ИОШУА 18
18
1Ингээд Израилийн хөвгүүдийн нийт чуулган Шилод цуглан, тэнд Хурлын майхан босгов. Уг нутаг тэдний захиргаанд байв. 2Израилийн хөвгүүдийн дунд өв залгамжлалаа хүлээн аваагүй долоон овог үлдсэн байлаа. 3Иймээс Иошуа Израилийн хөвгүүдэд хэлсэн нь
—Эцэг өвгөдийн тань Бурхан ЭЗЭНий та нарт өгсөн газар нутгийг эзэмшилдээ авахаасаа өмнө та нар хэр удаан хүлээх юм бэ? 4Овог бүрээс гурав гурван хүнийг томил. Тэд босож, уг нутгаар явж, тус бүрийн өв залгамжлалын дагуу уг газрыг тодорхойлон бичүүлэхийн тулд би тэднийг гадагш явуулна. Дараа нь тэд над дээр буцаж ирнэ. 5Тэд түүнийг долоон хэсэгт хуваана. Иуда өмнө зүгт өөрийн нутагтаа үлдэх бөгөөд Иосефын гэр хойд зүгт өөрийн нутагтаа хэвээр үлдэх ёстой. 6Та нар уг нутгийг долоон талаар тодорхойлон бичиж, дараа нь түүнийгээ надад авчир. Бидний Бурхан ЭЗЭНий өмнө би та нарын төлөө энд шавга орхих болно. 7Харин левичүүдэд та нарын дундаас ямар ч оногдох хэсэг байхгүй, учир нь ЭЗЭНий тахилчийн үйлчлэл бол тэдний өв юм. Гад, Реубен болон Манассегийн хагас овгийнхон ч Иорданы зүүнтээд өөрсдийн өвийг авсан бөгөөд ЭЗЭНий зарц Мосе үүнийг тэдэнд өгсөн юм.
8Ингэхэд нутгийг тодорхойлон бичихээр хүмүүс босож явсан бөгөөд Иошуа тэдэнд тушаан
—Нутаг даяар явж, түүнийг тодорхойлж бичээд, над уруу эргэн ир. Тэгэхэд би энд ЭЗЭНий өмнө Шилод та нарт зориулан шавгыг орхих болно гэв. 9Тийнхүү хүмүүс уг нутгаар явж, түүний талаар хот хотоор нь, долоон хэсэг тус бүрээр номд тодорхойлж бичив. Тэд Шило дахь хүрээ буудалд Иошуа дээр ирлээ. 10Иошуа Шилод ЭЗЭНий өмнө тэдэнд шавгыг орхисон ба тэнд Иошуа уг нутгийг Израилийн хөвгүүдэд, тэдний овгийнх нь хуваарилалтын дагуу хуваав.
11Бениамины хөвгүүдийн овогт ургуудынх нь дагуу шавга буулаа. Тэдэнд оногдсон нутаг нь Иуда болон Иосефын овгийнхны нутгийн хооронд байв. 12Хойд зүг дэх тэдний хил нь Иорданаас эхэлж байсан ба Иерихогийн хойд тал уруу өгсөн гарч, баруун зүгт уулархаг нутгийг дамжин өгсөж, Бет-авены цөлд ирэн төгсөж байв. 13Эндээс хил Луз хүртэл (энэ нь Бетел юм) үргэлжлэн өмнөд бэлээр нь гарч, доод Бет-хороны өмнө талд орших уулын дэргэдэх Атарот-аддар уруу уруудсан байв. 14Эндээс уг хил Бет-хороны өмнө зүгт орших уулаас үргэлжлэн баруун талаар нь өмнө зүгт эргэн, Иудагийн хөвгүүдийн хот Кириат-баалд (энэ нь Кириат-иеарим юм) ирэн төгсөж байв. Энэ нь баруун тал нь байлаа. 15Өмнөд тал нь Кириат-иеаримын баруун захаас эхлэн Нефтоагийн булгийн ус хүртэл баруун тийш явсан байлаа. 16Тэгээд уг хил Рефаимын хөндийн хойно байдаг Бен-хинномын хөндийд орших уулын хормой хүртэл уруудаад, иебусчуудын бэлийн өмнөд талаар дамжин Хинномын хөндий болон Ен-рогел уруу үргэлжилж байв. 17Энэ нь хойд зүг уруу сунан, Ен-шемеш уруу явж, Адуммимын өгсүүрийн эсрэг орших Гелилот уруу үргэлжлэн, Реубений хүү Боханы хад уруу уруудсан байлаа. 18Тэгээд Бетарабагийн хойд бэлээс үргэлжлэн, доошоо Араба уруу явсан байв. 19Уг хил Бет-хоглагийн хойд бэл уруу үргэлжлээд, Давст тэнгисийн хойд тохойд, Иорданы өмнөд адагт ирэн төгсөж байв. Энэ нь өмнөд хил нь байлаа. 20Түүнээс гадна, Иордан гол зүүн хил нь болж байв. Энэ бүхэн нь Бениамины хөвгүүдийн тэдний ургуудын дагуух өвийн эргэн тойрны бүх хил нь байлаа.
21Бениамины хөвгүүдийн овгийн тэдний ургийнхны дагуух хотууд нь гэвэл, Иерихо, Бет-Хогла ба Емек-кезиз, 22Бет-арава, Земараим ба Бетел, 23Аввим, Пара ба Офра, 24Хефар-аммони, Офни ба Геба зэрэг арван хоёр хот нь тосгодынхоо хамт, 25Гибеон, Рама ба Беерот, 26Мизпе, Хефира ба Моза, 27Рекем, Ирпеел ба Тарала, 28Зела, Хаелеф ба иебусчуудын хот (энэ нь Иерусалим юм), Гибеа ба Кириат зэрэг арван дөрвөн хот нь тосгодынхоо хамт байв. Энэ нь Бениамины хөвгүүдийн өөрсдийнх нь ургуудын дагуух өв нь билээ.
Одоогоор Сонгогдсон:
ИОШУА 18: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society