Исаиа 29

29
Иерусалимын бүслэлт
1Ариел аа, Ариел аа,
Нэгэн цагт Давидын хуарагнаж байсан хот хөөрхий еэ.
Жил дээр жил нэмэгтүн,
Найрын дугараа тойрох болтугай!
2Би Ариелийг шахамдуулахад
Чи халаглал, харууслын хот болно.
Надад тэрээр Ариел шиг байна.
3Би чамайг хүрээлэх мэт байрлаж,
Чамайг бүслэн, чиний эсрэг бэхлэлт босгоно.
Би чиний эсрэг дайтах цамхаг босгоно.
4Дараа нь чамайг доош буулгана.
Чи газраас ярьж,
Чиний үг шороон дотроос бувтнах мэт сонсогдон,
Дуу хоолой чинь газраас гарах
сүнсний дуу мэт байж,
Яриа чинь шорооноос шивтнэх мэт байна.
5Гэвч гэнэт нэгэн агшинд л
Чиний үй түмэн дайсан
Нарийн тоос мэт болж,
Үй олон харгис хүн
Хийсэн одох хальс, сүрэл мэт болно.
6Түг түмдийн ЭЗЭН
Чамайг аянга, газар хөдлөлт, их дуу чимээ,
хуй салхи, шуурга, түймэрдэгч галын дөлөөр шийтгэнэ.
7Ариелийн болон бэхлэлтийнх нь эсрэг байлдагч
Бүх үндэстнээс цугласан үй олон ба
түүнийг шахамдуулагсад нь зүүд мэт,
Шөнийн үзэгдэл мэт болох болно.
8Өлссөн хүн идэж байна гэж зүүдлэвч,
Сэрэхэд сэтгэл нь цадаагүй байдаг.
Цангасан хүн ууж байна гэж зүүдлэвч,
Сэрэхдээ тэр тамиргүй болж,
Сэтгэл нь ундаассан хэвээр байдаг.
Үүнчлэн Сион уулын эсрэг байлдагч
Бүх үндэстний үй олон тийм болно.
9Саатагтун хүлээгтүн!
Өөрсдийгөө сохолж, хараагүй бол!
Тэд дарснаас биш атал согтон,
Сархаднаас биш атал гуйвж байна.
10Учир нь ЭЗЭН та нар дээр
Гүн нойрны сүнсийг цутгаж,
Эш үзүүлэгчид та нарын нүдийг хааж,
Үзмэрчид та нарын толгойг битүүлэв.#Ром 11:8
11Зөн бүр нь та нарт лацдуулсан номын үгс мэт болно. Тэд үүнийг номч хүнд өгч, “Үүнийг уншиж хайрла” гэхэд тэр “Би чадахгүй. Яагаад гэвэл энэ нь лацдуулсан” гэж хэлнэ.
12Дараа нь тэр номыг бичиг мэдэхгүй нэгэнд өгч, “Үүнийг уншиж хайрла” гэхэд тэр “Би уншиж мэдэхгүй” гэж хариулна.
13Эзэн “Энэ ард түмэн амаараа ойртон,
Уруулаараа л Намайг хүндлэвч,
Зүрх нь Надаас алс хол байдаг.
Тэд Намайг эмээн хүндлэхэд хүний тушаалаар суралцжээ.#Мт 15:8–9; Мк 7:6–7
14Тиймээс үзэгтүн.
Би энэ ард түмний дотор ер бусын гайхамшигт,
Гайхалтай зүйлийг дахин бүтээнэ.
Мэргэдийн нь мэргэн нь мөхөж,
Ухаантнуудаас ухаан ялгах чадвар нь нууцлагдана” гэв.#1Ко 1:19
15Өөрсдийн санаагаа ЭЗЭНээс ор тас нууцалж,
Үйлсээ харанхуй газарт хийж,
“Хэн биднийг харах юм бэ?
Хэн биднийг мэдэх вэ?” гэж хэлдэг хүмүүс хөөрхий еэ.
16Та орвонгоор нь эргүүлжээ!
Ваарчинг шавартай адилтган үзэж болох уу?
Бүтээгдсэн зүйл нь бүтээгчдээ
“Тэр намайг хийгээгүй” гэх юм гэж үү?
Ваар нь ваарчиндаа хандан
“Тэр мулгуу хүн” гэж өгүүлэх үү?#Иса 45:9; Ром 9:20
Ирээдүйн найдвар
17Өчүүхэн хугацааны дараа
Ливан нь үржил шимтэй талбай болон хувирч,
Үржил шимтэй талбай нь
Ой хэмээн тооцогдоно.
18Тэр өдөр дүлий нь номын үгсийг сонсож,
Бүрэнхий харанхуйгаас
Сохруудын нүд нь харах болно.
19Номой нэгний баяр хөөр
ЭЗЭНий дотор өсөн нэмэгдэж,
Хүн төрөлхтний үгээгүйчүүд
Израилийн Ариун Нэгэндээ баясна.
20Учир нь харгислагчдын төгсгөл ирж,
Элэглэгчид алга болж,
Ёс бусыг үйлдэхийг санаархагч
Бүгд таслагдана.
21Үгээр хүнийг буруутгагчид,
Үүд хаалган дээр шүүгч нэгнийг занганд оруулагчид,
Худал баримтаар зөвтнийг буруутан болгогчид таслагдана.
22Ийм учраас Абрахамыг зольсон ЭЗЭН,
Иаковын гэрийн тухай айлдахдаа
“Одоо Иаков ичихгүй, нүүр нь улайхгүй болов.
23Харин мутрын минь бүтээл болох хүүхдүүдээ
Тэр өөрийнхөө дотор харахдаа
Тэд нэрийг минь нандигнана.
Үнэхээр тэд Иаковын Ариун Нэгэнийг нандигнан
Израилийн Бурханы аюумшиг дотор зогсоно.
24Сүнсээр төөрөгчид үнэнийг мэдэж,
Шүүмжлэгчид зааврыг хүлээн авна” гэв.

Одоогоор Сонгогдсон:

Исаиа 29: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү