Соломоны дуун 8

8
1Ээ дээ, чи минь
ахтай минь адил
Ижийн минь мөөмийг
хөхсөн ч болоосой!
Ил гадаа таарлаа ч
чамайг би үнсэхсэн
Ингэв гээд хэн ч
намайг эс жигшихсэн
2Чамайг би дагуулж
ижийнхээ гэрт ч очуулахсан
Намайг төрүүлсэн нэгний
өргөө гэрт оруулахсан.
Анхилуухан дарсыг бас
анарынхаа шүүсийг уулгахаар өгөхсөн
3Зүүн гараа тэр
толгой дор минь ивээд л
Зөв гар нь намайг
тэврэнхэн илбээд л.
4Иерусалимын охид оо,
Таашаал дурыг, бэлэн болтол нь
битгий өдөөж сэрээ.
Гэртээ ирэхүй
5Эзгүй хээрээс
хайртаа түшсээр
Ирж яваа тэр хэн бэ?
—Эх чинь чамтай
зовж байсан
Энэ эмэгтэй чамайг
зовж төрүүлсэн
Энэ л алимын модон дор
чамайгаа би сэргээв биш үү.
6Тамга болгож
зүрхэндээ намайг тавиач
Гар дээрх тамгаа болгооч.
Юун гэвэл хайр
үхэл шиг хүчтэй
Тачаал бол
Үхэгсдийн орон шиг хэцүү.
Түүний дөл түймрийн дөл
Дүрсхийн асах галын дөл.
7Их усан гэвч хайрыг
унтрааж эс дийлэх
Үер усан гэвч үүнийг
живүүлж үл чадах
Хайрын тулд
хамаг гэр хөрөнгөө
хэн нэгэн өргөлөө ч гэсэн
Хайхралыг хэрхэвч эс үзэх.
8Өртөж үзэгдэх хөх үгүй
өчүүхэн дүүдэй бидэнд бий
Түүнийхээ талаар
ярилцах өдөр ирэхэд
Дүүгийнхээ төлөө
яавал бид зохилтой.
9Хана байсан бол дээгүүр нь
мөнгөн цайз барихсан
Хаалга юмсан бол түүнийгээ
хушин банзаар бүрэхсэн.
10Амар тайвныг авагч нэгний
Алаг хоёр нүдэнд нь
Хана хэрэм байлаа, би
Харин хөх минь цамхаг боллоо.
11Соломон Баал-хамонд
усан үзмийн цэцэрлэгтэй ажээ.
Мянга мянган мөнгийг
жимсний нь төлөө өгдөг
Манаач нарт түүнээ даатгажээ.
12Өөрийн минь бие
үзмийн цэцэрлэг
өөрөө би энэ байна
Өө яахав, Соломон танд
мянга нь байг
Үр жимсний манаач нарт
хоёр зуу нь очиг.
13Цэцэрлэгт суугч минь,
дуу хоолойг чинь
найз нөхөд маань сонсном
Дуулгаж сонсгоорой
бас надад.
14Янаг минь чи
яарч үзээрэй
Анхил үнэртний уулс дээрээ
Танхил буга, гөрөөс мэт байгаарай!

Одоогоор Сонгогдсон:

Соломоны дуун 8: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү