1Самуел 9

9
Саулыг хаанаар сонгов
1Бениамины Киш гэдэг нэртэй хүн байжээ. Киш бол Абиелын хөвгүүн, Зерорын ач, Бехоратын гуч, Афиагийн жич, бениаминчуудын хөвгүүн бөгөөд нэр хүндтэй хүн байв. 2Киш нэг хүүтэй бөгөөд түүний нэрийг Саул гэдэг байв. Саул залуу, бие бялдар сайтай бөгөөд Израилийн хөвгүүдийн дотор түүнээс илүү сайхан залуу үгүй байв. Тэр бүх хүнээс толгой илүү өндөр байлаа. 3Нэг удаа Саулын эцэг Кишийн эм илжигнүүд нь алга болжээ. Киш өөрийн хүү Саулд
—Зарц нараасаа нэгийг авч хөдлөөд эм илжигнүүдээ хай гэжээ. 4Тэр хоёр Ефраимын уулархаг нутгаар бас Шалишагийн нутгаар дамжин явсан боловч олсонгүй. Тэгээд Шалимын нутгаар дамжин явсан боловч тэнд бас л байсангүй. Тэгээд тэр Бениамины нутгаар яваад ч олсонгүй. 5Тэд Зуфын нутагт ирэхэд Саул зарцдаа
—Буцаж явцгаая. Эс тэгвэл эцэг маань эм илжигнүүддээ биш, харин бидэнд санаа зовох болно гэв. 6Зарц нь түүнд
—Хар даа, энэ хотод Бурханы хүн бий. Тэр маш хүндтэй хүн. Түүний хэлсэн бүгд нь гарцаагүй биелдэг. Одоо тийшээ явцгаая. Бидний явах ёстой замын талаар тэр хэлж өгч магадгүй юм гэв. 7Саул харин зарцдаа
—Хэрэв бид очвол тэр хүнд юу аваачиж өгөх вэ? Бидний богцон дахь талх дуусчихсан. Бурханы хүнд барих бэлэг ч байхгүй. Бидэнд юу байгаа билээ? гэв. 8Зарц нь Саулд дахин хариулж
—Харагтун. Миний гарт мөнгөн шекелийн дөрөвний нэг байна. Би үүнийг Бурханы хүнд өгч, тэр бидэнд явах замыг минь хэлж өгнө гэв. 9(Урьд Израильд хэн нэгэн нь Бурханаас лавлан асуухаар очихдоо “Үзмэрчид очъё” гэдэг байжээ. Одоогийн эш үзүүлэгчийг урьд цагт үзмэрч гэдэг байв.) 10Тэгээд Саул, зарцдаа
—Зөв, одоо явцгаая гэв. Ингээд тэд Бурханы хүн байгаа хот уруу явжээ. 11Тэд хот уруу өгсөж явахдаа ус татахаар гарч явсан бүсгүйчүүдийг олж уулзан тэдэнд
—Үзмэрч энд байгаа юу? гэв. 12Тэд хариулан
—Хараач, тэр та нарын урд явж байна. Одоо бушуул, өнөөдөр мөргөлийн өндөрлөг дээр ард олны тахилын өдөр тул тэр өнөөдөр хотод ирсэн юм. 13Та нар хот уруу ормогцоо мөргөлийн өндөрлөг өөд гарч зоог барихаас нь өмнө түүнийг шууд олж уулзана. Учир нь тэр нядлах тахилыг ерөөх ёстой тул түүнийг ирэх хүртэл ард олон зоог барихгүй. Дараа нь уригдсан олон зоог барина. Та нар өнөөдөр л түүнийг олж уулзаж болох тул одоо өгсөөд явцгаа гэв. 14Тийнхүү тэд хот уруу явцгаав. Тэднийг хотод хүрэх үед харагтун, Самуел мөргөлийн өндөрлөг өөд гарахаар тэдний өөдөөс гарч ирэв. 15Саулыг ирэхээс нэг өдрийн өмнө ЭЗЭН, Самуелын сонорыг нээж
16Маргааш өдийд Би чам уруу Бениамины нутгаас нэг хүнийг явуулна. Чи түүнийг Миний ард түмэн Израилийн захирагч болгон тосол. Тэр Миний ард түмнийг филистчүүдийн гараас аврах болно. Тэдний хашхираан миний өмнө ирсэн тул Би өөрийн ард түмнээ харав гэжээ. 17Самуел Саулыг харах үед ЭЗЭН түүнд
—Харагтун, Миний чамд айлдсан хүн энэ байна! Энэ хүн Миний ард түмнийг атган захирна гэж мэдэгдэв. 18Саул хаалганы дэргэд Самуел уруу ойртож ирээд
—Үзмэрчийн гэр хаана байдгийг надад зааж хэлж өгнө үү гэв. 19Самуел, Саулд хариулан
—Би үзмэрч байна. Өнөөдөр чи надтай хамт хоол идэх тул миний өмнө ороод мөргөлийн өндөрлөг өөд явагтун. Маргааш өглөө би чамайг явуулж, зүрхэнд чинь байгаа бүгдийг чамд дуулгах болно. 20Гурван хоногийн өмнө алга болсон эм илжигнүүдийнхээ төлөө бүү санаа зовогтун. Учир нь тэднийг олсон. Израилийн бүхий л хүслэнт зүйл хэнд#9:20 эсвэл Израилийн хүслэнт хүн нь хэн бэ? байна вэ? Чамд болоод эцгийн чинь бүх гэрт юм биш биз? гэж хэлэв. 21Саул хариуд нь
—Би Израилийн хамгийн жижиг овгийн бениамин хүн бөгөөд миний ураг Бениамин овгийн бүх ураг дотроос хамгийн дорой нь бус уу? Яагаад та надад ийм үг ярина вэ? гэв. 22Тэгээд Самуел, Саул болон түүний зарцыг авч танхимд дагуулан орж, уригдан дуудагдсан гуч орчим эрчүүдийн тэргүүн суудалд суулгав. 23Самуел тогоочид
—Миний чамд өгч “Үүнийг хойш тавь” гэж хэлсэн хувийг надад өгөгтүн гэжээ. 24Тогооч нь гуя болон түүний дээрх махыг гарган Саулын өмнө тавив. Самуел
—Харагтун, хадгалан үлдээсэн юмсыг өмнө чинь тавьсан байна. Үүнийг зооглогтун. Товлосон цагтаа энэ нь өмнө чинь тавигдсан нь хүмүүсийн дэргэд чамайг үүнийг зооглог гэснийх юм гэв.#9:24 Еврейд нь энэ хэсэг тодорхой бус. Ийнхүү тэр өдөр Саул Самуелтай хамт хооллов. 25Тэд мөргөлийн өндөрлөгөөс хот уруу бууж ирээд, Самуел Саултай дээвэр дээр ярилцав.#9:25 ЭНО-д дээвэр дээр Саулд ор засав.#9:25 Тэр үед байшингууд хавтгай дээвэртэй, хүмүүс дээр нь унтах нь элбэг байв. 26Тэд эрт бослоо.#9:26 ЭНО-д тэгээд тэнд унтав. Үүр цайхад Самуел Саулыг дээвэр дээр дуудан
—Босогтун, би чамайг үдэж өгье гэв. Саул босож, Самуел тэр хоёр гудамжинд гарав.
Саулыг Самуел тослов
27Тэд хотын зах уруу явж байхад Самуел Саулд
—Биднээс түрүүлээд яв гэж зарцдаа хэлэгтүн. Тэр түрүүлж явах зуур чи одоо хэсэг зогсож бай. Би чамд Бурханы үгийг дуулгая гэж хэлэв.

Одоогоор Сонгогдсон:

1Самуел 9: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү