Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамжЗагвар

Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамж

14-с 6 дахь өдөр

Эхэндээ Зовлон Эдлэх нь

Христ дотор та нарыг Өөрийн [өөрийнхөө] мөнх алдарт дуудсан, бүх нигүүлслийн Бурхан Өөрөө [Бүх ивээл, нигүүлслээ өгөгч Нэгэн], түр зуур зовсны чинь дараа та нарыг төгс болгож, бататгаж, бэхжүүлэн байгуулах болно. - 1 Петр 5:10

“Яагаад бид зовох ёстой гэж?” “Хэрэв Бурхан бидэнд үнэхээр хайртай юм бол яагаад бүх муу зүйлүүд бидэнд тохиолддог вэ?” Би иймэрхүү асуултуудыг байнга сонсдог. Мянга мянган жилийн турш надаас ухаантай хүмүүс хүртэл эдгээр асуултуудтай тулгарсан боловч тэд одоо хүртэл хариултуудыг олж авч чадаагүй л байна. Тэдгээр асуултуудад хариулах гэж би оролдохгүй. Гэхдээ би өөрийн нэгэн санаа бодлоо хэлье: “Хэрэв итгэгч болсны дараа Бурхан бидэнд зөвхөн л ивээлээ өгдөг, Тэрээр итгэгч нараас бүх зовлон бэрхшээл, асуудал, хэцүү нөхцөлүүдийг нь авч хаядаг байсан бол энэ байдал нь хүмүүсийг итгэл рүү хөтлөх хахууль болж хувирахгүй гэж үү?” 

Бурханы арга зам ийм байдаггүй ээ. Эзэн биднийг хэрэгцээтэй гэдгээ ухаарч, Өөрлүү нь хайрынх нь улмаас ирээсэй гэж хүсдэг бөгөөд тэрхүү хэрэгцээг маань зөвхөн Тэр л дүүргэж чадна.

Бодит үнэн бол бид төрсөн цагаасаа эхлээд Есүстэй хамт байх гэр лүүгээ явах хүртлээ хааяа бид зовлон бэрхшээлийг туулах болно. Зарим хүмүүс бусдыг бодвол илүү хэцүү үүрэг хариуцлагыг хүлээдэг боловч зовлон бэрхшээл нь том жижиг гэлтгүй хэцүү зүйл билээ. 

Бид зовлон бэрхшээлийн дундуур туулан явах зуураа тусламж авахын тулд Бурхан руу хандаж, тэгээд ялалтанд хүрснийг маань бусад хүмүүс харах үед энэ нь тэдний хувьд гэрчлэл болж өгдөг гэж би боддог. Тэрхүү гэрчлэл нь тэднийг үргэлж Христ рүү хөтөлдөггүй ч гэсэн амьдрал дахь Бурханы оршихуйг харуулж, тэдний хувьд юу дутагдаж байгааг мэдүүлж өгдөг.

Тийм ээ, бид зовлон бэрхшээлийг туулах болно. Саяхны нэг өдөр надад нэгэн шинэ бодол орж ирсэн юм: Зовлон бэрхшээлийн үр дагавар нь талархал өргөх байдаг. Бидний амьдрал эмх замбараагүй байдалд шилжин, юу хийх ёстойгоо мэдэхгүй байх үедээ бид бүгд тусламж авахын тулд Эзэн рүү эргэдэг бөгөөд Тэр залбиралыг минь сонсож, биднийг эрх чөлөөтэй болгодог. Бурхан бидэнтэй ярьж, биднийг тайвшруулдаг. Тэгээд түүний үр дүнд нь бид талархлыг өргөдөг билээ. 

Зовлон бэрхшээлийг туулах болон талархал өргөх хоёрын хоорондох цаг хугацаанд муу сүнс бидний бодол санаа руу үнэхээр довтолдог. Тэр магадгүй ийм маягаар “Хэрэв Бурхан чамд үнэхээр хайртай юм бол чи ийм зүйлийг туулан гарах ёсгүй байсан” гэж хэлж болно. Энэ нь Бурханд үйлчлэх нь ямар ч ашиггүй гэж бидэнд аятайхан сонсогдох байдлаар хэлж байгаа хэрэг юм. Жинхэнэ үнэн бол хэрэв бид итгэгч юм бол бидэнд бэрхшээл тохиолдох болно, мөн бид итгэгч биш байсан ч бидэнд бэрхшээл тохиолдох болно. Гэхдээ итгэгч нарын хувьд бол бид ялалтанд хүрэх болно. Есүс Христэд итгэдэг хүмүүсийн хувьд бид шуурганы яг гол дунд нь байсан хэдий ч амар тайван байж болдог. Хэцүү бэрхшээлтэй цаг мөчүүдэд ч гэсэн бид амьдралдаа баяр хөөртэй байж болно. Учир нь Бурхан биднийг чөлөөхийн тулд Өөрийн ажлаа хийж байгаа гэдэгт бид үнэхээр итгэдэг юм. 

Сатаны дараагийн довтолгоо нь “Тохиолдож буй асуудал бэрхшээл чинь сайн тал руу эргэхгүй. Чи Бурханд шал дэмий үйлчилж байна. Харж байна уу, чамд үнэхээр тусламж хэрэгтэй үед, Бурханд итгэх үед чинь иймэрхүү л зүйл тохиолдох болно. Тэр чамд огт санаа тавьдаггүй. Хэрэв Тэр үнэхээр санаа тавьдаг байсан юм бол яагаад чамайг зовлон эдлэхийг зөвшөөрөв өө?” 

Яг ийм үед бид итгэл дотроо бат бэх зогсох хэрэгтэй. Бид Иовын түүхээс урам зориг авч болно. Биднээс үнэхээр цөөхөн хэд маань л яг түүн шиг зовлонг эдэлсэн билээ. Тэр үр хүүхдүүдээ, эд хөрөнгөө, эрүүл мэндээ алдсан. Түүний шүүмжлэгч нар нь түүнийг хоёр нүүртэй, хууран мэхлэгч хэмээн буруутгасан. Яагаад гэвэл Сатан хэрхэн ажилладгийг бид мэддэг бөгөөд түүний найз нөхөд гэж нэрлэгддэг байсан хүмүүс нь Сатаны зэр зэвсэг болсныг бид ойлгож ухаардаг. Тэд Иовын урамыг хугалахын тулд муу сүнсэнд ашиглагдаж байгаагаа ухаараагүй байсан гэдэгт би итгэдэг. Гэхдээ тэд зүгээр л ойлгож ухаараагүй байснаас болж, Сатан тэднийг ашиглахгүй гэсэн үг биш билээ. 

Харин бурханлаг хүн болох Иов нь тэднийг сонсохоос татгалзсан юм. Тэрээр “[... Тэр намайг алах гэж байсан ч, би Түүнийг хүлээж, Түүнд итгэх болно...]” хэмээн хэлж байсан юм (Иов 13:15). Сатан түүний бодол санаа руу довтолж, Бурханы талаар эргэлзүүлэхийг тэр Сатанд зөвшөөрөөгүй юм. Бурхан юу хийж байгааг тэр ойлгохгүй байсан. Иов ойлгож байсныг нь харуулах ямар ч үндэс улбаа байдаггүй. Гэвч тэр нэг л зүйлийг мэддэг байв. Бурхан түүнтэй хамт байсан бөгөөд тэр хэзээ ч Бурханы хайр болон оршихуйд нь эргэлзээгүй юм. 

Яг л үүн шиг хандлагыг бид хүсэх хэрэгтэй. Бурханы хайрын амар амгалан баталгаа нь “Хэдийгээр Тэр намайг алах гэж байсан ч, би Түүнийг хүлээж, Түүнд итгэх болно” гэж хэлдэг. Бид ойлгон ухаарах албагүй эсвэл бидэнд тайлбар хэрэггүй. Үнэнийг хэлэхэд “Дуулгавартай байдал бол заавал шаардагдах зүйл юм, үүнийг заавал ойлгож ухаарах албагүй” хэмээн хэлж байсныг би сонсож байсан. 

Эцсийн эцэст хэрэв бид зовлон бэрхшээлийг туулж байгаа бол энэ нь Бурханы зарим нэгэн агуу, ариун хүмүүсийн замаар бид ч гэсэн алхаж байгааг бидэнд сануулж байгаа хүчирхэг сануулга байж болох юм. Тэр ч бүү хэл Петрийн цаг үед, тэд зовлон бэрхшээлийг туулсан билээ. Тэдний хувьд Ромын эзэнт гүрний хавчлага байсан юм. Бидний хувьд бол энэ нь магадгүй бидний ойлгохгүй байгаа хүмүүс эсвэл эсрэг хандаж буй гэр бүлийн маань гишүүдээс ирж болно. Юу ч тохиолдож байсан хамаагүй, зовлон бэрхшээл нь талархал өргөлтөөр дуусах бүрэн боломжтой. 

Эзэн Бурхан минь, үргэлж амархан амьдралыг хүсэж байдгийг минь уучлаач. Би зовлон бэрхшээл амсахыг хүсдэггүй бөгөөд аливаа зүйлс буруугаар эргэхэд дургүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэвч юманд зөв хандлагаар хандахад минь, аливаа бэрхшээлээс сайн үр дагаварыг авчрахын тулд Танд итгэхэд минь надад туслаач хэмээн Танаас гуйж байна. Есүс Христийн нэр дээр би залбирч байна. Амээн.

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамж

Энэхүү өдөр бүрийн талх нь уур уцаар, төөрөгдөл, буруутгал, айдас, эргэлзээ... гэх мэт нэрлээд дуусахааргүй зүйлүүдийг ялан дийлж гарах найдварыг төрүүлэхэд танд туслах болно. Эдгээр ухагдахуунууд нь таныг төөрөгдүүлж, худал хэлдэг дайсны чинь заль мэхийг олж мэдэхэд, сүйрэлд хүргэдэг бодлуудын хэв маягуудтай нүүр тулахад, бодлуудаа өөрчлөх явцад ялалтыг олж авахад, хүч чадлаа нэмэгдүүлж, урам зориг авахад болон хамгийн чухал нь бодол санааны тулалдаан бүртээ таныг ялалтанд хүрэхэд танд туслах..

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд Жойс Мейер сайдуудад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://tv.joycemeyer.org/mongolian/

Холбоотой төлөвлөгөө унших