеин Ураас Канаан нутгийг зорин хөдлөөд, Харанд ирж тэндээ суужээ. 32Тера хоёр зуун тав наслаад, Харанд үхэв.
Àwon tá yàn lọ́wọ́lọ́wọ́ báyìí:
Эхлэл 11: АБ2013
Ìsàmì-sí
Pín
Daako
Ṣé o fẹ́ fi àwọn ohun pàtàkì pamọ́ sórí gbogbo àwọn ẹ̀rọ rẹ? Wọlé pẹ̀lú àkántì tuntun tàbí wọlé pẹ̀lú àkántì tí tẹ́lẹ̀
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.