ГЭРЛЭЛТЗагвар
“Тиймээс эр хүн эцэг эхээ орхин, эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болно.” Ефес 5:31
Мэргэн нь сонсог, мэдлэгээ тэлэг, Ухаалаг нь мэргэн удирдамжийг мөн аваг. Доктор Харолд Саллигийн “МЭРГЭН ЗӨВЛӨМЖ” нэвтрүүлэг.
Ямар ч гэрлэлт хямрал зөрчлөөс болж сүйрдэггүй. Харин гэрлэсэн хос хямралаас гарах хүсэлгүй болбол тэдний хувьд найдвар нь бөхөж, тэдний гэрлэлт сарних төлөвтэй болсон гэсэн үг юм. Гэрлэсэн аливаа хос санал зөрөлдөх магадлал туйлын их. Хүн учраас л туйлын их гэж хэлж байгаа юм. Амьдралыг хоёр өөр нүдээр харж, бас өөр орчинд өсөж торничихоод одоо нэг гэрт орсныхоо тэгж санал зөрөлдөх нь байдаг л үзэгдэл. Хоёр хувь хүн бол хоёр том мөрөн тус тусдаа урсаж байснаа нийлсэнтэй адил юм. Хоёр мөрөн нийлэх цэгт урсгал нь догшин ширүүн болдог. Энэ бол тойршгүй үнэн.
Гэтэл эрэгтэй эмэгтэй хүн хямрал зөрчлийг шийдвэрлэхдээ хоорондоо огт өөр үзэл бодлоор ханддаг. Хань нь ч гэсэн өөртэй нь адил хандана гэж хүсэж горьддог. Шударгаар хэлэхэд, эрчүүд эмэгтэйчүүдийг тааварлахгүй, мөн эмэгтэйчүүд ч эрчүүдийг ойлгохгүй. Бид хямрал зөрчлийг яаж шийдвэрлэдэгээс бидний ялгааг хамгаас тодорхой харж болно. Эрчүүд эхлээд хашхирч уурладаг ч тэр нь юуг ч шийдвэрлэж чаддаггүй. Тэгснээ ханиа хэрэв үнсээд, бие махбод хүрэлцэх юм бол бүх зүйл тэр даруй зүгээр болно гэж боддог! Тэгээд асуудал шийдэгдлээ гэж итгэдэг.
Нөгөөтэйгүүр, эмэгтэйчүүд асуудлаа бүрэн шийдтэл хэзээ ч үнсэлцэж, дотно байхыг яавч хүсэхгүй. Тийм учраас, хямрал зөрчлийг шийдвэрлэхэд садаа болдог дараах дөрвөн зүйлийг сонсогч та мэдэх хэрэгтэй.
1-р саад бэрхшээл бол асуудлыг хэт багасгаж бодох юм. Та бодож магадгүй “Намайг амралтын өдөр найзуудтайгаа загасчилхаар явахад миний эхнэр юунд нь ууцаарлаад байгаа юм бол доо? Энэ чинь том асуудал биш биз дээ?” Гэвч тэр өдөр нь эхнэрийн чинь төрсөн өдөр болохыг та мартсан байж магадгүй. Эхнэрийн чинь дүүгийн төрсөн өдрөөр нөхөр нь маш том баяр цэнгүүн зохиосон байх жишээтэй. Гэтэл та загасчилхаар яваад өгсөн. Мэдээж, дараа өдөр нь цэцэг авч өгч болно.
Тэгэхлээр асуудлыг хэт багасгаж бодох биш, харин өөр хүнд үнэхээр төвөг учруулснаа хүлээн зөвшөөрөх нь хямралыг амжилттайгаар шийдвэрлэх түлхүүр юм.
2-р саад бэрхшээл бол рационал тайлбар өгөх. Та өсвөр насандаа сайн сайхан зүйлсийг авч чаддаггүй байсан учраас одоо хүссэн зүйлээ харахаар заавал авмаар болдогоо тайлбарлаж чадах уу? “Би зээлийн картыг хэрэглэхдээ аймшигтай донтдог. Яах ч аргагүй, би тийм хүн болчихсон” гэж хэлж магадгүй. Аливаа асуудалд рационал тайлбар өгөхдөө та хийсэн гэм буруугаа өөрөөсөө түлхэж байгаа хэрэг юм. “Би үүний хариуцлагыг үүрэх ёстой! Би гэм нүгэл үйлдсэн. Тиймээс бүх бурууг надад тохвол таарна” гэж бодохын оронд бид мөрөө хавчин, асуудлыг ингэс тэгэс хийгээд орхидог. Гэтэл ялгаатай байдлаа бүрэн хэмжээгээр хүлээх нь илүү тустай юм.
3-р саад бэрхшээл нь асуудлыг шийдэхээс зайлсхийх юм. Магадгүй та “Энэ тухай бид хэлэлцэх бүрт зайлшгүй хэрүүл маргаан үүсдэг” гэж бодоод тэр сэдвийг хөндөхөөс зайлсхийдэг байж болно. Гэтэл асуудал далд мөртлөө байсаар л байдаг. Шийдвэрлээгүй үлдээсэн хямрал зөрчил бол урагтай адилхан юм. Ургийг хэвлийдээ тээх тусам улам томордог шүү дээ. Харин уучлал эдгэрлийг олж авахын тулд асуудалтай нүүр тулж, шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай.
4-р саад бэрхшээл бол чин сэтгэлээсээ уучлал гуйхгүй байх юм. “Уучлаарай!” гэж хэлэхийн оронд “Би ингэх ёсгүй юм шиг байна даа” гэж хэлэх нь шархан дээр давс асгахтай адилхан нөхцөл байдалд хүргэдэг юм. Ингэж хэлсэнээсээ болж огт юуч хэлээгүйгээс ч долоон доор байдалд орж болно. Харилцаа дордох нь хосуудын хувьд хэцүү асуудал юм. Харин үүний оронд “Би хийсэн зүйлдээ үнэхээр харамсаж байна. Хийсэн алдааныхаа хариуцлагыг үүрэх болно. Би Бурханаас хүртэл уучлалт гуйсан. Одоо чи намайг уучлаасай гэж найдаж байна. Учир нь дахиад чинийхээ итгэлийг ийм байдлаар алдахгүй гэдгээ амлаж байна” гэж хэлэх нь огт өөр шүү дээ.
Саяхан би нэг санаваартан, хуримын уламжлалт ам тангарагыг өөрчилж бичсэн тухай сонссон юм. Тангарагын “Үхэл биднийг салгах хүртэл” гэх мөрийг тэр хүн хасаж, оронд нь “Бидэн хоёр санал нэгдсээр байхын цагт” гэсэн гэмгүйхэн холбоо үг оруулсан байна. Тэр хүнд хандаад хэлэхэд, “хоёулаа санал нэгдсээр байхын цагт” нэг нэгнээ хайрлаж, хүндэлж, энхрийлэх тангараг үнэхээр насгүй зүйл шүү. Хуримласан газраасаа гараад машины зогсоол хүрээд зөрчилдөж болно. Тиймээс ингэж өөрчлөх нь нь тохиромжгүй. Ийм тангараг бол бал сарыг ч дуустал ч тэсэхгүй тангараг юм.
Тэгэхээр та нэг зүйлийг санаарай, ямар ч гэрлэлт хямрал зөрчлөөс болж сүйрдэггүй. Харин та хямралыг шийдвэрлэхээс татгалзвал гэрлэлтээ эцсийн эцэст сүйрүүлэх зам дээр зогссон хэрэг юм шүү. Хоёр бие даасан, төгс биш хүн гэрлэж хоорондоо нэгддэг. Энэ тухай Бурхан мэдэж байсан учраас бидэнд гэрлэлтийн загвар төдийгүй гэрлэлтийн төлөвлөгөөг хүртэл өгсөн.
Та сайн сана. Бурхан бол гэрлэлтийг бүхэлд нь зохиож, бүрэлдүүлсэн. Өнөөдөр ч Түүний төлөвлөгөө ёсоор хоёр хүн нэг бие болдог. Гэрлэлт гэж нэрлэх энэхүү төгс биш мөртлөө гайхамшигтай харилцаан дотор хичнээн асуудалтай ч гэсэн хосууд сэтгэл зүрх, амьдралаа холбосоор л байна.
Мэргэн нэгнийг дагавал мэргэн. Мулгуутай нөхөрлөвөл хорлол. Доктор Харолд Саллигийн “МЭРГЭН ЗӨВЛӨМЖ” нэвтрүүлгийг танд хүргэлээ
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Мэргэн нь сонсог, мэдлэгээ тэлэг, Ухаалаг нь мэргэн удирдамжийг мөн аваг. Доктор Харолд Саллигийн “МЭРГЭН ЗӨВЛӨМЖ” нэвтрүүлгээс Гэрлэлтээ барьж байгуулахад тань туслах 5 өдрийн чимээгүй цагийн төлөвлөгөөг бэлтгэн хүргэж байна. Итгэл Радио - Аудио чимээгүй цаг
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Itgel radio -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.facebook.com/itgelradio