ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 27

27
1Чи хуайс модоор тахилын ширээг хий. Уг ширээний урт нь таван тохой, өргөн нь таван тохой дөрвөлжин бөгөөд өндөр нь гурван тохой байна. 2Ширээний дөрвөн өнцөгт эврүүдийг нь хий. Тэдгээр нь ширээтэйгээ нэгдмэл байх бөгөөд түүнийг хүрлээр бүр. 3Үнсийг нь авч хаяхад зориулсан сав, утгуур, угаагуурууд, сэрээ болон бойпоруудыг хий. Түүний бүх хэрэгслийг хүрлээр үйлдэгтүн. 4Тэгээд хүрэл сараалжин тор үйлдэгтүн. Торон дээр дөрвөн өнцөгт нь дөрвөн хүрэл цагираг хий. 5Чи торыг тахилын ширээний амсрын доор, тахилын ширээний голд хүрэхээр доошлуулан тавь. 6Тахилын ширээнд зориулан хуайс модоор дамнуургуудыг хийж хүрлээр бүрэгтүн. 7Тахилын ширээг зөөж байхад дамнуургууд хоёр талд нь байхын тулд дамнуургуудыг цагиргуудад шургуул. 8Уулан дээр чамд үзүүлсэн ёсоор дамнуургуудыг дотор талдаа хөндий зүсмэл модоор хий. Тэд үүнийг ингэж хийг.
9Чи асрын хашааг хийгтүн. Өмнө тал нь зуун тохой урттай нарийн нэхсэн маалингаар хийгдсэн хөшигтэй байна. 10Түүний баганууд хорь байх бөгөөд хорин хүрэл углууртай байна. Баганын дэгээнүүд болоод тэдгээрийн холбоосууд нь мөнгөн байх ёстой. 11Үүнтэй адил уртаараа умард талд зуун тохой урттай хөшиг болон хорин хүрэл углууртай хорин багана байна. Баганын дэгээнүүд болон холбоосууд нь мөнгөн байна. 12Хашааны өргөнөөр баруун талд тавин тохой хөшиг арван багана, арван углууртай хамт байна. 13Хашааны өргөн нь зүүн талд тавин тохой байна. 14Хаалганы нэг талын хөшиг нь арван таван тохой бөгөөд гурван багана, гурван углууртай байна. 15Нөгөө талд арван таван тохой хөшиг гурван багана, гурван углууртай байна. 16Хашааны хаалганд хөх, ягаан, час улаан өнгөтэй даавуу болон нарийн нэхсэн маалингаар нэхэгдсэн хорин тохой дэлгэц байна. Тэр нь дөрвөн багана, дөрвөн углууртай байна. 17Хашааны эргэн тойрон дахь бүх баганууд мөнгөн холбоосуудаар тоноглогдсон байна. Тэдгээрийн дэгээнүүд нь мөнгө, углуурнууд нь хүрэл байна. 18Хашааны урт нь зуун тохой, өргөн нь нийтдээ тавин тохой, өндөр нь таван тохой, нарийн нэхсэн маалингаар хийгдсэн ба тэдгээрийн углуурууд нь хүрэл байна. 19Асрын бүх үйлчлэлд хэрэглэгдэх бүх хэрэгсэл, бүх гадас болон хашааны бүх гадас хүрэл байна.
20Дэнлүүг үргэлжид асааж байхын тулд гэрэлтүүлгэнд зориулан чидун жимснээс шахсан цэвэр тосыг чамд авчрах үүргийг чи Израилийн хөвгүүдэд өг. 21Хурлын майханд, гэрчлэлийн урд буй хөшигний гадна талд Аарон ба түүний хөвгүүд оройноос өглөө хүртэл ЭЗЭНий өмнө үүнийг ёсоор нь сахих ёстой. Энэ нь Израилийн хөвгүүдэд тэдний үе удмыг дамжин мөнхийн ёслол байх болтугай.

Одоогоор Сонгогдсон:

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 27: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү