Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамжЗагвар
Төгс Төлөвлөгөө
Та нарт сайн үйлийг эхлүүлсэн Тэрээр үүнийгээ Христ Есүсийн өдрийг хүртэл [Түүнийг буцаж ирэх өдрийг хүртэл] төгс болгоно [тэрхүү сайн үйлийг] гэдэгт би бат итгэж байна. - Филиппой 1:6
Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн [шинээр төрсөн] Түүний [өөрийнх нь] бүтээл (Түүний гарын бүтээл) мөн. Биднийг [Тэр аль хэдийнээ бэлтгэсэн замуудаар явуулах] эдгээрийн дотор яваасай [Түүний урьдчилан бэлдсэн сайн амьдралаар болон бидний төлөө бэлэн болгосон амьдралаар амьдруулахын тулд] гэж Бурхан урьдаас бэлтгэсэн (урьдчилан төлөвлөсөн) билээ. - Ефес 2:10
“Бурханд таны амьдралд зориулсан төлөвлөгөө бий” гэж номлогч нар хэлэхийг бид хичнээн удаа сонссон бол гэж би гайхширдаг. Бид түүнд нь толгой дохиж, магадгүй инээмсэглэчихээд өөрсдийнхөө замаараа алхдаг. Бидний ихэнх маань үүнд итгэдэг гэдэгт би үнэндээ эргэлздэг. Учир нь бид түүнд итгэдэг гэдгийг бидний амьдрал харуулдаггүй.
Бурхан бидэнд зориулсан төгс төлөвлөгөө бий гэдэг нь ямар утга учиртай вэ? Магадгүй тэрхүү төгс гэдэг үг нь бидний тархийг эргүүлдэг байх. Бид унаж, бүдэрч, маш их алдаа гаргадаг. Яаж бидний амьдралд ямарваа нэгэн зүйл төгс байж чадах билээ дээ? Бид өөрсдийгөө дэндүү сайн мэддэг. Бид тэр даруйдаа өөрсдийнхөө алдаа дутагдлуудын талаар бодонгоо, толгойгоо сэгсэрдэг.
Тэр бол Сатаны заль мэх юм. Бид төгс учраас төлөвлөгөө төгс гэсэн үг биш, Бурхан төгс учраас л тэрхүү төлөвлөгөө төгс юм. Тэгвэл одоо үүнийг ийнхүү өөрчлөн хэлье: Бурханд хүн бүрийн амьдралд зориулсан онцгой төлөвлөгөө бий.
Тэрхүү төлөвлөгөөний талаар бүгдээрээ тунгаан бодъё. Өмнөх эшлэлд Бурхан биднийг аварч, бидний дотор сайн үйлийг эхлүүлсэн гэж Паул хэлсэн байдаг. Сүнс үргэлж бидэнтэй хамт байдаг бөгөөд биднийг урагш тэмүүлэхийг ятгадаг. Бид бол Бурханы бүтээл (эсвэл гарын бүтээл) хэмээн бас бичсэн байдаг. Хоёр эшлэлийн өмнө бид Бурханы нигүүлслээр аврагдсан гэж хэлсэн. Авралын үйлс нь биднээс огт шалтгаалдаггүй, бид үүний төлөө юу ч хийгээгүй бөгөөд бид үүнийг хүртэх ёсгүй хүмүүс юм. Бид Бурханы хаанчлал руу орохоор төрсөн нь бэлэг юм. Бурхан үүнийг хийсэн ба бид түүнийг нь хүлээн авдаг. Тийм ээ, бид итгэдэг, гэхдээ тэр нь бид авралыг хүлээн авахад огтхон ч нөлөөлөөгүй билээ.
Бурхан бидний дотор ажлаа хийж байгаа талаар бодох үед, энэ нь бидний төгс бус байдлыг болон Бурханы төгс байдлыг бидэнд сануулдаг. Бидний хийсэн ямар ч зүйл Бурханы төгс байдалд хүрэхэд огтхон ч хангалттай биш юм. Зөвхөн Есүс, Төгс Нэгэн л хангалттай юм. Зөвхөн бидний Түүнд итгэх итгэл маань л биднийг Бурханы өмнө хүлээн зөвшөөрүүлдэг билээ.
Бид Есүс Христээр дамжуулан аврагдсан тул бид сайн үйлсийг хийж чадна гэж элч үргэлжлүүлэн хэлсэн байдаг. Бурханы хүсэж буй амьдралаар амьдруулах тийм амьдралыг Тэр бидэнд зориулж бэлдсэн байдаг. Тэрхүү амьдрал нь хэрхэн явагдах ёстойг Түүний Үг нь бидэнд тодорхой харуулсан байдаг.
Энэ нь бид төгс эсвэл бид энэ дэлхийд амьдрах зуураа төгс байх болно гэсэн үг биш. Чухал зүйл нь Бурхан төгс бөгөөд бидэнд зориулсан төлөвлөгөө Түүнд байдаг. Бидний амьдралд зориулсан төлөвлөгөө нь төгс, учир нь тэр нь Төгс Төлөвлөгөө Гаргагчаас ирсэн байдаг. Бидэнд зориулсан Бурханы төлөвлөгөө нь бидний дуулгавартай байдал, Түүнд үйлчлэх бидний чин сэтгэлийн үйлчлэлийг багтаасан байдаг.
Бурхан бүрэн дүүрэн, сэтгэл хангалуун амьдрал руу биднийг чиглүүлдэг. Бидний үүрэг бол өөрсдийгөө тэрхүү төлөвлөгөөтэй нэгтгэх явдал юм. Бид хараагаа өөрсөд дээрээ болон өөрсдийн дутуу дулимаг байдлууд дээр бус, Есүс болон Түүний чадвар чансаа дээр байлгасаар байх хэрэгтэй.
“Гэхдээ хүлээ! Би төгс нэгэн биш! Би унаж бүдэрдэг” гэж хэлэх тэр л мөчид бид өөрсдийн анхаарлаа Бурханаас холдуулж, буруу бодлуудаар бидний сэтгэлийг хямраахыг Сатанд зөвшөөрсөн байдаг. Бидний хайрын Эзэн биднээс бодол санаагаа болон зүрх сэтгэлээ бүрэн Түүн рүү эргүүлэхийг гуйдаг. Бид илүү ихээр тийнхүү үйлдэх тусам бүрэн дүүрэн байдлаар Түүний сайн, төгс төлөвлөгөөгөөр амьдардаг.
Бид Иошуа шиг байх хэрэгтэй бөгөөд Бурхан түүнд хандаж “Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй байж, өдөр шөнөгүй үүнийг бясалган, үүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүл. Тэгвэл чиний зам өөдөлж, чи амжилтад хүрэх болно” гэж хэлсэн байдаг. (Иошуа 1:8).
Төгс Бурхан минь, бодол санаанд маань явагддаг тулалдаанд надад туслаач. Сатан цаг үргэлж миний төгс бус, сул дорой байдлыг маань надад сануулдаг боловч Та Өөрийнхөө төгс байдал, хайр, ойр дотно байдлаа надад сануулаач, тэгснээр би үргэлж ялалттай замаар алхах болно. Би энэ бүхнийг Есүс Христийн нэр дээр залбирч байна. Амээн.
Энэ төлөвлөгөөний тухай
Энэхүү өдөр бүрийн талх нь уур уцаар, төөрөгдөл, буруутгал, айдас, эргэлзээ... гэх мэт нэрлээд дуусахааргүй зүйлүүдийг ялан дийлж гарах найдварыг төрүүлэхэд танд туслах болно. Эдгээр ухагдахуунууд нь таныг төөрөгдүүлж, худал хэлдэг дайсны чинь заль мэхийг олж мэдэхэд, сүйрэлд хүргэдэг бодлуудын хэв маягуудтай нүүр тулахад, бодлуудаа өөрчлөх явцад ялалтыг олж авахад, хүч чадлаа нэмэгдүүлж, урам зориг авахад болон хамгийн чухал нь бодол санааны тулалдаан бүртээ таныг ялалтанд хүрэхэд танд туслах..
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд Жойс Мейер сайдуудад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://tv.joycemeyer.org/mongolian/