Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамжЗагвар

Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамж

14-с 12 дахь өдөр

Илүү Эрхэм Зүйлүүд

Иймд Би та нарт хэлье. Юу идэж, юу уух билээ гэж амийнхаа төлөө санаа бүү зов (сэтгэл түгшиж, санаа зовох). Мөн юу өмсөх билээ гэж биеийнхээ төлөө ч санаа бүү зов. Амь нь хоолноос, бие нь хувцаснаас илүү эрхэм бус уу?... Та нараас хэн чинь санаа зовсноороо нас биеэ ганц мөчөөр нэмж чадах вэ? - Матай 6:25,27

Муу сүнс цаг үргэлж бидний бодол санааны тулалдаанд дайн зарлаж байдаг. Бидний сэтгэл зүрх бол бидний сүнс, Бурхан Өөрөө амьдардаг газар болон бидний бие махбодын хооронд оршдог бодит оршихуй билээ. Энэ нь бидний бодол санаа, хүсэл, сэтгэлийн хөдөлгөөнөөс бүрддэг юм. Энэ нь бид юуг бодож, хүсэж, мэдэрч байна гэдгийг бидэнд хэлж байдаг. Бидний бодол санаа байнга л асуудал, санаа зовнил, сэтгэлийн түгшүүрээс болж хямралд орох үед бидэнд Бурханаас өгөгдсөн дотоод дуу хоолой болон ойлгох чадвар маань живж эхэлдэг. Иймэрхүү тогтворгүй цаг мөчид бид юу хийх ёстой болон юуг хийх ёсгүй талаарх Бурханы хүслийг мэдэхээ болчихдог. 

Бид Бурханы Сүнсийг дагахынхаа оронд муу сүнсэнд өөрсдийн бодол санаагаа санаа зовнил болон сэтгэлийн түгшүүрээр дүүргэхийг зөвшөөрөх үедээ махан биеийн амьдралаар амьдардаг бөгөөд энэ нь биднийг Бурханы хүслээс хол байлгасаар байдаг. Ром 8:8-д “Махбодынхоор байгсад [хоол унданд сэтгэл нь ханаж, өөрсдийн махан биеийн хүслээр хөтлөгдөх] Бурханд таашаагдаж чадахгүй” гэж хэлсэн байдаг. Энэ нь Бурхан бидэнд хайргүй гэсэн үг биш юм. Энэ нь махан биеийн зан авирт Түүний сэтгэл нь хандаггүй бөгөөд Тэр түүнийг хүлээн авдаггүй гэсэн утгатай юм. 

Бурхан бидний төлөө болон бидний хэрэгцээний төлөө санаа тавьдаг. Бидний өөрсдөдөө хүсэж байгаа зүйлээс илүү дээгүүрх зүйлүүдийг Тэр бидний төлөө хүсэж байдаг. Бид муу сүнсний төгсгөл үгүй худал хуурмагуудыг хүлээн авах уруу таталтын эсрэг эрч хүчтэй тэмцэх ёстой. Амьдралд минь байсан амар тайван бус байдлаас би бүрмөсөн залхах үедээ тэрхүү амар тайвныг олж авахын тулд би хийх ёстой байна, юуг ч хамаагүй хийх болно гэсэн шийдвэрийг гаргаж билээ. Би юу хийх хэрэгтэй вэ гэж Бурханаас асуусан юм. Түүний хариулт нь маш тодорхой байсан. “Жойс, чи илүү гүнзгий түвшинд амьдарч эхлэх хэрэгтэй”. Аажимдаа, миний амьдрах ёстой тэрхүү гүнзгий түвшин гэдэг нь Сүнсний түвшинд амьдрахыг хэлж байгаа гэдгийг Эзэн надад мэдрүүлсэн юм. 

Үүний тулд Есүс нас барснаар бидэнд өгөгдсөн тэрхүү элбэг дэлбэг, сэтгэл хангалуун амьдралд нь бид үнэхээр баярлэж талархахын тулд бид юу хүсэж, юу хэрэгтэй тухайгаа бодож санаагаа зовоохоо зогсоож, Ариун Сүнсний удирдамжийг даган амьдарч эхлэх хэрэгтэй. Тэр бол санаа зовнилын эсрэг номлол юм. Та нарын хэрэгцээ нь хоол хүнс, ажил төрөл, зөв зохистой хувцас уу, үгүй юу, таны хүүхдүүд, таны ирээдүй эсвэл таны ирээдүйн гэр бүлд шилдэг сургуулиуд хэрэгтэй байна уу, үгүй юу гэдэг нь огт хамаагүй юм. Бурхан мэдэж байгаа бөгөөд Бурхан санаа тавьдаг. Сатаны арга заль бол “Бурхан танд санаа тавьдаггүй. Хэрэв Бурхан танд тэгтлээ санаа тавьдаг байсан бол та ийм байдалд хүрэхгүй байх сан” гэж танд шивнэдэг. 

Бид өөрсөд дээрээ бидэнд юу байхгүй байна гэдэгтээ анхаарлаа хандуулах үед өөр бусад хүмүүст анхаарлаа хандуулж, туслах тал дээр бидэнд маш бага энерги үлдсэн байдаг. Бид ажил төрөлгүй болно, сар бүрийн төлөх ёстой төлбөрөө төлөх хангалттай мөнгө бидэнд байхгүй хэмээн айж, санаа зовох үедээ бид өргөл өргөхөө больдог. Харин бидний бүх хэрэгцээг Бурхан хангах болно гэдэгт бид итгэх үедээ байгаа зүйлээ чөлөөтэй хуваалцдаг. 

Та өөрийнхөө хэрэгцээнд санаа зовохоо больж, Бурханы Үгэнд анхаарлаа хандуулж эхлээрэй гэж би уриалмаар байна. Тэр ч бүү хэл та магадгүй өөрөө өөртөө чанга дуугаар “Бурхан надад хайртай, Түүний хайраас намайг юу ч салгаж чадахгүй. Тэр миний гэмшлийн дуу хоолойг минь сонссон бөгөөд Тэр намайг уучилж, угааж цэвэрлэсэн билээ. Бурханд миний ирээдүйд зориулсан эерэг төлөвлөгөө байдаг, учир нь Түүний Үг тэгж хэлсэн байдаг” гэж хэлэх хэрэгтэй (Ром 8:38-39; 1Иохан 1:9; Иеремиа 29:11 харах)

Санаа зоволт болон сэтгэлийн түгшүүр таны зөвт байдал, амар тайван болон баяр хөөрийг чинь хулгайлах гэж оролдон тан руу дөхөн ойртох мөч бүрт Бурханы Үг юу гэж хэлснийг олж мэдээд, та амаа нээж, тэрхүү Үгийг тунхаглах хэрэгтэй. Бурханы туйлын зорилго бол юу ч болж байсан хамаагүй, бид амар амгалан байдалд байсаар байхыг бидэнд ойлгуулах явдал юм. Хэн биднийг амар амгалан байлгасаар байх вэ? Тэрхүү асуултын хариулт бол бидний дотор ажиллаж буй Ариун Сүнсний хүч чадал юм. Муу сүнсний худал хуурмагийг эсэргүүцэж нигүүлслийн төлөө Түүн рүү гүйдэг байх зуршлыг бий болгоосой гэж Бурхан биднээс хүсэж байдаг. Аяндаа үнэн ялж, бидний амьдрал өөрчлөгдөх болно! 

Тэнгэрт байгаа миний Эцэг минь, надад санаа тавьж, миний хэрэгцээ бүрийг Та хангах болно хэмээн надад баталж байгаад чинь би талархаж байна. Маш олон удаа, санаа зовнил над руу гэтэж, миний баяр хөөр, амар тайвныг хулгайлах явдлыг би зөвшөөрч байсан. Яагаад гэвэл аар саар зүйлийн төлөө санаа зовох нь заримдаа миний төлөө амьдралд маань хийж байсан Таны илүү эрхэм зүйлүүдэд би анхаарлаа хандуулах чадваргүй болгож байсан. Есүс Христийн нэрээр намайг гинжилж буй тэдгээр зүйлүүдээс намайг чөлөөлөөч, тэгснээр би Таныг магтаж, Танд үйлчлэх бүрэн эрх чөлөөтэй болж чадна. Амээн. 

Ѳдѳр 11Ѳдѳр 13

Энэ төлөвлөгөөний тухай

Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамж

Энэхүү өдөр бүрийн талх нь уур уцаар, төөрөгдөл, буруутгал, айдас, эргэлзээ... гэх мэт нэрлээд дуусахааргүй зүйлүүдийг ялан дийлж гарах найдварыг төрүүлэхэд танд туслах болно. Эдгээр ухагдахуунууд нь таныг төөрөгдүүлж, худал хэлдэг дайсны чинь заль мэхийг олж мэдэхэд, сүйрэлд хүргэдэг бодлуудын хэв маягуудтай нүүр тулахад, бодлуудаа өөрчлөх явцад ялалтыг олж авахад, хүч чадлаа нэмэгдүүлж, урам зориг авахад болон хамгийн чухал нь бодол санааны тулалдаан бүртээ таныг ялалтанд хүрэхэд танд туслах..

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд Жойс Мейер сайдуудад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://tv.joycemeyer.org/mongolian/

Холбоотой төлөвлөгөө унших